Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийг буруутгав

Цагдан хорих 461-р ангид болж буй “Долдугаар сарын 1”-ний гэх тодотголтой цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийн  шүүх хурал 11.00 цагт эхэлж,
таван цаг гаруй үргэлжилсний эцэст түр завсарлаад эргэн хуралдаж байна.

Шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гарлаа

Хурлын эхэнд шүүгдэгчдийн өмгөөлөгч нар “Хавтас хэрэгтэй танилцаж амжаагүй” хэмээсэн бол шүүгдэгчид “Батлан даалтад гаргаж өгөх”-ийг Шүүх бүрэлдэхүүнээс хүссэн юм. Гэвч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн үзэж, хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Ингээд  дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхгэрэлд өмнө нь эл хэрэг дээр ажиллаж байсан тул дахин танилцах шаардлагагүй гэж үзсэн бол генерал Ч.Амарболдын шинэ  өмгөөлөгч Ж.Яринпил,  хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий нарыг “Өөрсдийн уншиж танилцсан хэмжээнд үйлчлүүлэгчээ өмгөөл. Хурал явагдаж байх үед хавтаст хэрэгтэй танилцах боломжтой” хэмээн тайлбарлав. Шүүх хуралдааны даргалагч шүүгч Ч.Хосбаяр “Энэ хурал заавал өмгөөлөгч байлцуулж шийдвэрлэх ёстой хурал биш. Тиймээс О.Зоригт энэ удаагийн хуралд өөрийгөө өмгөөлөн оролц” гэлээ. Харин Ш.Батсүхийн өмгөөлөгч М.Алтан-Өлзийг НӨХ-ноос томилгоог нь цуцалсан ч Шүүх бүрэлдэхүүн түүнийг үйлчлүүлэгчээ өмгөөлөх үүрэгтэй гэж үзсэн тул М.Алтан-Өлзий шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцож байна.

Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоог буруутгав

Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, Ц.Уртнасан, хохирогчдын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр академич Ж.Яринпил, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий нар оролцож байна. Харин Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтын өмгөөлөгч Ё.Өнөрбаяр хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар хуралд ирээгүй юм. Тиймээс хурандаа О.Зоригт өнөөдрийн хуралд өөрийгөө өмгөөлж байна.  

Шүүх хурлын үеэр шүүгч Ч.Хосбаяр “Шүүгдэгч нарт өнгөрсөн нэгдүгээр сарын 02-ноос хойш өмгөөлөгчөө сонгох хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Нийслэлийн өмгөөлөгчийн холбоо /НӨХ/ өөрсдийн томилсон өмгөөлөгчдийг  цуцалсан байхад нь шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж байсан. Тэр үед нь бид ийм зүйл байж болохгүй гэдгийг удаа дараа сануулсан. Гэтэл өнөөдөр өглөө бас л Нийслэлийн өмгөөлөгчийн холбоо томилсон өмгөөлөгчдөө дахин цуцалсан байна. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. НӨХ томилсон өмгөөлөгчдийг цуцалснаар тэд шүүгдэгчдийг өмгөөлөхөө болино гэсэн үг биш” гэдгийг шүүгдэгчдэд анхааруулж байлаа.

Өмгөөлөгчдөд хариуцлага тооцно гэв

Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болох Ж.Батхүү, Ё.Өнөрбаяр, Р.Ундрах, Ц.Оюунцэцэг нар ирээгүй юм. Тэднээс Р.Ундрах нь “Өмгөөлөгчдийн томилгоо хүчингүй болсон тул шүүх хуралд очихгүй” гэж утсаар мэдэгдсэн бол өмгөөлөгч Ж.Батхүү “Шүүх хуралд оролцохгүй” гэдгээ ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байна. Харин хурандаа О.Зоригтын өөрийнх нь сонгосон өмгөөлөгч болох Ё.Өнөрбаяр, хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгч Ц.Оюунцэцэг нар “Хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй” гэсэн шалтгаанаар өнөөдрийн хуралд ирээгүй байна. Тиймээс Шүүх бүрэлдэхүүн “Хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэдэг асуудлыг өмгөөлөгч нар өөрийн биеэр шүүх танхимд ирж, танилцуулах ёстой. Энэ нь шүүх хуралд хүндэтгэлгүй хандаж байан гэсэн үг юм. Тэдний хариуцлагын асуудлыг бид дараа авч хэлэлцэнэ. Хэрэв ямар нэгэн гомдол, асуудал байгаа бол дараагийн шатны шүүх хурал дээр илэрхийлнэ үү” гэсэн тайлбарыг шүүгдэгчдэд өгсөн юм. Үүнээс үзэхэд, зургаан удаа хойшлогдсоны эцэст өнөөдөр нэг хуралдаж буй уг хурлаар цагдаагийн экс удирдлагуудыг яллах нь тодорхой бололтой.         

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж