УИХ, НИТХ-ын хурлын сонгууль болох гэж байгаатай хобогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим үнэмлэхээр санал өгөх иргэдийн талаархи мэдээллийг хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 338, 329 дүгээр тогтоолыг үндэслэн УБЕГ-аас 2011 оны арванхоёдугаар сарын 26-ны өдрөөр Монгол Улсын Иргэний үнэмлэх /1999 оны/ -ийн хэвлэлт, олголтын ажлыг тасалбар болгон улсын хэмжээнд албан ёсоор зогсоосонтой холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний орон нутаг дахь салбар, нэгжээс иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааг олгож эхэлсэн билээ.
Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон хүчингүй болгосон зэрэг шалтгаанаар иргэний үнэмлэхийн лавлагаа авсан сонгуулийн насны иргэдийг сонгуульд оролцуулах эрхийг нь хангахын тулд УИХ-ын өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдрийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол батлагдсаны дагуу УБЕГ ажиллаж байгаа гэв. Лавлагааны хуудсаар санал өгөхийг эсэргүүцэж, сонгууль будлиантах шалтгаан болно гэдгийг УИХ-дахь намын бүлгүүд үзэж байсан. Тиймээс лавлагааны хуудастай иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.
Дээрх тогтоолоор УИХ болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны ээлжит санал хураалтад Засгийн газрын 1999 оны 167 дугаар тогтоолоор баталсан загвар, тодорхойлолт бүхий иргэний үнэмлэхийг ашиглахаар мөн тогтоолын 3-т заасан тохиолдолд олгосон иргэний цахим үнэмлэхийг ашиглахаар тогтсон бол иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон шинээр үнэмлэх авах 60 гаруй мянган иргэн байна гэсэн тооцоог гаргасан. Мөн тогтоолын II хэсэгт УИХ болон НИТХ-ын ээлжит сонгуульд иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэл болон иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглан сонгогчийг таньж, шалгах ажиллагааг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчингүй болгосон, шинээр авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын сонгуулийн насны иргэнд иргэний шинэчилсэн цахим үнэмлэхийг хэвлэж, тараах ажлыг зохион байгуулахыг тогтоолын III хэсэгт даалгасан байна.
УИХ-ын 2012 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УБЕГ-аас иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн, хүчингүй болгосны улмаас иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааг 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны тавдугаар сарын 1-ний өдрийн хооронд авсан сонгуулийн насны 38 мянга 183 /Улаанбаатар хотын хэмжээнд 25677, орон нутагт 12506 / иргэний иргэний цахим үнэмлэхийг хэвлэн аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд засаг захиргааны харьяаллынх нь дагуу хүлээлгэж өгөхөөр болсон. Энэ хугацаанд иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэд харьяа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан иргэний цахим үнэмлэхээ авах боломжтой гэж байсан. Харин тавдугаар сарын 1-ний өдрөөс энэ сарын 1-ний өдрийн хооронд иргэний үнэмлэхийн лавлагаа авсан сонгуулийн насны 56 мянга 387 иргэний иргэний цахим үнэмлэхийг энэ сарын 10-ний өдрийн дотор хэвлэж дуусган, энэ сарын 15-ны өдрийн дотор харьяа аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдэд хүргүүлж, 25-ны өдрийг хүртэл иргэдэд олгож дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэж УБЕГ-ын дарга Л.Амарсанаа хэллээ.
Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон хүчингүй болгосны улмаас иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэдийн иргэний цахим үнэмлэхийг хэвлэж улмаар түүнийг орон нутагт хүргүүлж, иргэнд олгож, түгээх хугацааг тооцон үзсэний үндсэн дээр сонгуулийн насны иргэдэд олгох иргэний үнэмлэхийн лавлагааг энэ сарын 1-ний өдрөөр тасалбар болгосон байна. Харин их дээд сургуулийн элсэлтийн шалгалт эхэлж байгаатай холбогдуулан 16, 17 насны иргэдэд иргэний үнэмлэхийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын хэлтэс, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Бүртгэлийн хэлтэсээс олгож байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
Орон нутгийн сонгуулийг цахим үнэмлэхээр өгөхийн тулд хуучин үнэмлэхтэй иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэх ажлыг 2012 оны ирэх долдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэвлэж, иргэдэд олгож түгээх ажлыг зохион байгуулна. Өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаас гарсан Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тавдугаар сарын 9-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 160 дугаар тогтоолоор энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэн иргэний цахим үнэмлэх эхний удаа авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлснөөс нэг удаа чөлөөлөх тухай, шийдвэр гарсан. Иймээс иргэний цахим үнэмлэхийг иргэдэд энэ оныг дуустал нэг удаа үнэ төлбөргүй олгох юм.
Иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн болон шинээр авах 60 гаруй мянган иргэн байгаа ч үүнээс 38 мянга орчим нь сонгууль өгөх насны иргэд байгаа аж. Тиймээс энэ сарын 15-ны доотор эдгээр иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж, тараахаар ажиллаж байгаа гэлээ.