Нийслэлчүүд нэр дэвшигчдээ “хайж” байна

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд нэр дэвшигчдээ “хайж” байна

УИХ-ын сонгууль чухал, НИТХ-ынх чухал биш үү?

Сонгууль, сонгууль, сонгууль. Дөрвөн жилд нэг удаа тохиодог энэ сонгуулиар улс орныхоо хөгжил, ирээдүйг залж явах төрийн түшээдээ сонгох ёстой. Энэ жилийн сонгуулийн онцлог нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг УИХ-тайгаа хамт, нэг өдөр сонгох юм.

Сүүлийн хэд хэдэн удаагийн НИТХ-ын сонгууль санал хүрэхгүйгээс давтан сонгууль зохион байгуулсан. Харин өнгөрсөн дөрвөн жил парламентад суусан гишүүдийн гавьяагаар орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулахаар болсон. Уг нь өмнөх УИХ-ын баталсан хуулиар аймаг, дүүргийн Иргэдийн хурлын сонгууль ч УИХ-ын сонгуультайгаа зэрэг явах ёстой байсан ч УИХ дахь олонхи буюу МАН-ын бүлгийнхэн “сум, дүүргийн сонгуулийг намар явуулна” гэж  шийдсэн билээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Орон нутгийн сонгуулийг бүхэлд нь УИХ-тай нэг өдөр явуулах ёстой, хуулиа барья гэж хичнээн ч зүтгээд цөөнх болсон билээ. Хоёр намын бүлэг маргаж, маргаж эцэст нь дундын хувилбар буюу НИТХ-ыг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулах, аймаг, дүүргийн сонгуулийг намар явуулахаар болсон билээ. Ингэхдээ УИХ-ын сонгуульд мөрдөж байгаа можаритар, пропорцианаль хосолсон холимог системийг НИТХ-ын сонгуульд мөн мөрдөх юм.

Өөрөөр хэлбэл нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 30-ыг нь тойрогт дэвшүүлж, 10-ыг нь намын жагсаалтаар сонгож оруулж ирэх юм. УИХ  болоод орон нутгийн сонгууль болоход одоо гуравхан долоо хоногийн хугацаа үлдээд буй. 

Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж, батламж гардуулсан. Батламжаа авсан өдрөөс эхлэн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлэх хуультай. Нийслэлчүүд ИТХ-ын төлөөлөгчөө сонгохын тулд нэр дэвшигчийн талаархи мэдлэг, мэдээлэл, танилцуулга чухал. Үүнийг хийх гол зүйл нь сурталчилгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл Доржийн, Дулмаагийн амьдарч буй хороонд хэн гэдэг нэр дэвшигч НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгааг мэдэх хүн алга.

Нийслэлчүүдийн хувьд НИТХ-ын төлөөлөгчдөө сонгоно гэдэг УИХ-ын гишүүдийг сонгохоос ч илүү чухал асуудал. Нийт хүн амын тал хувь нь оршин суудаг, замын түгжрэл, утаа тортог, хөгждөггүй гэр хороолол, хот төлөвлөлт гээд савандаа багтахаа байсан олон асуудлыг хэн хэрхэн шийдэх вэ гэдэг нь нийслэлчүүдийг төлөөлж УИХ-д сууж буй 20 гишүүнээс илүү НИТХ-ын төлөөлөгчид илүү үүрэг рольтой. Тэгээд ч ирэх 2012 оноос эхлэн Төсвийн шинэ хууль үйлчилж, орон нутагт төсвийн эрх мэдлийг нь өгөөд гүйцэтгэл, араас нь дагах хариуцлагыг шаардах учраас ирэх дөрвөн жилд хэн тэнд суух вэ гэдгийг иргэд, сонгогчид алган дээрээ тавьж харахыг хүсч байна.

Харамсалтай нь улс төрийн намууд сонгуулийнхаа хуулийг батлаад түүний араас тавигдаж байгаа энэ шаардлагыг мартсан бололтой. Өмнөх шигээ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ л өмнөө барьж гүйгээд байгаа болохоос биш, НИТХ-ын нэр дэвшигчид дээрээ анхаарал тавьж байгаа нь бага байна. Улс төрийн том эрх мэдэл чухал болхоос биш, орон нутгийн жижиг асуудал яамай байгаа юм байлгүй.

Гэвч сая 300 мянган хүн амтай нийслэл гэдэг том айл Монгол Улсын тэн хагас гэсэн үг. Тэр тусмаа энэ айлд хураагдаж, хуримтлагдсан асуудал гамшгийн түвшинд хүрч, ҮАБЗ-д хүртлээ асуудал хурцдаад байгаа гэдгийг өмнө олон удаа сануулж байсан даа. Тиймээс энэ асуудал руу ханцуй шамлаж орох ёстой дараагийн НИТХ, түүний төлөөлөгчид хэн байх вэ гэдгийг иргэд сонгогчид шийдэх ёстой. Харамсалтай нь улс төрийн намууд иргэдэд ийм сонголт хийх боломж өгөхгүй байна. Нэг үгээр хэлбэл НИТХ-ын нэр дэвшигчдэдээ ач холбогдол өгөхгүй, олонд гаргаж харуулахгүй байна. Тиймээс намуудад сануулахад орон нутгийн сонгуулийг зөвхөн сонгогчдын ирцээр хийнэ гэвэл өрөөсгөл. Сонгогч санал өгөх байранд орсон байлаа гээд тэртэй тэргүй нэрийг нь дуулж, зүсийг нь хараагүй НИТХ-ын нэр дэвшигчдийг дугуйлахгүй байсан ч өөрийн дур. Хэрвээ намууд энэ маягаар УИХ, НИТХ-ын сонгуульд алагчилсан байдлаар хандвал НИТХ-ын сонгууль нь өмнөх шигээ дахиж магадгүй л юм. Тэгвэл нөгөө хоёр сонгуулиа хамт явуулсаны учир шалтгаан, үр дүн гарна гэж үү. Тэр тусмаа улсынхаа хүн амынтэн хагасын сонгох эрх, хийх сонголтыг үл тоосон байдлаар хандаж байгаа улс төрийн нам наанадаж улс орны хэмжээнд бодлого гаргад ажиллах чадах уу? Цаанадаж улс төрийн тавцанд хэр удаан оршин тогтнож чадах бол…

Саналаа яаж өгөх вэ?          

НИТХ-ын тухай хууль шинээр батлагдан гарсан. Сонгуулийн шинэ хуулийн дагуу сонгогч өгөхдөө эхний нүүрэн дээр нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн, арын нүүрэнд нь НИТХ-д нэр дэвшигчдийг жагсаасан нэг хуудсыг ар өвөргүй бөглөх ёстой. Саналын хуудасны загварыг улс төрийн намууд өөрийн мөрийн хөтбөлбөр, танилцуулгын хамт сонгогч нэг бүрт хүргүүлэх учраас үүн дээр бол асуудал гарахгүй биз. Харин хоёр сонгуулийг зарим сонгогч цахим үнэмлэхээр, зарим нь  иргэний үнэмлэхээр өгөхөөр болсон нь бага зэрэг бэрхшээл үүсгэж магадгүй юм. Саналыг бол мэдээж автоматжуулсан системээр, машинаар тоолно. Саналаа давхардуулан өгч сонгууль будилуулахгүйн тулд хурууны хээгээр баталгаажуулна. Гэвч энэ тал дээр иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн тайлбарийг Сонгогчийн боловсрол төв, иргэд ч мөн хэлж байгаа. Харин сонгууль зохион байгуулж байгаа төрийн байгууллагууд үүн дээр анхаарал тавихгүй байгаа нь асуудал болж байна.

Дараа нь дахиад л “Хэнд санал өгөх вэ” гэдэг асуулт. Энэ асуултын хариуг уг нь улс төрийн намууд эхэлж өгөх ёстой. Сонгуулийн сурталчилгаа дуусахад 19 хоног үлдлээ. Харин миний, таны, Доржийн, Дулмаагийн амьдардаг хорооноос хэн нэр дэвшиж, нийслэлийнхээ өнгийг зүсийг өөрчилж, хөгжилд хөтлөх вэ? Нийслэлийн 807 мянган сонгогчийн эрх ашигт аль нам арай илүү ач холбогдол өгч чадах вэ? УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сүрд нуугдсан НИТХ-ын нэр дэвшигчдийг нийслэлчүүд хайж байна.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж