Хүн төрөлхтний оюуны гайхамшигт өв Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг залах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн номын санд боллоо. Дорнын их нэвтэрхий толь, их хөлгөн судар Ганжуур, Данжуурыг орчин цагийн крилл бичигт буулгах ажлыг “Цогт цагийн хүрдэн соёлын төв” амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр Ганжуурын эхний хоёр боть, Данжуурын эхний 16 ботийг хэвлэн гаргаснаа ийнхүү ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн номын санд залах ёслолыг хийлээ. Түүнчлэн дээрх хоёр судраас нийт 30 ботийг нийтийн хүртээл болгохоор “Цогт цагийн хүрдэн соёлын төв”-ийнхөн бэлэн болгожээ.
Тэд Ганжуурын 108 боть, Данжуурын 225 боть их хөлгөн судрыг крилл бичгээр 400 боть ном болгон 2016 онд дуусгахаар төлөвлөөд байгаа гэнэ. Ганжуур, Данжуур нь санскрит, Түвд, Монгол, Хятад, Солонгос зэрэг дэлхийн цөөхөн улс орон өөрсдийнхөө эх хэл дээр буулгасан бөгөөд Монголчуудын хувьд Ганжуурыг нэн эртнээс түүвэрлэн орчуулсаар ирсэн. Ганжуурыг эх хэлнээ буулган судлахын зэрэгцээ алт, мөнгө, зэс тэргүүтэн зэрэг есөн эрдэнээр бүтээсэн орон дэлхийд монголоос өөр байдаггүй юм байна.
Ингээд “Цогт цагийн хүрдэн соёлын төв”-ийн тэргүүн Г.Буяндэлгэртэй уулзлаа.
-Их хөлгөн судруудыг залах ёслол болж байна. Үүнийг хөрвүүлэх үйл явцад ямар цаг хугацаа зарцуулав?
-Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.Ганжуу, Данжуур их хөлгөн судрыг залж байгаа номын их өргөө болсон ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн хамт олонд баярласан талархснаа илэрхийлье. Өнөөдөр бид номын их өргөөнд бурхан багшийн айлдсан Ганжуур буюу зарлигийн орчуулгын 108 ботийн анхны хэвлэгдсэн хоёр боть болон Данжуур буюу шашдарын орчуулгын 225 ботиос 16 нь өнөөдөр хэвлэлтээс гарсан, үүний дээжээсээ залж байна.
Ганжуур, Данжуур бол бурхан багшийн бүх сургаалийн эмхэтгэл, цогц ухагдагдахуун, судлагдахуун. Үүнийг хөрвүүлэх их ажлыг манай монголчууд 16-17 зуунд буюу эхлүүлсэн бөгөөд Ганжуур их хөлгөн судрыг 1629 онд бүрэн эхээр нь хөрвүүлсэн байдаг. Данжуур их хөлгөн судрыг 1742-1749 онд 200 гаран монголын шилдэг эрдэмтэд хөрвүүлж Бээжинд содон бараар буулган хэвлэсэн байдаг. Түүнээс хойш монголчууд Ганжуур, Данжуурыг уншиж, бүхийл л аргаар судалж, уг ухагдахууныг нь түгээсэн байгаа. Одоогоор бид болохоор уйгаржин монгол эхээс нь крилл бичиг рүү буулгаж байгаа.
-Ганжуур, Данжуур их хөлгөн сударт юуны тухай өгүүлдэг бэ?
-Ганжуур бол бурхан багш айлдсан гэдгээрээ шашны шинжтэй бүтээл болж байгаа юм. Гэхдээ Ганжуур дотор юу байдаг вэ гэдгийг хамгийн түрүүнд анхаарч бодох хэрэгтэй. Монголын бурхан шашин олон зуун жил явж ирэхдээ хэтэрхий их зан үйлийн талаасаа, харь хэлээр явж ирсэн шалтгаануудаас болоод Ганжуурыг судлах суралцах талаасаа хаягдаж гээгдэн цаг хугацаа өнгөрсөн байна. Ганжуур дотор шулуухан хэлэхэд шинжлэх ухааны бүхий л онол түүнийг хэрхэн практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх үү, түүнийг ашиглаж нано технологи, био технологийг хэрхэн эзэмших үү, сансар огторгүй, галактик ертөнцтэй хэрхэн харьцах уу, хүний бие хэрхэн сансар огторгүйд аялж болох уу зэрэг цааш цаашдын шинжлэх ухааны ололт дэвшилтийг бурхан багш өөрийн бясалгал оюун ухаанаараа гаргаж, олон мэргэдийн хэлж байсан зүйлүүдийг бүгдийг эмхэтгэж, өөрийн нэг суурь онол, тушлагаараа тайлбарлан гаргасан нь Ганжуур их хөлгөн судар байгаа. Ганжуурыг ярихад заавал Данжуур гэж яригдаад байгаа учир нь юу вэ гэвэл Данжуур буюу шашдарын орчуулга нь бурхан багшийн тухайн үед шинжлэх ухааны тухай эмхэтгэж, айлтгаж гаргасан Ганжуур дээр Энэтхэгийн мэргэд практик судалгаа мэдлэгээрээ баяжуулж тайлбарлаж, нэгэн цогц бүтээл болгосон нь Данжуур буюу шашдарын орчуулга болсон түүхтэй.
Ганжуур, Данжуурын эхний боть болон төгсгөлийн ботиудад анагаах ухаан, урлахуйн ухаан, нотлохуй буюу сэтгэхүйн ухаан дээр нь сансар огторгуйг судлах болон хүний биеэр хэрхэн цаашдаа гэрээрлийг олж болох уу, эд материал болон оюунлаг зүйлийн уялдаа холбоог сайжруулж болох вэ гэдэг тухай л ярьдаг. Энэ тухай Ганжуур, Данжуураас мэдээд авбал улс орон цаашид хөгжихөд хэрэгтэй юм бол уу гээд энэхүү их хөлгөн судруудыг лам хүний өмнөөс гэхээсээ илүү Монгол хүн Монгол эх орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлээр бидний хэсэг залуучууд энэхүү ажлыг хийж байгаа юм.
-Эдгээр судрыг уйгаржин эхээс нь хөрвүүлж байгаа гэсэн шүү дээ. Өөр эх бичвэрүүдийг ашиглаж байгаа бол уу?
-Зөвхөн монгол эхийг нь барих биш Түвд болон бусад холбогдох санскрит файлыг болон зарим нэр томёоны ойлгоход хэцүү байгаа зүйл дээрээ хятад эх сурвалжийг нь ашиглан нарийн шүүлтүүрээр буулгаж байгаа.
-Үүнийг крилл рүү хөрвүүлсэнээр ямар ач холбогдолтой вэ?
-Үүнийг крилл бичигт буулгах зүй ёсны шаардлага одоо үед тулгарч байна. Ганжуур Данжуур маань ховор, тиймээс хүн бүр үзэх боломж муу, дээр нь хүн бүр хуучны уйгаржин бичгээ мэдэхгүйгээс шалтгаалаад үзэж, судлахад төвөгтэй байдал үүсч байгаа юм. Энэ олон шалтгаануудыг харгалзан үзээд “Цогт цагийн хүрдэн соёлын төв” анх 2010 оноос анх хөрвүүлж эхэлсэн. Одоогоор 18 ботийг хэвлэсэн. Мөн хэвлэлтэд таван боть байгаа. Эх бэлтгэл хяналтаа хийгээд одоо 30 гаран ботийг хөрвүүлчихсэн байна.
-Ингэж хөрвүүлэхэд хэд орчин төгрөг зарцуулагдсан бэ? Санхүүгийн эх үүсвэр хаанаас гарч байна?
-Одоогоор тэд гээд эцсийн байдлаар мөнгөн дүнг хэлэхэд хэцүү. Өнөөдрийг хүртэл үндсэндээ 500-гаад сая төгрөгийг Ганжуур, Данжуурыг хөрвүүлэх, түүн дээр ажиллаж байгаа бүх хүмүүсийн зардалд зарцуулсан байна. Цаашид бидний тооцоогоор нэлээн их хэмжээний мөнгө шаардлагатай байгаа. Гэхдээ энэ мөнгийг улсын төсөв юм уу өөр байгууллагаас бөөнөөр нь гаргаагүй. Ард түмэн, найз нөхөд, ах дүү садан, сайн санаат хүмүүсийн тусалцаа, дэмжлэгээр явж байгаа.