Иргэн, “Экс” хоёрын ялгаа

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Иргэн, “Экс” хоёрын ялгаа

Энэ хаврын хамгийн дуулиантай үйл явдал бол яах аргагүй манай “экс”-ийн зарласан өлсгөлөн. Аргагүй л Монгол улсын “хаан” байсан гэсэндээ хуурай өлсгөлөнгийн дэлхийн рекордыг тогтоох дөхсөн ч гэх юм билээ. Тиймээс хуурай өлсгөлөнгийн талаар хэвлэл мэдээллээр өдөр шөнөгүй шуугиж, цаг минут тутамд биеийн байдлыг нь мэдээлж байсан. Экс Ерөнхийлөгчийн шуугиантай өлсгөлөн намжаад удаагүй байтал иргэн Ж.Мэндбаяр хуурай өлсөөд долоо хонож байна. Түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэрээр 10 жилийн ял оноож, эхний таван жил чанга дэглэмтэй хорих анги сүүлийн таван жил энгийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийн дагуу Багануур дүүргийн хорих 427- р ангид зургаан жилийн ял эдэлж байгаа. Түүний биеийн байдал сайн байгаа, өмнө нь зодуулаад тархиндаа хүнд гэмтэл авсан тул эрүүл мэндийн байдлыг эмч нар хянаж байгаа гэнэ. Экс Ерөнхийлөгчийн хувьд эрүүл мэндийн байдал нь үргэлж “хэвийн бус” байснаараа иргэн Ж.Мэндбаяраас ялгаатай.  

Экс Ерөнхийлөгч өлсгөлөн зарлаж эхэлсэн цаг минутаас эхлэн хэвлэлийн баатар, ард түмний хайртай хүн болсон. Тэгвэл иргэн Ж.Мэндбаяр юугаараа ялгаатай гэж. Дарга биш учраас тэр үү. Ж.Мэндбаяр тавдугаар сарын 24-өөс эхлэн нойтон өлсгөлөн зарлаж эхэлсэн боловч 427-р ангийн удирдлагууд түүний хүсэлтийг хүлээн аваагүй учраас тавдугаар сарын 31-ээс эхлэн хуурай өлссөн. Экс Ерөнхийлөгч 11 хоног хуурай өлссөн бол иргэн Ж.Мэндбаяр өнөөдөртөө долоо хонож байна. Гэтэл түүний талаар дуугарч байгаа эмч, албан тушаалтан, хуульч, өмчгөөлөгчид гэж байна уу. Нөгөө ард түмнийхээ төлөө ажилладаг албатууд хаа байна.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Дарга, цэрэг, жирийн иргэн ч гэсэн тэгш эрхтэй. Өлсгөлөн зарлах эрх нь хүн бүрт бий ч хуулийн дагуу нөхцөл бололцоог нь бүрдүүлэх нь тухайн хорих ангийн үүрэг. Тиймээс Ж.Мэндбаяр тусгай өрөөнд, эмчийн хяналтанд өлсгөлөнгөө зарлаж байгаа аж. 

Экс Ерөнхийлөгч шоронгоос суллахыг хүссэн бол иргэн Ж.Мэндбаяр дэглэмээ  бууруулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсч буй. Борооны дараах мөөг шиг шилээ даран дампуурсан хадгаламж зээлийн хоршооны “загалмайлсан эцэг” гэгддэг Ж.Мэндбаяр тухайн үедээ хамгийн олон жилийн ял авсан нь. Шүүхийн шийдвэрийн дагуу сүүлийн таван жил энгийн дэглэмтэй хорих ял эдлэх ёстой ч Багануур дүүргийн хорих ангийн удирдлагууд дэглэм бууруулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Учир нь Ж.Мэндбаярыг төлөх ёстой өрийн 34 хувийг төлсөн гэсэн шалтгаанаар дэглэмийг нь бууруулахгүй байгаа аж. Иргэдийг хохироож, гэм буруутай нь тогтоогдож, ял эдэлж байгаа Ж.Мэндбаяр шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлэхгүй байгаа хорих ангийн удирдлагуудад удаа дараа хүсэлт гаргасаар жил гаруй хугацаа өнгөрсөн юм байна.

Н.Энхбаяраас болж монголчууд талцаж байгаад хэрэлдэж, зодолдож, өлсч, уйлж, нэгнээ доромжилж, гутааж их л юм болцгоосон. Өлсгөлөнгөөс өмнөх өдрүүдэд түүнийг  хариуцлага хүлээх ёстой гэдэг дээр бат  зогсч байсан хүн ч хүртэл өлссөн хүний зургийг хараад нугардаг юм байна лээ. Харин Ж.Мэндбаярыг яах бол. Ижилхэн замаар явж байгаа боловч өөр өөр шаардлага тавьж байгаа хүмүүс. Н.Энхбаяр 11 хоног өлсөхдөө “Монгол Улсыг хуулийг биелүүлэхгүй” гэсэн бол Ж.Мэндбаяр хууль хэрэгжүүлдэг байгууллагууд хуулиа хэрэгжүүлээч ээ л гэж байгаа юм. Иргэн, “Экс” хоёрын ялгаа энэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж