“Тиранозаурус Батаар”-ын шинэ сураг сонстлоо

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

“Тиранозаурус Батаар”-ын шинэ сураг сонстлоо

Дуудлага худалдаанд орсон цагаасаа шуугиан дэгдээсэн “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясны олдвор Монголынх гэдгийг эрдэмтэд урьдчилсан байдлаар нотолсон байна. Энэ тухай БСШУ-ы сайд, твиттерийн “шуурхай жиргээч” Ё.Отгонбаяр сая мэдээллээ.

“Тиранозаурус Батаар”-ын араг ясны гарал үүслийг судлах ажлын хэсгийнхэн зургадугаар сарын 3-нд АНУ руу явсан юм. БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, палеонтологич эрдэмтэн Х.Цогтбаатар нар АНУ, Канадын эрдэмтэдтэй хамтран ажлын хэсэгт багтсан юм. Тэд үүргээ амжилттай биелүүлж, “Тиранозаурус Батаар” нэрээр олны танил болоод буй үлэг гүрвэлийн олдвор Монголынх гэдгийг ийн урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэ тухай мэдээлэл маргаашнаас илүү тодорхой болох бололтой. Нэгэнт үлэг гүрвэлийн араг яс Монголынх гэдэг нь бараг тогтоогдож буй тул 2,63 сая ам.долларын үнэ хүрсэн энэ ховор олдворыг хэзээ, хэрхэн яаж, хэний тусламжтайгаар хил давуулж АНУ-д хүргэв гэдэг томоохон асуудал дараагийн шатанд үүсэхээр болоод байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж