Соёлын сайд нарын IX уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Соёлын сайд нарын IX уулзалт эхэллээ

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ШУУРХАЙ МЭДЭЭ

2012.06.05                                                                                          Бээжин хот

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Соёлын сайд нарын 9 дүгээр уулзалт өнөөдөр Бээжин хотноо эхлэв. Уг уулзалтад ШХАБ-ын гишүүн 6 орны Соёлын сайд, дэд сайд нар болон ажиглагч орон Пакистан, Иран, Энэтхэг, Монгол, яриа хэлэлцээний түнш орнууд болох Беларусь, Шри-Ланка, түүнчлэн зочин орон Афганистан зэрэг нийт 12 орны 40 гаруй төлөөлөгчид оролцов.

БНХАУ-ын Соёлын сайд Цай У хурлыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд1 ШХАБ-ын гишүүн орнуудын соёлын салбарт гарсан үр дүн, ололт амжилтуудыг танилцуулж, ирэх 10 жилийн соёлын хамтын ажиллагааны талаарх 3 зүйлт саналыг дэвшүүлэв. Үүнд: Нэгдүгээрт, ШХАБ-ын үзэл санааны дагуу эв найрамдалтайгаар хөгжин дэвших үндсэн зарчмыг тууштай баримталж, хамтран зөвшилцөж, харилцан ашигтай, нийтээр хожсон хамтын ажиллагааны хэлбэрийг үргэлжлүүлэн мөрдөх, хоёрдугаарт, улс орнууд соёлын онцлогт давуу талыг бүрэн дүүрэн ашиглах, гишүүн орнуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд, бүхий л шат давхаргад урагшлуулан хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх, гуравдугаарт, соёлын үр нөлөөний ач холбогдлыг бүрэн дүүрэн ашиглах, соёлын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар улс орнуудын ард түмэн хоорондын эв найрамдал, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, залуучуудын солилцоог ирээдүйн ШХАБ-ын соёлын солилцооны төлөвлөгөөнд тусгах зэрэг болно. Хурлын төлөөлөгчид хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдэж, ШХАБ-ын гишүүн орнуудын соёлын хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв.

Өнөөдрийн хурлын үр дүнд дараах баримт бичгүүдийг батлав. Үүнд ШХАБ-ын гишүүн   орнуудын   Соёлын   сайд   нарын   уулзалтын   Бээжингийн тунхаглал2, ШХАБ-ын Соёлын сайд нарын 9 дүгээр хуралдааны Протоколд тус тус гарын үсэг зурж, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах Хэлэлцээрийг хэрэгжүүлэх 2012-2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ШХАБ-ын гишүүн орнуудын Соёлын сайд нарын 9 дүгээр хуралдааны Хэвлэлийн мэдэгдлийг хурлаар хэлэлцэж батлав, Хурлын дараа төлөөлөгчид хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уг уулзалтад Монгол Улсыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал тэргүүтэй төлөөлөгчид ажиглагчаар оролцов. Д.Далайжаргал хэлсэн үгэндээ Монгол Улс Төв Азийн бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох, ШХАБ-ын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахад ач холбогдол өгч ирснийг дурдаад, энэ удаагийн хурлын үндсэн сэдэв болох ШХАБ-ын ирээдүйн 10 жилийн соёлын хамтын ажиллагааны хөгжлийн төлөвлөгөө нь нийгэм, эдийн засгийн эрчимтэй шинэчлэлийг хийж буй Монгол Улсын хувьд ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

ШХАБ-ын гишүүн орнуудын соёлын шинжээчдийн эрдэм шинжилгээний уулзалт уламжлал ёсоор Соёлын сайд нарын уулзалтын өмнөх өдөр буюу 6 дугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо болж өнгөрөв. Соёлын сайд нарын 10 дугаар хуралдаан Киргиз Улсад 2013 онд зохион байгуулагдахаар болов.


ЖИЧ:
  ШХАБ-ын гишүүн орнуудын Соёлын сайд нарын анхдугаар уулзалт Бээжин хотноо 2002 онд болсон. 2012 он бол ШХАБ-ын хоёрдахь арван жилийн үйл ажиллагааны эхлэлийн жил болж буйгаараа онцлогтой юм.

2Бээжингийн тунхаглал нь ШХАБ-ын хамтын ажиллагааны соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамгийн анхны тунхаглалын чанартай баримт бичиг болсноороо онцлогтой байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж