Байгаль хамгаалагчдын багаж хэрэгсэл дутмаг байв

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалагчдын багаж хэрэгсэл дутмаг байв

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн  ногоон бүс болон дархан цаазтай газруудад шалгалт хийлээ. Тухайлбал,Чингэлтэй дүүргийн XIX хорооноос Шадивлан, Салхит, Ар согоот, Тахилт, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Өвөргүнт, Майхан толгой, Чингэлтэй-Уул зэрэг газрууд хамрагдсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн XV  хорооноос Шарга морьт, Хуурай мухар, Их, Бага баян, Хандгайт, Баянбулаг, Санзай, Сонгинохайрохан дүүргийн XXI хорооноос Халзан мухар,Баянгол, Шижирийн даваа, Хан-Уул дүүргийн XI хорооноос Бумбат, Залаат, Хүрхрээ, Нүхт, Жаргалант  зэрэг нийт 43 аж ахуй нэгжид шалгалт хийсэн юм.
Богд хан, Хан хэнтий орчмоор шалгалт хийхэд Зайсангийн аманд байрлах “Богд хан” амралтын тог цахилгааны холболт буруу хийгдсэнээс гал түймэр гарах нөхцөл бүрэн бүрдсэн аж.  Учир нь тус амралтын газрын ресторан, гэрүүдийн цахилгааныг зориулалтын бус утсаар цахилгааны дамжуулалт хийжээ. Мөн амралтанд ирэгсэдийг Богд ууланд чөлөөтэй зорчуулдаг нь ой хээрийн түймэр гарах эрсдэл ихтэй гэнэ. Харин Нүхтийн амралтанд  галын хор нь хугацаа хэтэрсэн, амрагчдын аюулгүй байдлыг хангах асуудал хангалтгүй байна гэж ажлын хэсэг дүгнэлээ. Харин Богд уулын ам бүрт нэг, нэг байгаль хамгаалагч ажилладаг бөгөөд нийтлэг нэг зөрчил байсан нь гал унтраах хэрэгсэл хэт хуучирсан, дутмаг, тог цахилгаангүйгээс холбоо барих, мэдээ дамжуулах боломжгүй гэдгээ учирлаж байв. Уг нь Богд хан уулын дархан цаазат газраас тэдэнд хангалт өгөх ёстой байдаг аж. Мөн  зарим морин эргүүл гал түймэр гарсан тохиолдолд дуудлага өгөх утасны дугаарыг мэдэхгүй байх тохиолдол гарч байлаа.
Шалгалтын явцад Жаргалантын аманд байрлах байгаль хамгаалагчийнх бэлтгэл ажил хангалттай гэсэн дүн авсан юм. Хамгийн сүүлд Налайх дүүргийн аврах гал унтраах 28 дугаар ангид очиж, тус ангийн бэлтгэл байдалтай танилцлаа. Тус дүүргийн хувьд урамшуулалт эргүүл, морин эргүүл ажлуулдаг бөгөөд сарын 15 мянган төгрөгөөр цалинжуулдаг аж. тэд Туулын шугуй, Тайжын энгэр, бусад нь Тэрэлжийн амнуудад эргүүл хийдэг байна.
Нийслэлийн онцгой байдлын алба дөрөвдүгээр сарын 20-ниос эхлэн ирэх 11 дүгээр сарын нэгнийг хүртэл энэхүү гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг ажээ. Энэ ажлын хүрээнд Хан-уул дүүргийн онцгой байдлын хэлтэсээс өнгөрсөн оноос мотоциклтэй эргүүл 24 цагийн турш эргүүл хийлгэдэг болжээ. Эргүүл хийсний үр дүнд өнгөрсөн онд Бугийн сангийн аж ахуй дээр анх түймэр гарч байсан ба нийт дөрвөн түймэр богд ууланд гарсан байна. Энэ жил дахин эргүүл хйиж байгаа нь үр дүнтэй байгаа аж. Учир нь иргэд Богд хан уулаар зорчих үед тэднийг бүртгэлд хамруулж, шаардлагагүй бол хамгаалалтын бүс рүү нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж