“Хөндүүр” Чингэлтэй

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

“Хөндүүр” Чингэлтэй

Мэдээлэлд илүү ойр байдаг гэдэг утгаараа ч юм уу нийслэлийн тойргууд гэдэг зарим улстөрчдийн хувьд барж идэхээргүй хатуухан “боорцог” гэгддэг. Гэхдээ өнгөрсөн сонгуулиудыг харьцуулан харахад нийслэлчүүд хөдөөгийнхнийг бодвол арай цэнхэр тал руугаа сонгож, ардчилсан хүчнийхэн ахиу суудал авч ирсэн байдаг.

Өнгөрсөн 2008 оны сонгуулиар нийслэлийн 20 суудлын 14-ийг нь Ардчилсан нам “чирээд” ирсэн. Тэгсэн мөртлөө орон нутгийн сонгууль болохоор яг эсрэгээрээ. Ардчилсан хүчин ялалт байгуулах нь битгий хэл НИТХ-ын талын талыг ч бараадахааргүй суудал авч байсан гэчихэд нэг их хатуудахгүй байх. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамтад нь хийж байгаа болохоор ямар дүр зураг гарч ирэхийг таамаглахад хэцүү. Бас Чингэлтэй хэмээх тойргынхны сонголтыг ч бас тааварлахад хэцүү. Дөрвөн удаагийн сонгуульд дөрвүүлэнд нь өөр өөр “бүтэц”-тэй сонголт хийж байсан Чингэлтэйнхэн гашуун туршлагатай, хөндүүр зүрхтэй, одоо ч гэсэн алдаж сонгох вий гэсэн айдастай л байгаа.

“Ардчилсан холбоо” эвсэл ялалт байгуулсан 1996 оны сонгуулиар гурван Батж.Батбаяр, Р.Нарангэрэл, Б.Хувьтөгөлдөр гэсэн гурван ардчилагчийг, 2000 оны сонгуулиар  Н.Содномдорж, С.Төмөр, Т.Очирхүү гэсэн гурван “хувьсгалч”-ийг сонгосон. Тэдэнтэй Батж.Батбаяр, улс төр судлаач Л.Эрдэнэтуул өрсөлдөж, “цэвэр тавиулчихаж”. Угаасаа ч 2000 оны сонгуулиар “Ардчилсан холбоо” эвслийнхэн Дундговиос ганц суудал олж, дараа нь бие даан нэр дэвшигч Л.Гүндалайг урвуулснаар хоёр гишүүнтэй болж байсан юм чинь. Хөдөлмөрийн дэд сургуулийн захирал байсан Н.Содномдорж бол 2000 оны битүү хатуу, хаалттай, ганц намын шахуу төлөөлөлтэй парламентад МАН-ын чимээ гаргадаггүй “улаан халзан төлөг” гэж нэрлэгдсэн хэдэн гишүүн нэг нь. Одоо бол хүмүүс түүнийг санах ч үгүй, УИХ-д ийм нэртэй гишүүн байсан гэвэл зарим нь итгэхгүй. Тэрээр УИХ-ын гишүүн гэсэндээ 2004 онд хоёр дахиа сонгуульд өрсөлдсөн ч Чингэлтэйнхэн түүнийг “илгасч”, “молекул” хочит Батж.Батбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Батаа нарыг Эх орон-Ардчилал эвслээс сонгож. Парламентын балчирхан гишүүдийн нэг Р.Эрдэнэбүрэн тэр үед Эх орон намаас нэр дэвшиж байсан бол өдөө Ардчилсан намын жагсаалтаар сонгогдох 28 хүний 18-д жагсч яваа.  Мөн л Эх орон намаас нэр дэвшсэн Ц.Батаа “нисдэг тэргээр үнэг хөөдөг” хочтой болоод парламентаас явсан.
Харин 2008 оны сонгуулиар Ардчилсан намаас Г.Баярсайхан Ц.Элбэгдорж нарыг МАН хуучнаар МАХН-аас Д.Очирбатыг сонгоотохсон. Гэвч Ц.Элбэгдорж  2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо өдгөөгийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод гишүүний суудлаа бэлэглэчихсэн. Монголын эдийн засаг уул уурхай хэмээх ганцхан салбартай мэт болоод байгаа цаг дор Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг толгойлж чадсан залуу гишүүн энэ жил мэдээж хэрэг тойрогтоо үзээд алдана. Эрхэм гишүүн Д.Очирбат ч мөн адил. Харин Ардчилсан намаас гишүүн Г.Баярсайхан, гишүүн асан Б.Батбаатар хоёр энэ тойрог тунаад байгаа.

ИЗНН-ын хоёр нэр дэвшигч нэг их олон санал зулгаахгүй л болов уу. Уг нь энэ тойрог 2008 онд УИХ-ын гишүүн Н.Одончимэд, иргэний хөдөлгөөний гэгддэг Г.Уянга, “хоньчин Найдан” хочтой Ц.Ганхуяг, Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа гээд чанга өрсөлдөгчидтэй, халуун тулаан дэгдсэн тойрог байсан. Сонгуулийн дараа ч нүсэр маргаан дэгдэж, тус тойрогт нэр дэвшсэн Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа СЕХ-той гурван шатны шүүхээр явж байж Улсын дээд шүүхээс “Нийслэл болон Дархан, Эрдэнэтэд хотуудад гарсан сонгуулийн зөрчил 2008 оны сонгуулийн үр дүнг өөрчлөхүйц жинтэй байсан байна. Тиймээс уг булхайг зохион байгуулж, хууль зөрчин санал өгүүлсэн СЕХ-ны дарга Б.Баттулгад ажлын хариуцлага тооцсугай” хэмээн  тогтоолгосон. Харамсалтай нь Б.Баттулгыг энэ ажилд тавьсан МАХН түүнд хариуцлага тооцох нэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн боловсон хүчин эрхэлсэн захирлаар дэвшүүлэн зайлуулж, УДШ-ийн шийдвэрийг даапаалсан билээ. Гэхдээ сонгууль булхайтай болсон, тэр тусмаа сонгуулийн дүнг өөрчлөхүйц зөрчил байсан гэдгийг тогтоолгож чадсан нь их юм. Магадгүй долдугаар сарын 1-ны үймээн сонгогчдын саналыг луйвардсанаас үүдэлтэй гэдгийн цор ганц албан ёсны баталгаа нь ч энэ болох байх.   

Өнөөдөр Ардчилсан намын жагсаалтад зургаад бичигдээд байгаа Р.Бурмаагийн гавьяа энэ. Сонгууль тэр тусмаа долдугаар сарын 1 ойртох тусам монголчуудын хөндүүр зүрх дөрвөн жилийн өмнөх тэр аймшигт үймээнийг, амиа алдсан таван залууг дурсах учиртай. Дагалдаад сонгуулийн будилаан гээчийг дурсах учиртай. 2008 онд МАН тухайн үеийн МАХН-ынхан ч Ардчилсан намынхан луйвар гарлаа гэж халаглаж байсан, чамгүй ч маргаан дэгдсэн. Тэр тусмаа Чингэлтэй дүүрэг халуун цэг байсан учир энд өмнө нь нэр дэвшиж байсан хүмүүс гашуун туршлагатай, хөндүүр зүрхтэй, одоо ч гэсэн алдах вий гэсэн айдастай л байгаа. Угаас Чингэлтэй гэлтгүй хаа сайгүй сонгууль шударга, элдэв бульхай луйваргүй болоосой гэх айдастай, долдугаар сарын 1 дахин битгий гараасай гэсэн залбиралтай байгаа.

А.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж