Саналаа өгөх амархан болжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Саналаа өгөх амархан болжээ

УИХ-ын Сонгуулийн хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн талаар иргэдэд тайлбарлан таниулах, тэднийг сонгуульд мэдлэг, мэдээлэлтэй оролцуулах зорилгоор www.gec.gov.mn сайтыг ажиллуулж байна. Эрхэм уншигч та сонирхсон асуултаа gecm@gec.gov.mn цахим хаягаар илгээж болно. Таны асуултад Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаныхан хариулах болно.
 
УИХ-ын сонгууль хэзээ болох вэ?

Х: – УИХ-ын сонгууль 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 07,00 цагаас оройн 20,00 цаг хүртэл хугацаанд санал хураана. Өмнөх сонгуулиудыг бодвол 2 цагаар богиноссон байгаа тул Сонгогч та бүхэн аль болох эртхэн очиж санал хураалтандаа идэвхтэй оролцоорой.

Манайх сумын төвөөс нилээд хол байдаг. Санал өгөх гэж хэсгийн хороо руу явахад хонь мал эзгүйдэхээс эхлээд нэлээд асуудал гардаг. Гэр бүлийнхээ хүнээр төлөөлүүлж саналаа өгөх боломж байдаг уу?

Х: – Уучлаарай, тийм боломж байхгүй. Учир нь Монгол Улсын иргэн бүр сонгуульд хэн нэгний төлөөлөлгүйгээр биечлэн оролцож, саналаа нууцаар, чөлөөтэй гаргах эрхтэй гэж хуульд заасан байдаг юм.

Манай ах, эгч хоёр одооноос эхлээд л намайг өөрсдийнхөө дэмждэг намын төлөө саналаа өгөөрэй гээд байх юм. Миний хэнд саналаа өгснийг хэн нэгэн мэдэх боломж байдаг уу?
  
 
Х: – Сонгуульд оролцох эсэхээ зөвхөн чи өөрөө л бие даан шийдэх эрхтэй. Мөн таны хэнд саналаа өгснийг хэн нэгэн мэдэх боломжгүй. Учир нь сонгогч саналаа нууцаар гаргах эрхээр хангагдсан байдаг.
    
Би энэ жил 18 нас хүрч, анх удаа сонгууль өгөх гэж байгаа. 18 насанд хүрсэн хүн болгон саналаа өгөх эрхтэй юу?

Х: – Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн гэж 18 нас хүрсэн хүнийг хэлдэг. Гэхдээ 18 нас хүрсэн гэдэгт төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө нь насанд хүрсэн байх ёстой. Мөн эрх зүйн бүрэн чадамжтай иргэд саналаа өгнө.

Эрх зүйн чадамжгүй иргэн гэдэгт ямар хүнийг хамааруулж ойлгох вэ?

Х: – Эрх зүйн чадамжгүй гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсвэл хорих газар ял эдэлж байгаа болон түр чөлөөгөөр гарсан, хорих ял эдлэхээс зайлсхийж яваа иргэн гэж ойлгох хэрэгтэй. Эдгээр иргэд сонгуульд оролцох эрх эдэлдэггүй.

Сонгуульд нэр дэвших иргэн 25 нас хүрсэн байхаас гадна өөр ямар шалгуурыг хангасан байх ёстой юм бол?

Х: – 25 нас хүрсэн гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө насанд хүрсэн байх ёстой гэдгийг анхаараарай. Хэрэв эл шалгуурыг хангаж байвал бол сонгуульд нэр дэвших эрхтэй.

Сонгох, сонгогдох эрхийг минь хууль бусаар хязгаарласан тохиолдолд хэн, ямар хариуцлага хүлээх вэ?

Х: – Иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгоно. Харин албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5, хуулийн этгээдийг 5-7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөг торгохоор хуулинд заасан.

Манай хүү олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож Сьерра-Леон улсад алба хааж байгаа. Энэ улсад Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байдаггүй. Тэгэхээр тэнд алба хааж байгаа цэрэг, дайчид маань саналаа өгөх боломж бий юу?

Х: – Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Сьерра-Леон улсад Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй учир энэ удаа хүү тань сонгуульд оролцох боломжгүй юм.

Ер нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд саналаа хэрхэн өгөх талаар Сонгуулийн ерөнхий хорооны http://gec.gov.mn/for_elector/44/133 цахим хуудаснаас  мэдээлэл аваарай.

Би Солонгост ажилладаг. Бид нар Монголдоо байгаа хүмүүстэй адил, нэг өдөр саналаа өгөх үү. Заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой юу?

Х: – Үгүй ээ. Гадаадад байгаа иргэд маань саналаа өгөхөөр очихдоо иргэний үнэмлэх, эсвэл үндэсний гадаад паспорттой байна. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг сонгуулийн санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авсан байхаар хуульд заасан. Энэ жил 6 дугаар сарын 10-ны өдрийн Ням гарагт 07-20 цагийн хооронд гадаад дахь сонгогчдын саналыг авахаар Сонгуулийн ерөнхий хорооноос товлосон. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцохоо урьдчилан мэдэгдэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх ажил дууссан. Гадаад оронд байрлаж буй 39 дипломат төлөөлөгчийн газарт нийт 4300 гаруй иргэд сонгуульд оролцож саналаа өгөхөөр бүртгүүллээ. Гадаад улсад буй Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамны сайтаас аваарай.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд сонгуульд саналаа хэрхэн өгөх  вэ? Миний Монгол дахь хаяг Баянгол дүүрэгт бүртгэлтэй. Би дүүрэгтээнэр дэвшиж байгаа хүмүүсийн төлөө саналаа өгөх боломжтой болов уу?

Х: – Тийм боломж байхгүй. Та хэдийгээр Баянгол дүүрэгт бүртгэлтэй ч гэлээ, харьяа хэсгийн хороо дээрээ биеэрээ очиж сонгуулийн санал өгөх боломжгүй. Тийм учраас та хуульд заасны дагуу гадаад улсад байгаа дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцохоо мэдэгдэн 6 дугаар сарын 10-ны өдөр очиж сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн төлөө саналаа өгөх нь. Саналаа тэмдэглэхдээ өөрийн сонгохыг хүссэн аь нэг нам, эвслийн өмнөх улаан хүрээ бүхий дугуйг тусгай үзгээр дүүргэн будаж тэмдэглэнэ.  

Энэ удаагийн сонгуулийг ажлын өдөр болно гэж сонслоо. Тэр өдөр нь ажилтай бол яах вэ. Санал авах өдрийг хаанаас, хэзээ тогтоодог талаар мэдээлэл өгөөч?

Х: – Юуны өмнө сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарладаг. Энэ жилийн УИХ-ын сонгуулийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны /Пүрэв/ гаригт авахаар зарласан бөгөөд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Тэр өдөр Та ажиллаж байвал ажлаа зохицуулаад өглөөний 07 цагаас оройн 20 цагийн хооронд харьяа хэсгийн хороон дээрээ очоод саналаа өгөөрэй. Таны ажиллаж буй байгууллагын захиргаа саналаа өгөх боломжоор тань хангах үүргийг хуулиар хүлээсэн байгаа.

Би Баянхонгор аймгийн Галуут суманд амьдардаг. Манай аймаг хэдэн тойрог болж байгаа вэ. Хэдэн хүний төлөө санал өгөх талаар тодруулж өгнө үү?

Х :- Баянхонгор аймаг нэг тойрог болж байгаа. Танай тойрог хоёр мандаттай. Тэгэхээр Таны хувьд сонгуульд нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн хоёр хүний төлөө саналаа өгнө. Мөн саналын хуудасны хоёр дахь хэсэгт байгаа сонгуульд  өрсөлдөж байгаа улс төрийн нам, эвслээс зөвхөн нэгийг сонгож саналаа өгөх юм. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог, мандатыг хэрхэн хуваарилсан талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаснаас аваарай.

УИХ-ын сонгуулиар улсын хэмжээнд хэчнээн тойрог, салбар, хэсгийн хороо ажиллах бол. Үүнтэй уялдуулж асуухад сонгуулийн хуульд зааснаарсонгуулийн хороодод зөвхөн төрийн албан хаагч ажиллана гэсэн. Хүн хүчний нөөц хүрэлцээтэй юу?

Х: – УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр 26 тойрог, 334 салбар, 1908 хэсгийн хороодод18 мянга орчим хүн ажиллана.  Нэгэнт хуульд сонгуулийн тойрог болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулахаар тусгасан болохоор бид хуулиа хэрэгжүүлэхийн төлөө л ажиллаж байгаа.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог, хэсгийн хороодын тоо, байршлын талаарх мэдээллийг цахим хуудсаас аваарай.

Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд ямар хүмүүс орж ажиллах вэ, хуулиар хориглосон зүйл бий юу?

Х –  Хориглосон зүйл байгаа. Тухайлбал,  улс төрийн  нам, эвслийн төлөөллөөс гадна улс төрийн албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглосон.

Сонгуулийн үеэр тойрог, хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүс аль нэг улстөрийн нам, нэр дэвшигчдэд үйлчлэх явдал гардаг байсан. Одоогийн хуулиар ийм хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Х: – Энэ тухай Сонгуулийн хуульд тодорхой заасан байгаа. Тухайлбал, тойргийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд  сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгох эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах, нөлөөлөх үйлдэл гаргавал хариуцлага тооцно. Түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмжийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдэл хийх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжихийг хориглоно гээд тодорхой заасан байдаг.

Хориглосон заалтыг зөрчвөл захиргааны хариуцлага хүлээлгэхээс гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрвээ гаргасан зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй  байвал сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд энэ нь төрийн албан хаагчийг төрийн албанд нь нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

Би өөрийн болон гэр бүлийнхнийгээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг хаанаас, яаж шалгах боломжтой вэ. Хэрэв бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгэгдсэн байвал хэнд хандах вэ?

Х: – Сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гуравдугаар сарын 15-наас нийтэд танилцуулж эхэлсэн. Та www.burtgel.mn гэсэн хаягаар орж өөрийн болон гэр бүлийнхнийхээ нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхийг шалгаарай. Сонгогч өөрийнхөө нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй байгаа эсэхийг 6 дугаар сарын 18-наас өмнө шалгасан байх шаардлагатай. Хэрэв таны нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн байвал гомдлоо харьяа сум, дүүргийн хэсгийн хороондоо гаргана уу. Таны гомдлыг тэд ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэж өгөх үүрэгтэй. Харин санал авах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтад аливаа өөрчлөлт оруулахыг хуулиар хориглосон гэдгийг анхаараарай.

Өнгөрсөн сонгуулиудаар сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хорооны гишүүд айл, өрхөөр явж тулгалт хийгээд үйлддэг байсан. Одоо сонгогчдын нэрийн жагсаалтыг хаанаас гаргах вэ?

Х: – 2010 онд Монгол Улс хүн амын тооллого явуулж, иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулсан. Энэхүү иргэний бүртгэлийн улсын санд тулгуурлан Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэж, нягтлан шалгах, давхардлыг нь арилгах, бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн иргэнийг бүртгэх зэрэг ажлуудыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Би бие даан нэр дэвшиж байгаа. Надад сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах, түүнийг хувилж өгөх боломж байдаг уу?

Х: – Та сонгуулийн харьяа хэсгийн хороондоо хүсэлт гаргавал сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасаар болон цахим хэлбэрээр хувилж өгч болно. Гэхдээ хувилж олшруулах зардлын хэмжээг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон. Ер нь сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж, олшруулахыг хориглосон байдаг.

Сонгуулийн санал авах өдөр саналаа өгөхөөр очиход сонгогчдын нэрийн жагсаалтад  бүртгэгдээгүй байвал яах вэ?

Х: – Танд өөртөө цаг гаргаад санал авах өдөр бус түүнээс 10 хоногийн өмнө  сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгасан байх шаардлагатай.

Учир нь хуулиар сонгуулийн санал авах өдөр нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглосон байгаа. Түүнчлэн Таны харьяа хэсгийн хороо чинь 6-р сарын 8-наас өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн байранд ил тавьж, иргэдэд чөлөөтэй танилцах боломжоор хангана.

Сонгогчдын нэрийн жагсаалт гарснаас хойш оршин суугаа хаягаа шилжүүлж болох уу?

Х: – Болохгүй. Сонгуулийн хуулинд сонгууль товлон зарласан өдрөөс эхлээд санал хураалт дуустал хугацаагаар иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих хөдөлгөөнийг улсын хэмжээнд иүр хориглосон. Тиймээс Та иргэний үнэмлэхэн дээрх хаягаараа саналаа өгнө.

Би хөдөө томилолтоор байнга явдаг ажилтай. Миний хувьд сонгогчийн шилжүүлгээ хийлгэн санал өгөх газраа бүртгүүлчихсэн байгаа. Манай ажлын хүмүүс зарим нь шилжүүлгээ хийлгээгүй байсан. Одоо хийлгэж болох уу. Мөн сонгогчийн үнэмлэх өгөх үү?

Х:-Сонгуулийн хуульд сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө буюу 5-р сарын 28-наар дуусгавар болгохоор заасан. Тиймээс сонгогчийн шилжүүлэг зогссон байгаа. Энэ удаагийн сонгуульд сонгогчдод сонгогчийн үнэмлэх өгөхгүй. Та бүхэн зөвхөн иргэний үнэмлэхээ авч харъяа санал авах байрандаа очиж саналаа өгнө. Энэ удаагийн сонгуулиас эхлээд сонгогчийн бүртгэлтэй холбоотой бүхий л асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцаж байгаа.

Би Баянзүрх дүүргийн 3-р хороонд бүртгэлтэй байдаг боловч Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Сонгогчдын нэрийн жагсаалтад аль хаягаараа бүртгэгдэх вэ?

Х: – Та иргэний үнэмлэхнийхээ хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа. Баянзүрх дүүргийн 3-р хороо харьяалагдаж байгаа хэсэгтээ очиж саналаа өгөөрэй. Аль хэсгийн хороонд бүртгэлтэй байгаагаа мэдье гэвэл www.burtgel.mn цахим хаягаар орж үзнэ үү.

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гарвал хаана, хэнд, хэрхэн хандах талаар тодруулж өгөөч?

Х: – Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал хэсгийн хороондоо гомдол гаргаарай. Хэсгийн хороо таны гомдлыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагад ажлын хоёр өдрийн дотор мэдэгдэж шийдвэрлүүлнэ.  Хэрэв  санал авах өдрийн өмнөх өдөр Та гомдол гаргасан бол тухайн өдөрт нь багтаан шийдвэрлэж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг хэсгийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд авахёстой.

Миний иргэний үнэмлэхийн хугацаа дууссан. Одоо лавлагааны бичигтэй байгаа. Энэ тохиолдолд ямар журмаар сонгуульд оролцох вэ?

Х: – Монгол Улсын хэмжээнд иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, мөн хугацаа дууссан иргэний үнэмлэхтэй 40000 гаруй иргэн байгаа тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлсэн. Эдгээр иргэдэд сонгуулиас өмнө цахим үнэмлэх олгоно. Харин бусад иргэд хуучин иргэний үнэмлэхээрээ сонгуульд оролцож саналаа өгнө.

Сонгуульд оролцохдоо иргэд хурууны хээгээ шалгуулж саналаа өгнө гэсэн. Ингэснээр сонгогч дахин санал өгөхөөс сэргийлэх боломж бүрдэж байна гэж ойлгож байна.

Х: – УИХ-ын 2012 оны сонгуульд сонгогчийн бүртгэлийн програм хангамжийг ашиглана. Сонгуулийн хэсэг тус бүрээр ангилсан сонгогчийн хурууны хээний мэдээллийг ашиглах бөгөөд сонгогч санал авах байранд очиж саналаа өгөхдөө хурууны хээ унших төхөөрөмжид хурууны хээгээрээ шалгуулахад бүртгэлийн програмд тухайн сонгогчийн зураг бүхий мэдээлэл гарна. Сонгогчийн мэдээллийг шалгасны дараа тухайн хэсэгт бүртгэлтэй сонгогчид “Бүртгэлийн хуудас” хэвлэж өгнө. Тэрхүү бүртгэлийн хуудсыг хэсгийн хорооны гишүүнд шалгуулан саналын хуудас  авна. Ингэснээр Та санал өгөх эрхтэй болно гэсэн үг.  

Сонгуульд нэр дэвшигчдийн нэрс хэзээ тодрох вэ. Нэр дэвшигчдэд хандив өгвөл яаж өгөх талаар тодруулна уу?

Х: – УИХ-ын сонгуульд  нэр дэвшигчдийг бүртгэх ажил 6-р сарын 06-ны өдөр дуусна. Тиймээс хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэх эсэх  талаар шийдвэр гарснаас хойшажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлэх юм.

Хандивын тухайд бол улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээг хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байхаар хуулинд заасан байдаг. Хэрвээ хуулийн этгээд хандив өгөхөөр бол энэ тухай шийдвэрийг түүний эрх бүхий байгууллага гаргасан байх ёстой. Харин та мөнгөн хандив өгөх гэж байгаа бол тухайн нам, эвслийнхээ банкинд нээлгэсэн сонгуулийн дансанд хийгээрэй. Мөнгөн бус хэлбэрээр өгвөл түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлдэг.

УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүст тавигдах тодорхой шалгуур байдаг уу. Намаасаа л нэр дэвшихээр гараад ирсэн бол бүртгэчихдэг юм уу. Нэр дэвшигчийг эргүүлэн татах, жагсаалтаас хасах тохиолдлуудын талаар тайлбарлаж өгөөч?

Х: – УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа иргэн нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, хууль зөрчин өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн бол жагсаалтаас хасах болно. Түүнчлэн нэр дэвшүүлэх ажиллагаа хуульд заасныг зөрчиж явагдсан болон баримт бичиг дутуу, эсвэл хуурамч, сонгогчийн саналыг татах зорилгоор арга хэмжээ зохион байгуулсан байвал  нэр дэвшигчийн жагсаалтаас хасна.

Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч нь дэмжигч-сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооноос баталснаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан болон түүний  сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцээгүй зэрэг үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах заалтууд бий.

Сонгуулийн үеэр маш олон тооны ухуулагч нар яваад байдаг. Цалин, урамшуулалтай ажилладаг юм уу. Нэр дэвшигчийн ухуулагч, туслагчийн тоог хуульд тодорхой заасан байдаг уу. Үүнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

Х: – Нэр дэвшигчийн шадар туслагч 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй, ухуулагч нь 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй байна гэж хуульд заасан байдаг. Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан болон тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийг, тойргийн хороо тойрогт нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийг тус тус бүртгэж, үнэмлэх олгодог учраас үүнд  хяналт тавих боломжтой. Харин  ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажилладаг.

Сонгуулийн сурталчилгааны үед намууд, нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө талаар янз бүрийн үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад байдаг. Хэрвээ гүтгэсэн байвалхэн, ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Х: – Сонгуулийн хуульд энэ талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал,  нам эвсэл, бие даан нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нэвтрүүлгийн үнэн зөв бодит байдлыг хариуцах бөгөөд хууль зөрчсөн байвал нам эвсэл, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульд заасан байдаг.

Өмнөх сонгуулиар нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баахан бэлэн мөнгө өгөхөөр амалсан заалтууд оруулсан. Одоо энэ удаагийн сонгуулиар бэлэн мөнгө амлахгүй гээд байгаа. Ер нь ямар асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон байдаг вэ?

Х: – УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэхийг хориглосон байгаа. Түүнчлэн үнэ төлбөргүй болон хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглосон. Энэхүү заалтыг зөрчсөн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцох хуулийн заалттай.

Нам эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гаргаад аудитын байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулах болсны учир гэвэл?

Х: – Нам, эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна гэж заасан байгаа учраас энэ удаагийн сонгуульд оролцож буй нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газраар шалгуулан дүгнэлт гаргуулсан.

Сонгуульд нэр дэвшигчид сурталчилгааныхаа ажилд ажилласан хүмүүстээ ажилд оруулахаас эхлээд янз бүрийн амлалт өгөх, аливаа бизнесийг нь дэмжих гэрээ байгуулах явдал байдаг. Энэ нь хуулиар хүлээн зөвшөөрөгддөг үү?

Х: – Үүнийг сонгуулийн хуулиар хориглосон байгаа. Тухайлбал, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахыг хориглосон гэдгийг анхаарна уу.

Сонгуулийн сурталчилгааг хэдийнээс эхэлсэн гэж үзэх вэ. Яг энэ үеэр ямар үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг бол…?

Х: – Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн хороонд бүртгүүлж, үнэмлэхээ авсан өдрөөс эхлэн сурталчилгаагаа хийх эрхтэй. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоосон байх ёстой. Тэгэхдээ сонгуулийн сурталчилгааны үеэр  дараах зүйлийг хориглоно Үүнд:

  • Санал авах өдрийн өмнөх өдрөөс, санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тарааж болохгүй.
  • Нам, эвслээс нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, 
  • Төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах, хуульд зааснаас илүү сурталчилгааны материал тараах,сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг энэ хуульд зааснаас өөр газарт байрлуулах, МҮОНРТ нь төлбөртэй нэвтрүүлэг хийх, эсвэл арилжааны телевиз, радио нь үндсэн сувгаасаа өөр сувгаар сурталчилгаа явуулах, оройн 23.00 цагаас дараа өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглахыг хориглоно. 
  • Түүнчлэн сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах, шашны зан үйл ашиглах, 
  • Өөрөө болон бусдаар дамжуулан, эсвэл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгож үл болно.
  • Мөн сонгогчдын саналыг татах зорилгоортөлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэж оролцох, хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.
  • Цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэвлэн нийтлэх, тараах, сурталчлах, төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулж болохгүй.
  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.

Сонгуулийн сурталчилгааны үеэр телевиз, радиогоор нэр дэвшигчдийн сурталчилгааны нэвтрүүлгүүдээс өөр үзэж сонсох юмгүй шахуу л болдог. Зарим телевизээр нэг намыг хэтэрхий их сурталчлаад, зарим намын нэвтрүүлэг гарахгүй байх шиг байдаг. Энэ ямар учиртай юм бэ?

Х: – Шинэчлэгдэн батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулинд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулах хэм хэмжээг нь тодорхой заасан байгаа. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг батлахдаа нам, эвсэл бүрд, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж байгаа бие даан нэр дэвшигч бүрд тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэр гаргаж мөрдүүлэх юм. Харин арилжааны радио, телевизээр сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүйгээр гэж заасан. Арилжааны телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарьт Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.

Сонгуулийн сурталчилгаа жигд, хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хэн хяналт тавьдаг вэ?

Х: – Энэ бүхэнд зөвхөн Сонгуулийн ерөнхий хороо дангаараа хяналт тавихад хүндрэлтэй нь ойлгомжтой. Тиймээс үүн дээр төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллага болон сонгуульд оролцогч нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн Хэвлэл мэдээллийн зөвлөлийг сонгуулийн үеэр ажиллуулдаг. Мөн холбогдох төрийн байгууллагууд ч үүн дээр хяналт тавьж ажиллах болсон. Эдгээрээс гадна иргэн та ч шударга сонгуулийн төлөө хяналт тавих эрхтэй.

Сонгуулийн жил эхлэнгүүт л сонгуулийн сурталчилгаа яваад эхэлдэг байсан. Энэ жил харин элдэв тэмцээн уралдаан, найр наадам хийхгүй байх шиг анзаарагдаж байна. Хуулинд энэ талаар яг ямар заалт орсон талаар тодруулж өгөөч?

Х: – УИХ-ын сонгуулийн тухай хуульд сурталчилгаа явуулахтай холбоотой нэгэн шинэ заалт орсон. Энэ нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш  буюу 2012 оны 01-р сарын 01-нээс эхлэн санал хурааж дуусталх хугацаанд аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор тодорхой үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тодруулбал, сонгогчид мөнгө, эд бараа тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Түүнчлэн сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахыг хориглосон зэрэг нь багтсан байдаг.

Хууль бус сурталчилгаа хийсэн нэр дэвшигчийн талаар тодорхой баримт нотолгоотой болбол хаана хандах вэ. Мөнгөн шагнал өгнө гэж сонссон. Хэдэн төгрөг өгөх вэ?  
 
Х: – УИХ-ын сонгуулийн тухай хуульд онцолмоор бас нэгэн заалт орсон нь хууль бус сурталчилгаа хийсэн хүмүүст хяналт тавих, тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоох боломжийг иргэддээ олгосон явдал. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээдийн хүмүүст бэлэн мөнгө, эд бараа тараасан нь баримттайгаар нотлогдвол сонгуулийн байгууллагад мэдэгдэж хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Хэрэв тэрхүү мэдээлэл нь үндэслэлтэй болох нь тогтоогдвол хууль бусаар тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг мэдээлэл өгсөн сонгогчид олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болсон юм.

Хэрэв нэр дэвшигчийн талаар хуурамч мэдээлэл тарааж нэр төрийг нь гутаан доромжилбол ямар хариуцлага хүлээлгэх вэ. Сонгууль дөхөөд ирэхээр бие бие рүүгээ дайрч доромжилсон янз бүрийн нэвтрүүлэг их гардаг шүү дээ?

Х: – Нэр дэвшигчийг гүтгэх, нэр төрийг нь гутаахыг хуулиар хориглосон. Өөрөөр хэлбэл, нам, эвсэл, нэр дэвшигчийг бэлэн мөнгө, эд бараа тараасан тухай хуурамч мэдээлэл хийн, бусдыг гүтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалт бий.

Сонгогчидтой хийх хурал цуглаан уулзалтын хугацааны талаар тодруулмаар байна. Сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө уулзалт зохион байгуулж болох уу?

Х: – Нэр дэвшигч үнэмлэхээ авч сонгуулийн сурталчилгаагаа эхлэхээс өмнө уулзалт, цуглаан зохион байгуулж болохгүй. Хэрэв ингэвэл сонгуулийн сурталчилгааны хориглосон заалтыг зөрчсөнд  тооцно.

Харин хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааны үед уулзалт цуглааныг зохион байгуулж болно. Хугацааны хувьд сонгуулийн сурталчилгааг зогсоох үе буюу санал хураалт болохоос өмнөх өдөр хүртэл уулзалт цуглаан хийж болно.

Засаг дарга нар нам эвслийн нэр дэвшигчид тэгш хандах ёстой гэсэн хуулийн заалттай. Гэвч тэд улс төрийн албан тушаалтнууд учраас сонгуулийн үеэр өөрийн намдаа илүүтэй үйлчлэх байдал ажиглагдаад байдаг. Ийм нөхцөлд тэдэнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Х: – Энэ тохиолдолд Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульд заасан байгаа.

Нэр дэвшигчдийг сонгогчидтой уулзалт, цуглаан хийхэд үнэ төлбөргүй байр гаргаж өгөх ёстой гэх юм. Ямар байгууллагын байрыг ашиглавал төлбөргүй байх юм бэ?

Х: – Таны хэлсэнчлэн нэр дэвшигчдийг сонгогчидтой уулзалт, цуглаан хийхэд үнэ төлбөргүй байр гаргаж өгөх ёстой. Үүнд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд  сонгогчдтойгоохийх уулзалт, хурал, цуглаанд зориулж соёлын төв, биеийн тамирын болон хурлын танхимыг төлбөргүйгээр ашиглуулахаар заасан байгаа.

Улс төрийн намууд, нэр дэвшигчид харилцан адилгүй хөрөнгө зарж сонгуульд өрсөлддөг. Үүнд тодорхой хэмжээ хязгаар тавьсан уу. Тухайлбал, бие даан нэр дэвшигч зардлаа өөрөө хариуцах юм байна. Энэ тохиолдолд ямар хяналт тавих вэ?

Х: – Сонгуулийн ерөнхий хороо тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тойрог бүрийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тогтоосон. Түүнчлэн нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон байгаа. Энэ талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны http://www.gec.gov.mn/details/205 сайтаас аваарай.

Иргэд, байгууллагаас дэмждэг нэр дэвшигч, намдаа хандив өгөхөөр болбол заавал сонгуулийн дансанд нь хийх үү. Бэлэн мөнгөөр хандивавах уу?

Х: – Хандивийг ямар ч хэлбэрээр авч болно. Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандив нь хуулинд зааснаар хувь хүнээс нэг сая, албан байгууллага, хуулийн этгээдээс гурван сая төгрөгнөөс хэтэрч болохгүй.

Би аймгийн төвд зочид буудал, цайны газар ажиллуулдаг л даа. Нэр дэвшиж байгаа хүн, намынх нь хүмүүсийг буудалдаа үнэгүй байрлуулж, хоол цайгаар үйлчиллээ гэхэд энэ нь хандивт тооцогддог юм уу?

Х: – Тооцогдоно. Учир нь та хандиваа мөнгөн бус хэлбээр өгч байгаа ч түүнийг тооцохдоо мөнгөн хэлбэрт шилжүүлж тооцохоор хуульд заасан учир таны өгсөн хандив нь зардлын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэдгийг анхаарна уу.

Хандив өргөж болохгүй ямар ямар хүмүүс байдаг вэ. Энэ талаарх хуулийн зохицуулалтын талаар тодруулж өгнө үү?

Х: – Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад улсын иргэн, иргэний харьяалалгүй хүн, сонгууль товлон зарласан өдөр арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд, үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон. Хэрэв дээр дурдсан хуулийн этгээдээс хандив авсан бол нэр дэвшигчийг хасах үндэслэл болно.

Нэг барилга байгууламж, цогцолбор дотор хэд хэдэн санал авах байр байгуулж болно гэдгийг тодруулж өгөөч. Санал авах байрны хаяг, байршлуудыг хаанаас мэдэж болох вэ. Өмнөх сонгуульд санал өгөх хэсгийн хороогоо хайж олох гэж хугацаа алдаж байлаа?

Х: – Хэсгийн хороо санал авах өдрөөс 30 хоногийн өмнө хэсэг дэх санал авах байрны дугаар, нэр, хаяг, байршил, шаардлагатай бол орчин тойрны дэвсгэр /план/ зургийг баталж, нийтэд зарлан мэдээлэх ёстой.

Харин нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байхаар зохион байгуулж болно гэж заасан. Өмнөх сонгуулийн үеэр нийслэлийн нэг хэсэгт 6000 хүртэл ногдож байсан бол одоо нэг хэсэгт 3000 хүртэл сонгогчтой байхаар зохион байгуулж, хэсгийн тоо нэмэгдсэн. Үүнтэй уялдаж санал авах байрны хүрэлцээний асуудал гарч байгаа юм. Сонгуулийн хэсгийн хороод байрлах байгаа байрны хаягаа тодорхой зарлан сонгогчдод мэдээлэх үүрэгтэй.

Иргэд сонгуулиа өгсний баталгаа болгож хуруундаа бэх түрхүүлдэг. Энэ удаа яах бол?

Х:- УИХ-ын энэ удаагийн сонгуульд санал өгсөн иргэдийг баталгаажуулж бэх түрхэхгүй. Харин иргэний үнэмлэхэнд тэмдэглэл хийхээр болж байгаа.

Би иргэн хүнийхээ хувиар санал авах байранд байж санал хураалт хуулийн дагуу болж байгаа эсэхийг ажиглаж, харж байж болох уу. Санал авах байранд ямар хүмүүс байхыг зөвшөөрдөг юм бол?

Х: – Одоогоор иргэдэд санал хураалт хуулийн дагуу болж байгаа эсэхийг ажиглах боломжийг хуульд тусгаагүй байна. Санал авах байрт хэсгийн хороодын дарга, нарийн бичиг, ажилтнууд, мөн нам эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон ажиглагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд байж болно. Мөн иргэний төлөөлөл болгон төрийн бус байгууллагуудын ажилтнууд ажиглалт хийхээр болсон. Энэ удаагийн сонгуульд нийт 11 төрийн бус байгууллага ажиглалт хийхээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн зөвшөөрөл аваад байна.

Саналын хуудасны загвар ямар байх талаар тодруулж өгөөч. Сонгуулийн тогтолцооноосоо хамаараад, мөн нийслэлийн ИТХ-ын сонгууль зэрэг явах болсонтой холбоотой олон саналын хуудастай байх уу. Саналын хуудсыг хуурамчаар хийхээс сэргийлж ямар арга хэмжээ авах вэ?

Х: – УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загвар, тоо, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталсан. Тэгэхдээ саналын хуудас нь тусгай нууцлалтай, нэгдсэн таних нууц тэмдэгтэй учир хуурамчаар үйлдэх боломжгүй. Үүнд нэг зүйлийг онцлоход хоёр саналын хуудас байхгүй. Харин саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэг бүхий хуудас байна. Харин нийслэлийн сонгогчын саналын хуудас нь ар өвөргүй хэвлэгдсэн саналын хуудас байхаар загварыг баталсан.

Би яаж саналаа өгөх вэ? Саналаа мандатын тооноос дутуу тэмдэглэж болох уу. Жишээлбэл, өмнөх сонгуулиар гурван мандаттай тойргийн сонгогчид нэг юмуу хоёр нэр дэвшигчийн төлөө санал өгөхөд хүчинтэйд тооцож байсан?

Та саналаа өгөхдөө тойрогтоо ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Хэрэв дутуу, эсвэл илүү тэмдэглэсэн /будсан/ бол таны санал хүчингүй болох тул саналын хуудсанд бичигдсэн болон санал тэмдэглэх бүхээгт байх санал тэмдэглэх зааврыг сайн уншаарай.

Хэрэв та саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн гэж үзвэл санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа хийхээс өмнө хэсгийн хорооны гишүүнд мэдэгдэн дахин нэг удаа саналын хуудас авах боломжтой.

Сонгуулийн ажиглагч хийхэд ямар эрх үүрэгтэйгээр санал авах байранд ажилладаг, хэн хаанаас томилдог бол?

Х: – Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн зөвшөөрөл авсан төрийн бус байгууллага ажиглагчдаа томилон сонгуулийн үйл явцыг ажиглуулдаг.

Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах  үүрэгтэй.

Тэгэхдээ сонгогчдын нэрийн жагсаалт болон саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах, санал тоолох ажлыг ажиглах,бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягттай танилцах эрхтэй. Улмаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарь, санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцахыг хуулиар зөвшөөрдөг. Мөн сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх, ямарваа нэгэн зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах, хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах, ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх эрх эдэлдэг.

Санал хураалтын дараа маргаантай асуудал гардаг. Ажиглагчийн хувьд санал хураалтын дүнг тухайн цагт нь баримтжуулах бололцоо байдаг уу?

Х: – Болно. Тэгэхдээ нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагч хэсэгт санал хураалт дууссаны дараа тухайн хэсэг дэх санал тэмдэглэсэн саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авч болно.

28 хүнийг хувь тэнцүүлэх тогтолцоогоор яаж сонгох вэ. Өөрөөр хэлбэл, санал өгөхдөө хүний нэр, намын нэрийн алийг нь тэмдэглэх юм бол?

Х: – Танай тойрогт хэдэн мандат байгаагаас хамаарч мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будаж тэмдэглэнэ. Харин хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгохдоо саналын хуудас дээр байгаа нам эвслийн нэрээс өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг намын өмнөх дугуйг будаж тэмдэглэнэ гэсэн үг. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь 48-аас илүүгүй хүний нэрийг сонгуулийн 26 тойрогт нэр дэвшүүлж, үлдсэн 28-аас илүүгүй нэр дэвшигчийг нам, эвслээс гаргасан нэрийн жагсаалтаар нэр дэвшүүлнэ. Нам, эвсэл нь хэдэн ч хүний нэрийг дэвшүүлж болно. Гэхдээ 28-аас ихгүй байна. Эдгээр жагсаалтаар нэр дэвшиж буй нэр дэвшигчдийнхээ эрэмбэлсэн жагсаалтыг сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдод танилцуулах бөгөөд харин санал хураахдаа зөвхөн намын нэрээр хураана. Өөрөөр хэлбэл, Та тухайн нэг нам, эвслийн төлөө санал өгвөл жагсаалтын эхнээс эрэмблэгдсэн нэр дэвшигчид нь нам, эвслийнхээ авсан суудлын тоотой тэнцүү тоогоор сонгогдсонд тооцогдох юм.

Өмнөх сонгуулийн үеэр хэсгийн хороон дээр саналын хуудсыг дахин тоолох асуудлууд багагүй гарч байсан. Яг ямар шалтгаанаар ингэж сонгогчдын саналын хуудсыг дахин тоолдог юм бэ?

Х: – Санал авахад зарцуулсан болон зарцуулагдалгүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороохүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох ёстой. Шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолдог юм. Үүнээс өөр шалтгаанаар саналын хуудсыг дахин тоолохыг хориглодог.

Хүмүүс сонгогчдын саналыг автомат машинаар тоолно гэхээр нэг зүйлээс болгоомжилж байгаа. Энэ нь санал тоолох машины мэдээллийн аюулгүй байдал, бас хөндлөнгөөс санал тоолох ажиллагаанд нөлөөлөх зэрэгт эргэлзэж байгаатай холбоотой?

Х: – Сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу санал тооллогын дүнг ямар үзүүлэлтээр яаж гаргах вэ, саналын нууцлалыг хэрхэн хангах вэ, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Энэ ажилд төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, сонгуульд оролцогч нам, эвслүүд хамтран хяналт тавин ажиллаж байна. АНУ-ын “Dominion voting” компанийн Image Cast загварын санал тоолох төхөөрөмжийг ашиглан УИХ-ын 2012 оны сонгуулийн санал хураалтыг зохион байгуулна. Энэ төхөөрөмжөөр сонгогчийн санал хураах ажиллагааг явуулахад уг машин нь ямар нэгэн сүлжээнд холбогдолгүйгээр, сонгогчийн саналын хуудасны мэдээллийг тусгайлсан програмын тусламжтай нэгтгэх бөгөөд уг машинд уншигдсан бүх саналын хуудсыг зурган хэлбэрээр хадгалдаг. Санал тоолох төхөөрөмжийн болон сонгогчийн бүртгэлийн програм хангамжийг сонгуулиас өмнө туршин шалгаж баталгаажуулсны дараа ашиглана Тэгээд ч санал тоолох машины зохион байгуулалт битүү сүлжээнд ажиллах зарчмаар бүтээгдсэн учраас найдвартай байдлыг хангасан гэж дүгнэж байна. Кодтой, түлхүүртэй,нууцлалтай.Цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар батарейгаараа ажиллах горимд шилжиж 12-13 цаг тасралтгүй ажиллах боломжтой.

Санал тоолох машиныг сонгуулийн санал авах өдөр л ашиглах юм уу эсвэл урьдчилан туршсан байх уу?

Х: – Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, программ хангамжийг урьдчилан туршихгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглосон. Тиймээс автоматжуулсан систем, хэрэгслийн иж бүрдлийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан журмын дагуу хууль хяналтын байгууллага, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага болон нам, эвслийн томилсон ажиглагчдыг оролцуулан турших учиртай.

Эцэст нь Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шалган туршиж, түүний бэлэн байдлыг баталгаажуулсан тухай гэрчилгээг техник хэрэгсэл, програм хангамж тус бүрд олгоно.

Санал тоолох автомат машины хүчин чадал, яаж ажилладаг талаар танилцуулж өгнө үү?

Х: – Бид АНУ-ын “Dominion Voting Systems” компанитай гэрээ  байгуулж, 2500 машин захиалсан.Бүгд ирээд туршилтанд ороод явж байна. Энэ машин нь нэг хуудсыг 5-8 секундэд тоолох хүчин чадалтай. Саналын хуудсыг хийх зориулалтын хэсэгт чиглүүлэн тулган барихад саналын хуудсыг автоматаар татаж авч дүнг нь боловсруулан хадгална. Санал хураалт 20 цагт дууссаны дараа дүнг нэгтгэн хэвлэн гаргана. Программ хангамжаас алдаа гарах магадлал маш бага. Зохих ёсны гэрчилгээтэй.Машин бүр 12-13цаг ажиллах хүчин чадалтай жижигхэн батерейтай учир эрчим хүчний тасалдал гарсан ч найдвартай ажиллана.

Эрхэм сонгогч Та бүхнийг 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07-20

Иргэн Та сонгуулийн хууль, эрх зүйн орчинтэй танилцахыг хүсвэл www.gec.gov.mn сайтруу хандахад тодорхой мэдээллийг авах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж