Америкийн конгрессын гишүүн, ардчилсан намын Эдвард Марки болон бүгд найрамдахын Жо Бартон нар Facebook нийгмийн сүлжээний тэргүүн Марк Цукербергт хандсан захидлаа нийтэлжээ. Үүнд тэд дээрх үйлчилгээ 13-аас доош насны хэрэглэгчдэд нээлттэй болж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Захиаг төлөөлөгчдийн танхимын сайтан дээрээс харж болно.
Хүүхдүүд эцэг эхийнхээ хяналтан дор нийгмийн сүлжээг ашиглаж болох технологийг Facebook боловсруулж байгаа тухай 6 сарын 3-нд The Wall Street Journal мэдээлсэн байна. Нэрийг нь нууцалсан эх сурвалжид тулгуурлан дээрх хэвлэл өсвөрийн хэрэглэгчдийн аккаунт эцэг эхийнх нь хуудсанд холбоотой байх тухай мэдээлсэн юм. Чухам эцэг эхчүүд хүүхэд нь хэнтэй “найзалж”, ямар программ ажиллуулж болохыг шийдэх юм байна.
Конгрессменүүд 13-аас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээг ашиглах нь улам бүр нэмэгдсээр байгаад санаа зовж байгаагаа захиандаа илэрхийлжээ. Тэд Хүүхдийн хувийн мэдээллийг сүлжээнд хамгаалах тухай хуулиар бол ийм хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зөвхөн эцэг эхийнх нь зөвшөөрлөөр цуглуулж, боловсруулах ёстойг сануулсан байна.
Үүнтэй зэрэгцэн, хууль тогтоогчид нийгмийн сүлжээ өсвөрийн хэрэглэгчдийн өгөгдэхүүнийг ашиг хожноо олохын тулд ашиглаж болохгүй гэж үзэж байгаа юм. Учир нь The Wall Street Journal-д мэдээлснээр сүлжээний дээрх шинэчлэл нь Facebook болон тэдний түншүүдийг тоглоом болон хүүхдэд зориулсан бусад үйлчилгээнээс төлбөр авах боломжтой болгох юм байна.
Конгрессменүүд захиандаа нийт 14 заалт бүхий асуулга тавьсанд Цукерберг 6 сарын 25-ны дотор хариулт өгөх ёстой. Үүнд жишээ нь, нийгмийн сүлжээгээр хүүхдүүдэд реклам үзүүлэх эсэх, тэдний мэдээллийг хөндлөнгийн байгууллагад худалдах эсэх зэрэг асуулт байгаа юм.
WSJ-д мэдээлж байгаагаар, хүүхдүүдээ сүлжээнд аюулгүй байлгахад эцэг эхчүүдэд хэрхэн туслах талаар сонирхогч талууд, хууль тогтоогчид, сахиулагчидтай Facebook яриа хэлцэл хийж байгаа юм байна.
Бага насны хүүхдийг сүлжээгээр дамжуулан заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамтлах, хүчирхийлэх оролдлогууд цөөнгүй гарч байсан бөгөөд энэ нь сүлжээний аюулгүй байдлын нэгэн ноцтой сэдэв байсаар байгаа билээ.
Эх сурвалж: markey.house.gov