Ч.Амарболдыг Ж.Яринпил өмгөөлж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Ч.Амарболдыг Ж.Яринпил өмгөөлж байна

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд үргэлжилж байна.

Өмгөөлөгчдийн асуудлаас болж удаа дараа хойшилж байсан шүүх хурал ийнхүү долоо дахь удаагаа товлогдоод байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар оролцож байна. Мөн Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий нар ажиллаж байгаа юм. Харин цагдаагийн хурандаа О.Зоригт өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцож байна. П.Н Шастины нэрэмжит Клиникийн III нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан түүнийг шүүх хурал болохтой холбогдуулан өчигдөр орой 23.00 цагийн орчимд хорих ангид авчирчээ.

Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос томилсны дагуу шүүх хуралд Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил ажиллаж, Ш.Батсүхэд н.Алтан-Өлзий, О.Зоригтод Ё.Өнөрбаяр, Г.Ганбаатарт С.Тэгшжаргал нар өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болоод байсан юм. Гэвч томилгоог цуцлах шийдвэр гаргасан нь хууль бус гэдгийг даргалагч шүүгч Ч.Хосбаяр тайлбарлав. Мөн цаазын ял оноох заалт бүхий зүйл ангиар шүүгдэж буй шүүгдэгч зайлшгүй өмгөөлөгчтэйгээр хуралд оролцох ёстой. Тиймээс О.Зоригт өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцох боломжтой, шаардлагатай үед өөрийгөө өмгөөлнө гэдгийг шүүгч хэллээ.

Шүүгдэгчид эцсийн байдлаар өмгөөлөгчдөө сонгож, Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ё.Өнөрбаяр, Ш.Батсүх-Ц.Оюнцэцэг, Г.Ганбаатар-Т.Мөнхдэлгэр нарын өмгөөлөгч ажиллахаар болсон ч хошууч генерал Ч.Амарболд, дэд хурандаа Г.Ганбаатар нарын өмгөөлөгчид шүүх хуралд хүрэлцэн ирж, өмгөөлөгч Ё.Өнөрбаяр, Ц.Оюунцэцэг хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирсэнгүй. Ингэхдээ шүүх бүрэлдэхүүнд утсаар мэдэгдсэнийг даргалагч шүүгч зохисгүй гээд, биечлэн ирж, албан ёсны тайлбар өгөх учиртай гэлээ. Тиймээс өмнөх томилгооны дагуу цагдаагийн хурандаа Ш.Батсүхийг н.Алтан-Өлзий өмгөөлж, харин О.Зоригт өмгөөлөгчгүй оролцож байгаа юм.

Шүүх хуралдаан үргэлжилж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж