Сонирхолтой нь энэхүү уралдаанд ирэх сарын 16-нд манай улсад ирж Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Каварадоссийн дүрд тоглох Армений залуу дуучин Ованес Айвазян мөн оролцож байгаа юм. Монголынхоо хүчирхэг баритон, удахгүй дуулахыг нь тайзнаас сонсох цээл хоолойт зочин дуучны аль алиных нь дээлийн захыг чанга мушгиж суух болох нь ээ, монголчууд.
Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн дэх театрт болж буй уг уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс мэдүүлгээ өгч эхний шатанд өрсөлдсөн дуучдаас тунасан шилдэг 40 нь цуглаад буй юм. Уржигдар болсон шалгаруулалтаар тэдгээрээс 20 нь дараагийн шатанд өрсөлдөхөөр үлдсэн бөгөөд төгсгөлийн шатанд дуулах 10 нь маэстро Пласидо Домингогийн удирдах симфони найрал хөгжимтэй уран бүтээлээ хүргэх юм. Гарын арван хуруу шиг энэ авьяастнуудаас шилдгүүд тодрох учиртай.
Энэхүү “Placido Domingo’s Operalia” хэмээх уралдааныг 1993 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй бөгөөд Швейцарийн цагны алдарт “Rolex” компани ивээн тэтгэдэг. Энэ удаагийнхад түрүүлсэн нь 30 мянган ам.долларын шагнал хүртэнэ. Шагналт байр эзэлсэн ч шаггүй урамшуулал хүртэх уг уралдаанд манай дуучин нэгийг дуулгах биз ээ.
Дашрамд дуулгахад ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин Орост нэрд гарч яваа урлагийн менежер, продюсер С.Молчановын “SMOLART” хэмээх продюсерийн байгууллагын гишүүн уран бүтээлч болсон юм билээ. Уг байгууллага ОХУ, хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудын, мөн түүнчлэн Ази, Европ, Америкийн шилдэг залуу уран бүтээлчдийг олон улсын түвшинд гаргаж ирэх, урлагийн зах зээлд үнэд оруулах замаар уран бүтээлчдэд туслах үйл ажиллагаа эрхэлдэг.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин