О.Зоригтыг хорих ангид авчирчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

О.Зоригтыг хорих ангид авчирчээ

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой цагдаагийн экс-дарга нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Урьдчилан хорих 461 дүгээр ангид эхлэх тов ёсоор шүүх хуралд оролцох талууд цуглаж эхэлжээ. Шүүх хуралд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаад буй Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр н.Яринпил, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр Е.Өнөрбаяр, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр С.Тэгшжаргал нар оролцох аж.

Шүүх хурал өнөөдөр болохтой холбогдуулан П.Н Шастины нэрэмжит Клиникийн III нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан цагдаагийн хурандаа О.Зоригтыг өчигдөр орой 23.00 цагийн орчимд тус эмнэлгээс Урьдчилан хорих 461 дүгээр ангид авчирсан байна.

Мөн шүүх хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү хүрэлцэн ирээд байна. Түүний өгсөн мэдээллээр шүүх хурал эхэлбэл МАХН-ын дарга Н.Энхбаяр хүрэлцэн ирж, гэрчээр оролцох гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж