-Эрхэм шүүгч ээ, манай өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй тул шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсч байна гэдэг ганц л үг хэлнэ. Нэгэнт танилцаж чадаагүй гэсэн юм чинь шүүх хурал хойшилно. Шүүгч хэдий дургүй байсан ч хуульд тэгэх ёстой гээд тусгачихсан байгаа, яаж ч чадахгүй. Ийм байдлаар хэд ч давтагдаж болно. Болохгүй бол шүүгдэгчийн бие гэнэт муудна. Хэрэгтэйгээ яг танилцаад, ян тан боллоо гэхэд үйлчлүүлэгч нь татгалзчихаж байгаа юм, өмгөөлөгчөөсөө. Дараагийн өмгөөлөгчийг өмнөхийн тавилан хүлээж байгаа. Хэд хэдэн удаа шүүх хурлыг хойшлуулаад, танилцсан цагт нь үйлчлүүлэгч дахиад татгалзана. Дахиад өмгөөлөгч авна. Энэ гинжин урвалаар гэмтнүүд ялаа хойшлуулж янзын чадаж байна. Жишээлэхэд, долдугаар сарын 1-ний үймээний үеэр хүн амь нас хохирсон хэрэгт холбогдоод буй цагдаагийн экс дарга нар. Хэдэн ч өмгөөлөгч солив доо. Таалагдахгүй байна гээд л…
Одоо бүр гоё болсон. Өмгөөлөгчдийн холбооноос тэдэнд бүр каталоги гаргаад өгчихсөн. Түүнийг нь рестораны цэс үзэж буй аятай л эргүүлж суудаг биз. Нас, хүйс, нүүр, царай энэ тэрийг нь харсан шиг ээ. “Энийг авъя”, “Татгалзлаа”. “Энэ нь дээр юм уу…”, “Болилоо, татгалзая” гэж. “Бодоод байсан чинь энэ нь аятайхан юм уу” гэх нь холгүй л суугаа. Хэрэв жирийн иргэн ресторанд олон дахин ингэвэл толгойгоо хага цохиулаад гарна. Харамсалтай нь шүүх тэгж чадахгүй. Гэхдээ өчигдөр ямар ч байсан өмгөөлөгчөө өмд шигээ солиод байгаа нөхдүүдийг “өөрсдийгөө өмгөөл” гэх шийдлийг шүүгч Хосбаяр гаргаж чадлаа.
Урьдаас дарга нарыг хорино гэдгийг мэдсэн юм шиг “тансаг” зэрэглэлийн хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд өчигдөр эхэлсэн хошууч генерал Ч.Амарболд нарын цагдаагийн экс-дарга нарт холбогдох хэргийг шүүх хурал түр завсарласан. Шалтгаан нь дээр залхтал дурдсан жишээ.Энэ удаад О.Зоригтын өмгөөлөгч Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгч Ц.Оюунцэцэг хэрэгтэй бүрэн танилцаж чадаагүй гэсэн шалтгаантай ирсэнгүй. Өмнө нь хэрэгтээ танилцаж дуусаагүй гэдгээ өөрийн биеэр өмгөөлөгч нар хэлдэг байсан бол энэ удаад үйлчлүүлэгч нар нь хэлдэг болжээ.
Андуураагүй бол энэ хэрэг иймэрхүү шалтгаанаар зургаан ч удаа хойшилсон юм. Магадгүй долоо, найм… арван нэг… гээд үргэлжлүүлэх сонирхолтой байсан биз.
Шүүх хурлыг хойшлуулж хугацаа хожих “тактик” барьж буй бас нэгэн нөхөр бол дээрх хэрэгт мэдүүлэг өгсөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Мань хүний өөрт нь холбогдох шүүх хурал тавдугаар сарын 24-нд болох байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар хойшилсон. “Сонсохгүй байна, сонсохгүй байна…” гэж гүрийсээр байгаад бие нь муудчихсан гээгүй байгаа даа.
Ямартай ч энэ сарын 4 хүртэл хойшилсон юмдаг. Харин хойшлуулсан хугацаа нь болоход Н.Энхбаяр шүүх хуралд өөрийн биеэр ирсэн ч Ч.Амарболд нарыг үлгэрлэн “өмгөөлөгч тактик”-аа хэрэгжүүлсэн билээ. Түүний дараагийн өмгөөлөгчөөр сонгогдсон эмэгтэйн ярьсныг харвал “танилцаж амжсангүй” тактик үргэлжлэн хэрэгжих бололтой. Тэр өмгөөлөгч дараагийн шүүх хурлаас өмнө хавтаст хэрэгтэй танилцаж амжихгүй царайтай харагдана лээ. Тиймээс сонгууль өнгөртөл шүүх хурлаа сунжруулж магадгүй бөлгөө. Ер нь түүний дараагийн өмгөөлөгч хэн бэ гэдэг уралдаант таавар зарлах уу. Бичигч би бээр гадаадын алдартай өмгөөлөгч гэдэг хувилбарыг дэвшүүллээ. Эсвэл өнөө Английн алдарт Лорд нь ч юм уу. Хойшилдог шүүх хурлыг телевизээр үзсэн бол ажиглагчаар оролцож байгаа гээд гадаад нөхрийг танилцуулаад байсан даа. Тэр чинь. Хэрэв тэр өмгөөлнө гэвэл хавтаст хэргийг орчуулахаас эхлээд бөөн юм болно. Эх хэлтнүүд нь танилцаж чадаагүй хэргийг харийн өмгөөлөгч ямар хугацаанд танилцах нь тодорхой. Иймэрхүү л байдлаар асуудлыг жонхуу болгох болов уу.
Бас нэг сонирхмоор явдал бол “Насаараа цагдаагийн албанд зүтгээд эцэст нь ийм ялд уналаа” гэдэг үгийг хэн хэлсэн бэ. Ч.Амарболд уу. Тэгвэл энэ эрхэм өмгөөлөгчдийг баруун солгойгүй солиод байгаа тэр их мөнгөө хаанаас олсон бэ. Үүнийг харин үнэн бодитоор нь хэлчихвэл хувийн болоод редакцийнхаа зүгээс шагнана шүү.
Гол асуудалд эргээд ороход, долдугаар сарын 1-нд хүн буудах үүрэг өгсөн үү, үгүй юу. Дээрээс тийм даалгавар ирсэн үү, ирээгүй юу. Доошоо тийм үүргийг өгсөн бол хэн өгсөн бэ гэх зэргийг л тогтоох гээд буй шүүх хурлыг ийм увайгүйгээр хойшлуулж байгаа нөхдүүд гэм буруугүй юм бол юунаас нь ингэтлээ айгаа вэ. Ер нь тэд хууль сахиулж байсан уу, завхруулсан уу. Хувьдаа бол би хоёр дахь хувилбар гэж харддаг. Хардахаас аргагүй зүйлсийг өөрсдөө хийгээд байгаа юм чинь. Жирийн иргэдэд үнэрхээд олддоггүй өмгөөлөгчид яасан мундагтаа ээлж дараагаараа ийм нөхдүүдийг өмгөөлнө вэ. Тэд өчүүхэн мөнгөний төлөө бусдад муулуулж, цагаа барах хүмүүс мөн үү.
Юу ч хийгээгүй. Адаглаад үйлчлүүлэгчийнхээ хавтаст хэрэгтэй ч танилцаж амждаггүй нөхдүүд хүний амьдралыг шийдэх амин чухал асуудалд оролцох эрх байна уу, ер нь.
Ч.Амарболд, Н.Энхбаяр тэргүүнтнүүд тийм л их ариун цагаан үйлстэй юм бол яагаад шүүхийг хойшлуулахыг хүсээд байгаа юм, ер нь.
Таван хүний амь үрэгдсэн, галт суманд шархадсан зургаагийн зургаан амьд гэрч байсаар байтал “Цагдаагийн албан хаагчдад байлдааны сум тараагаагүй” гэж гөрдчихөөд рапортандаа 00,50 цагийн үед тараагаад 02 цагт буцааж татсан гээд тэмдэглэсэн юм биз дээ. Бүх замыг хааж, битүү хамгаалалттай байсан бүст өөрсдөө л хар машинтай давхиагүй юм бол өөр хэн байх вэ. Төрийн өмч хөрөнгө завшаагүй гээд байгаа Н.Энхбаяр тийм л юм бол баримтаар түүнийгээ харуулчих л даа. Өөр ямар асуудал байгаа юм.