Зарим нэгэн этгээд заншилтай оронд хүмүүс аалзаар хооллож, дэвхрэгээр даруулдаг. ГӨО буюу генийн өөрчлөлттэй организмын эсрэг “Та юу идэж байгаагаа мэдэж байна уу?” рекламандаа BBDO Moscow агентлагийн уран бүтээлчид чухам иймэрхүү шавьжнуудыг бид хүнсэндээ хэрэглэж байж болзошгүй тухай сануулж байгаа юм. Ер огт гэмгүй цэвэрхэн, мөлчгөр ногоонууд рекламны хуудсанд хавч, дэвхрэг, бүр хилэнцийн дүрээр үзэгдэнэ.
Дэлхийд алдартай Greenpeace-ийн захиалгаар хийсэн энэ реклам ногоон талбайгаас зулгаасаан бүх бүтээгдэхүүн эрүүл мэндэд маань тустай байхгүй гэж баталж байна. Энэ зурагт хуудасны тайлбар нь “Генийн өөрчлөлттэй ургамлын ДНХ нь шавьж, амьтан, бүр вирусын ген агуулж байж болзошгүй. Эдгээр бүтээгдэхүүн эрүүл мэндэд хортой байж болзошгүй. ГӨО (орос – ГМО, англи – GMO) гэсэн бичгийг шошгон дээрээс хайгтун” гэсэн байна.
Бичгэн хэсэг нь жижигхэн бөгөөд үл анзаарагдам. Гэхдээ реклам бүтээгчдийн үзэж байгаагаар хараагаар нөлөөлөх нь жирийн хар цагаан үсгэн бичвэрээс хавьгүй илүү нөлөөлөх чадвартай гэнэ.