Дэлхийд үнэлэгдсэн Монгол бүсгүй

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Дэлхийд үнэлэгдсэн Монгол бүсгүй

Баянхонгорын Богд сумын уугуул Монголын урлагийн ертөнцийн акулуудын нэгэн бол  хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсан байлаа.

“Зулай цагаан Алтай”, “Монгол далай” дуугаар нь ард түмэн түүнийг андахгүй. Түүний мэргэжлийн хөгжмийн зохиолчийн хувиар туурвисан симфони сонатууд, симфони удиртгалууд, төгөлдөр хуурын хуурын концертууд, хөгжмийн найруулгууд гээд дан хөгжмийн бүтээлүүдийг нь урлагийнхан өндрөөр үнэлдэг юм. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүүхдүүд нь ч өдгөө эх орныхоо нэрийг гаргасан чадварлаг уран бүтээлчид болсон байх ажээ. Москвагийн консерватурыг Мөрдорж, Гончигсумлаа нараас хойш түүний хүү Сансаргэрэлтэх, охин Саянцэцэг нар нь дүүргэсэн байдаг юм билээ. Ямартаа Сангидорж агсан “Дэлхийд тэнцэж амьдарч яваа хүүхдүүддээ баярладаг. Эх орноо гэсэн сэтгэл нь Монголд өгөөжөө өгнө гэдэгт итгэдэг. Монголын урлагт ч бас дэлхийн дэвжээнд гарах орон зай хэрэгтэй шүү дээ” хэмээн сэтгэлээ уудалсан нь байдаг юм.

Түүний хүүхдүүд өдгөө Испанид амьдарцгаадаг. Том охин Саянцэцэг гэхэд эх орноосоо гараад хэдийнэ 30 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа ажээ. Үе үехэн эх орондоо үдлээд буцдаг хөгжимчин хатагтай ухаан орохын л төгөлдөр хуураар “амьсгалсан” жаахан охин явсан гэдэг. Тийм ч болохоороо эргэлзэлгүй л хөгжим бүжгийн  коллежийн төгөлдөр хуурын ангийг сонгож. Улмаар наймдугаар ангиа төгсөөд Москвагийн П.И. Чайковскийн нэрэмжит хөгжмийн сургуульд монголоос ганцаараа тэнцэн суралцах болжээ. Дараа нь Москвагийн консерватурт шалгалтгүй тэнцэж сургуулиа  дүүргэсэн юм билээ. Харин одоо бол ертөнцөөр хэрэн тэнэсэн дэлхийн уран бүтээлч болжээ. Түүний гэр бүлийн хүн ч Москвагийн хөгжмийн дээд сургуулийг төгссөн төгөлдөр хуурч Испани эр байдаг. Тэд Жигүүр нэртэй нэг хүүтэй. Урлагийн хүний амаргүй амьдралыг биеэрээ туулж яваа болохоор уран бүтээлч ээж аав нь Жигүүр хүүгээ хайрлахдаа өөр сонголт хийхэд хүргэсэн гэдэг.

Саянцэцэгийн ур чадварыг  шалгуур өндөр хөгшин Европчууд өндрөөр үнэлдэг юм. Тийм ч болохоор тоглолтын төлөвлөгөө нь сар өдрөөр биш хэдэн жилээрээ гарчихсан байдаг гэнэ. Тэр бас сүүлийн жилүүдэд олон улсын хөгжимчдийн наадмыг зохион байгуулдаг болсон ба жил ирэх тусам өргөжих болсон нь ихэд урам нэмж байгаа ажээ. Тус наадмын анхны жилээс нь л эхлэн манай хүүхдүүд оролцдог уламжлалтай болоод байгаа юм билээ. Энэ сард Испанид болох тус фестивальд тэрээр аав, дүү хоёрынхоо уран бүтээлээс тоглохоор төлөвлөсөн гэнэ. Бас дүү Сансаргэрэлтэх нь ч оролцохоор болжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж