Урт нэртэй хууль урагшлав

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Урт нэртэй хууль урагшлав

Батлагдсанаасаа хойш нэлээд хэл ам татлаад байгаа  “урт нэртэй хууль”  гэгдэх хэрэгжих боломж бүрдэв. Хуулийг хэрэгжүүлэхэд  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газрын хилийн заагийг тогтоох нь хамгийн тулгамдсан асуудал болоод байсан.

Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэлэлцэн баталлаа. Батлагдсан тогтоолын хэрэгжилттэй холбоотой асуудлаар БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт болон яамдын холбогдох албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Хоёр жилийн турш хийсэн ажлын үр дүнд нийт 6.3 сая солбилцлын цэг тогтоосон гэхээр нүсэр ажил болсон нь харагдаж байна.

Ойн сан бүхий газрын хил хязгаарыг тогтоох, булангийн цэгийг тодорхойлох, усны хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох ажил нэлээд хүндрэлтэй байгаа бөгөөд манай улсад ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж нь  эдгээр ажлыг гүйцэтгэхэд үнэхээр чамлагдаж байгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон хуулийн талаар хийх танилцуулгын үеэр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Болормаа учирлаж байсан.
Ямартай ч хил тогтоох ажил дуусч хууль хэрэгжих боломж нээгдээд байна. Тогтоосон зааг, солбилцлыг газрын зураг дээр тэмдэглэх ажил ЭБЭХЯ-нд одоо хийгдэж байгаа аж.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон талбай, солбилцлын цэгийг хүснэгтээр харуулав.

 

Нийт талбай

Тогтоосон солбилцлын цэгийн тоо

Гол мөрний урсац бүрэлдэх эх

109

6940

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс

3335

2.8 сая

Ойн сан бүхий газар

59107

3.6 сая

“БОАЖЯ-ны зүгээс хийх ёстой ажлаа хийж дуусгасан. Одоо хуулийн хэрэгжилтийг бодит болгоход ЭБЭХЯ ханцуй шамлан ажилдаа орно” хэмээн Д.Цогтбаатар сайд ярьсан юм. Урт нэртэй хуулийн хүрээнд Нөхөн сэргээлт хийгээгүй 300 гаруй газрыг тогтоожээ. Нийт 5000 га газарт техникийн нөхөн сэргээлт, 7000 га газарт биологийн нөхөн сэргээлт хийхээр байгаа юм.

Хуулийн хүрээнд лицензээ цуцлуулсан, түдгэлзүүлсэн компаниудад нөхөн төлбөр төлөх асуудал мөн тулгамдаж байгаа. Урьдчилсан тооцооллоор нэг их наяд төгрөгийг зөвхөн алтны шороон орд эзэмшигчдэд төлөх тооцоо гарсан. “Сангийн яамнаас нөхөн олговорт хөндлөнгийн аудитаар шалгалт хийлгэх санал тавьсан. Тиймээс хяналт, шалгалт дууссаны дараа нөхөн олговорын асуудал яригдана” хэмээн Д.Зоригт сайд онцоллоо.

Ер нь нөхөн олговор олгох асуудлыг эсэргүүцдэг хүмүүс цөөнгүй байдаг. Хайгуул хийсэн компаниуд ямар үнэ цэнэтэй ашигт малтмал олохоор тооцсон, олсон гэдгийг нь хэн ч мэдэх боломжгүй. Хайгуулын маш их зардал гаргасан хэсэг компани "шархаа нөхөх" зорилгоор энэ хуулийг лоббидсон гэсэн яриа ч гардаг нь нууц биш. Хяналт шалгалт нарийн хийх шаардлага тавьсан нь энэ яриа үндэстэй гэдгийг баталж байна.

О.Хосцэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж