Олимпод оролцох жүдочдыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Олимпод оролцох жүдочдыг зарлалаа

"Лондон-2012" олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг Жүдо бөхийн холбооноос өнөөдөр албан ёсоор зарлалаа. Монголын жүдочдын тухайд есөн жингийн ангилалд 13 тамирчин олимпийн эрхийн болзол хангасан. Гэхдээ нэг улс нэг жинд ганц л тамирчнаа илгээх эрхтэй тул эрэгтэй дөрөв, эмэгтэй таван жингийн ангилалд нийт есөн тамирчин оролцох нь тодорхой байсан билээ. Ингэхдээ эрэгтэйчүүдийн 60, 66 ба -100 кг-ын жинд давхардсан эрхтэй байсан тул дэлхийд шигшигдэж, чансаагаараа олимпийн эрхийн байрлалд цойлж гарч ирсэн тэдгээр тамирчдаас чухам хэнийг нь сонгож, олимпийн татамид гаргах эсэхийг шийдэх хүнд бөгөөд хариуцлагатай даалгавар Монголын жүдо бөхийн холбоонд ногдоод байсан юм. Тодруулбал, 60 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нар олимпийн эрхийн байрлалд,  66 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар, харин -100 кг-ын жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн нар олимпийн эрхийн болзол хангаад байв. Бусад жингүүдийн тухайд эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг, 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа, 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа, -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд нар өрсөлдөгчгүйгээр эрхээ аваад байсан билээ. Үүн дээр Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох дүрмийн дагуу тивүүдийн эрх гэгчээр Монгол Улсын тамирчин Д.Сумъяа чансаагаар олимпийн эрх бүхий байрлалд багтаагүй ч Лондонгийн олимпийг зорих нэмэлт эрхийн эзэн болсон билээ.

Эрх давхардсан дээрх гурван жингийн ангиллын тухайд 60 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, 66 кг-ын жинд дэлхийн аварга Х.Цагаанбаатар, -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр нар эх орноо төлөөлөн олимпийн татамид гарах эрхтэй болжээ. Эдгээр тамирчдыг сонгохдоо 2009-2012 оны хооронд олон улсын чанартай тэмцээн, уралдаанд үзүүлсэн амжилт, туршлага, тус тусын жингийн ангилалдаа олимпийн эрх авсан бусад орны тамирчидтай хэрхэн барилдсан гээд олон талын үзүүлэлт, шалгуураар сонгосон гэдгийг Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд онцолж байлаа.

"Лондон-2012" олимпод оролцох Монголын жүдо бөхийн тамирчид:

Эрэгтэй:
60 кг: Д.Төмөрхүлэг /Женко/
66 кг: Х.Цагаанбаатар /Сүлд/
73 кг: С.Ням-Очир /Хангарьд/
-100 кг: Н.Түвшинбаяр /Женко/

Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг /Женко/
52 кг: М.Бундмаа /Хүч/
57 кг: Д.Сумъяа /Хилчин/
63 кг: Ц.Мөнхзаяа /Хүч/
-78 кг: П.Лхамдэгд /Женко/

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж