Хэргийг сануулахад, А.Баянмөнх нь 2011 оны долоодугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүйтний Хонхорхойн адаг гэх газарт өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар иргэн М-ыг олон удаа хутгалж, С-ийг бууны бөгсөөр толгойн тус газар нь олон удаа цохиж санаатайгаар амь насыг нь хөнөөсөн. Мөн тэр үед гэрт байсан нэг нас есөн сартай Х-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчтэй өшиглөн авдар мөргүүлэн хүнд гэмтээж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн. Хохирогчдыг хөнөөснийхөө дараа М-ын эмээл, хазаартай морь, дээл, малгай, бүс, гутал зэргийг хулгайлсан аж. Түүнчлэн мөн шөнөдөө Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгой гэх газраас иргэн Б-ийн 18 адууг хулгайлж 8 сая 50000 төгрөгийн хохирол учруулжээ.
Үүнээс өмнө 2011 оны зургаадугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дээд буурт гэх газраас иргэн Б-ын 8 адуу, эмээл, хазаар, Ц-ийн 29 адууг тус тус хулгайлж, нийт 12 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байна.