Медаль авах үүрэгтнүүд

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

"Лондон-2012" олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг Жүдо бөхийн холбооноос өчигдөр албан ёсоор зарлалаа. Монголын жүдочдын тухайд 13 тамирчин олимпийн эрхийн болзол хангасан. Гэхдээ нэг улс нэг жинд ганц л тамирчнаа илгээх эрхтэй тул эрэгтэй дөрөв, эмэгтэй таван жингийн ангилалд нийт есөн тамирчин оролцох нь тодорхой байсан билээ. Ингэхдээ эрэгтэйчүүдийн 60, 66 ба -100 кг-ын жинд давхардсан эрхтэй байсан тул дэлхийд шигшигдэж, чансаагаараа олимпийн эрхийн байрлалд цойлж гарч ирсэн тэдгээр тамирчдаас чухам хэнийг нь сонгож, олимпийн татамид гаргах эсэхийг шийдэх хүнд бөгөөд хариуцлагатай даалгавар Монголын жүдо бөхийн холбоонд ногдоод байсан юм. Тодруулбал, 60 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нар олимпийн эрхийн байрлалд,  66 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар, харин -100 кг-ын жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн нар олимпийн эрхийн болзол хангаад байсан юм. Бусад жингүүдийн тухайд эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг, 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа, 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа, -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд нар өрсөлдөгчгүйгээр эрхээ аваад байсан билээ. Үүн дээр Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох дүрмийн дагуу тивүүдийн эрх гэгчээр Монгол Улсын тамирчин Д.Сумъяа чансаагаар олимпийн эрх бүхий байрлалд багтаагүй ч Лондонгийн олимпийг зорих нэмэлт эрхийн эзэн болсон билээ.

Эрх давхардсан дээрх гурван жингийн ангиллын тухайд 60 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, 66 кг-ын жинд дэлхийн аварга Х.Цагаанбаатар, -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр нар эх орноо төлөөлөн олимпийн татамид гарах эрхтэй болжээ. Эдгээр тамирчдыг сонгохдоо 2009-2012 оны хооронд олон улсын чанартай тэмцээн, уралдаанд үзүүлсэн амжилт, туршлага, тус тусын жингийн ангилалдаа олимпийн эрх авсан бусад орны тамирчидтай хэрхэн барилдсан гээд олон талын үзүүлэлт, шалгуураар сонгосон гэдгийг Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд онцолж байлаа.

Дөрвөн жилийн өмнө өмнөд хөршийн нийслэл хотноо болсон олимпийн наадамд жүдочид 11 эрх авснаас 10 нь Бээжингийн татамид гарсан. Харин энэ удаад олимпийн эрх олгох дүрэм журам шинэчлэгдэж, огт өөр хэлбэрт орсон. Өмнө нь тивийн аварга, дэлхийн аварга, мөн сонгон шалгаруулах тэмцээн гээд гурван тэмцээнээс медаль зүүсэн тохиолдолд эрхээ авдаг байсан жүдочдын хувьд олимпийн циклийн хугацаанд уралдаан, тэмцээн алгасалгүй оролцож, тогтмол өндөр амжилт үзүүлж гэмээнэ олимпийн татамид өрсөлдөх эрх олгох болсон юм. Өрсөлдөөнийг хурцалж, шалгуурыг өндөрсгөсөн хэдий ч Монголын жүдочид амжилттай давж, дэлхийн 200 гаруй оронд ижил төвшинд хөгжсөн жүдо бөхийн спортоор есөн эрх авсан нь бахархууштай гэдгийг онцлох нь зүйтэй байх. Жүдо бөх өндөр хөгжсөн Япон, БНСУ, Бразили, Франц гээд дөрвөн орны баг бүтэн бүрэлдэхүүнээр буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд тамирчдаа сойх эрхтэй болсон бол Монголын баг бүрэлдэхүүний хэмжээгээр долдугаар байрт жагссан нь чамгүй бэрх даваа.

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцох Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнгөрсөн сард сүүлээр Японд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод ирсэн бөгөөд олимп хүртэлх сар гаруй хугацаанд эх орондоо байж, бэлтгэлээ базаах гэнэ. Тэд зургадугаар сарын 10-наас Нүхтэд байрлаж, нэгдсэн бэлтгэл хийх аж.

Лондонгийн олимпийн хөтөлбөрийн дагуу жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 3-ны хооронд долоо хоног үргэлжилнэ. Монголын тамирчдын тухайд барилдах хуваарийн дагуу хоёр хэсэг хуваагдан олимпийн нийслэлийг зорих ажээ. Эхний ээлж долдугаар сарын 23-нд, удаахь ээлжийн тамирчид 25-нд хилийн дээс алхах юм байна.

Монголчуудын 44 жил хүлээсэн аваргын алтан медалийг анхлан хүртсэн жүдо бөхийн хамт олон энэ удаад өмнөх амжилтаа давтах, басхүү ахиулах “даалгавар”-ыг ард түмнээсээ авсан. Олимп, дэлхийн аваргаар ахлуулсан Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хамт олон ч тэрхүү үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө хичээнэ гэдгээ илэрхийлсэн юм.

"Лондон-2012" олимпод оролцох Монголын жүдочид:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг /Женко/
66 кг: Х.Цагаанбаатар /Сүлд/
73 кг: С.Ням-Очир /Хангарьд/
-100 кг: Н.Түвшинбаяр /Женко/

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг /Женко/
52 кг: М.Бундмаа /Хүч/
57 кг: Д.Сумъяа /Хилчин/
63 кг: Ц.Мөнхзаяа /Хүч/
-78 кг: П.Лхамдэгд /Женко/

Д.ТӨМӨРХҮЛЭГ /1990-09-29/

2012 он: 5 ялж, 3 ялагдсан 62,5%
2011 он: 17-7 70,8%
2010 он: 17-7 70,8%
2009 он: 10-3 76,9%

Х.ЦАГААНБААТАР /1984-03-19/

2012 он: 15 ялж, 6 ялагдсан 71,4%
2011 он: 39-14 73,6%
2010 он: 32-12 72,78%
2009 он: 22-7 75,9%

С.НЯМ-ОЧИР /1986-07-20/

2012 он: 9 ялж, 4 ялагдсан 69,2%
2011 он: 27-12 69,2%
2010 он: 26-8 76,5%
2009 он: 8-5 61,5%

Н.ТҮВШИНБАЯР /1984-06-01/

2012 он: 6 ялж, 2 ялагдсан 75,0%
2011 он: 26-10 72,2%
2010 он: 13-14 48,1%
2009 он: 0-1 0,0%


М.УРАНЦЭЦЭГ /1990-03-14/

2012 он: 11 ялж, 5 ялагдсан 68,8%
2011 он: 14-13 51,9%
2010 он: 15-11 57,7%
2009 он: 9-7 56,3%

М.БУНДМАА /1985-09-04/

2012 он: 10 ялж, 4 ялагдсан 71,4%
2011 он: 30-7 81,1%
2010 он: 13-6 68,4%
2009 он: 14-6 70,0%


Д.СУМЪЯА /1989-03-03/

2012 он: 18 ялж, 7 ялагдсан 72,0%
2011 он: 14-13 51,9%
2010 он: 6-6 50,0%
2009 он: ——

Ц.МӨНХЗАЯА /1986-06-13/

2012 он: 7 ялж, 4 ялагдсан 63,6%
2011 он: 27-14 65,9%
2010 он: 9-5 64,3%
2009 он: 8-3 72,7%

П.ЛХАМДЭГД /1986-09-08/

2012 он: 5 ялж, 2 ялагдсан 71,4%
2011 он: 25-9 73,5%
2010 он: 9-12 42,9%
2009 он: 10-7 58,8%

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж