Анхель ди Мария: Европын аваргад Испанийн баг түрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Анхель ди Мария: Европын аваргад Испанийн баг түрүүлнэ

Аргентиний шигшээ болон Испанийн эзэн хааны “Реал” багийн хагас хамгаалагч Анхель Ди Марияг өнөө цагийн хамгийн авьяаслаг тоглогчдын нэг хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг. Хурдтай, хууралт сайтай тэрээр “World Soccer”-т ярилцлага өгснийг товчлон нийтэлж байна.

-“Реал” Испанийн лигт итгэл төгс түрүүллээ. Үүний нууц юу вэ?

– Нууц гээд байх юу байхав дээ. Манай баг маш сайн тоглосон. Тэгээд аварга болж чадлаа. Ер нь манай багийн хувьд том зорилго тавьж үүндээ хүрэхийн тулд уйгагүй зүтгэдэг. Нөгөө талаар ялалт бидэнд амархан ирээгүй гэдгийг онцлох хэрэгтэй байх.

– “Барселона” бол яах аргагүй танай гол өрсөлдөгч. Халз өрсөлдөөнд тэд ихэвчлэн илүүрхэж байсан.Гэвч энэ удаа аз танай багийг ивээлээ?

– Аз гэж хэлэхэд арай болохгүй байх.Тэгэхдээ боломж бүх багт байдаг. Манай багийн хувьд өмнө нь боломжоо ашиглаж чадахгүй байлаа.Харин энэ улиралд бид илүү байлаа.“Барселона” бол мэдээж сайн баг. Тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөх цөөн баг байдгийн нэг нь манай баг юм.

– Гвардьола “Барселона”-г орхилоо. Энэ баг тэргүүллээ алдана гэж ойлгож болох уу?

– Гвардьола бол үнэхээр мундаг дасгалжуулагч.Түүний ачаар “Барса” олон тэмцээнд түрүүлсэн. Багаа орхиж байгаа гээд бид баярлах ёсгүй. Яагаад гэвэл,тэд өмнөхөөсөө ч улам хүчирхэг болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Ирэх улиралд бидний өрсөлдөөн улам ширүүснэ.

– Таныг анх “Реал”-д ирэхэд хөгжөөн дэмжигчид тийм ч таатай хүлээж аваагүй. Энэ багт ихэвчлэн олонд танигдсан лидер тоглогчид ирдэг болохоор тэр байх  л даа. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан  бэ?

– Намайг тэр үед олон хүн таньдаггүй байсан л даа. Тэглээ гээд огт тоохгүй байсан гэж хэлж болохгүй. “Реал”-д муу тоглогч ирдэггүй болохоор тэр байх.

-Таныг 25 сая еврогоор үнэлсэн бил үү?

– Тийм байх. Би сайн санахгүй байна.

– Ийм өндөр үнэд хүрнэ гэж бодож байсан уу?

– Үнэнийг хэлэхэд энэ талаар огт бодож яваагүй юм байна. Тэгэх шаардлага ч байгаагүй.

– Таныг багадаа их сэргэлэн хүүхэд байсан гэдэг. Хөлбөмбөгч болно гэж мөрөөдөж байв уу, эсвэл?

– Намайг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Тиймдээ ч аав намайг долоон настай байхад төрөлх хотынхоо «Атлетико Эль Торито» багт оруулж байлаа. Эхэндээ хөлбөмбөг тоглох дургүй байлаа.

– Яагаад?

– Өглөө эрт босох нь их хэцүү байлаа. Таван цагт босч гүйдэг байлаа. Би их нойртой байсан ч юм уу,ахад л их загнуулж байсан. Одоо бодоход их залхуу байж. Харин 13 настайдаа “Росарио Сентраль” багт шилжиж очсоноор миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Чухамдаа энэ багт ирээд л би өөрийгөө мэргэжлийн хөлбөмбөгч болох ёстой гэдгийг ойлгосон. Энэ үеэс л эрчимтэй хичээллэсэн гэх үү дээ. Эхэндээ би хамгаалагчаар тоглодог байлаа. Харин дасгалжуулагч Киньедо,чи их хурдтай,бас цохилт сайтай юм чинь довтлогчоор тогловол илүү үр дүнд хүрнэ гэж хэлсэн. Тэгээд л хэсэг хугацаанд довтлогчоор тоглосон.

– Харин одоо та довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглодог. Ялгаа бий биз. Аль байрлал танд эвтэйхэн санагддаг вэ?

– Довтлогчоор тоглоход сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ жигүүрийн хагас хамгаалагчаар тоглоход ч урамтай байдаг юм. Нэгэнт дасгалжуулагч ингэж тогло гээд заачихсан болохоор арга байхгүй.

– Та харин ч энэ байрлалд сайн тоглож байгаа шүү дээ?

– Чадлаараа хичээж байна. Ер нь “Бенфика”-д очоод л би албан ёсоор жигүүрийн хагас хамгаалагч болчихсон юм шүү дээ.

– Та Оросын “Рубин” багт тоглох шахсан юм уу. Эцсийн мөчид бодлоо өөрчилсөн гэдэг?

– Оросын баг манай багт найман сая евро санал болгосон юм билээ. Багууд тохиролцож бас би гэрээнд гарын үсэг зурахад ойрхон байсан.

– Тэгээд?

– Тэр үед “Бенфика”-гийн Симау Саброза,хэрвээ чи олны танил болохыг хүсч байгаа л юм бол хүчирхэг багт оч. Оросуудаас их мөнгө авч тоглолоо гээд чи хожихгүй,харин ч хайран жил алдана гэсэн юм. Үнэхээр бодууштай үг хэлсэн л дээ. Хэрвээ би тэр үед “Рубин”-д очсон бол өдийд жирийн л нэг тоглогч байх байсан болов уу. Удалгүй би “Бенфика”-г сонгосон. Тэр нь ч оносон.

-“Реал”-д очих болсноо сонсоод баярласан уу?

– Тэгэлгүй яахав. “Реал”-д тоглоно гэж мөрөөдөж байгаагүй ч үнэхээр их баярласан. Бас өөрийгөө хөлбөмбөгч болсон юм байна даа гэж  бодсон. Их урам зориг орсон гэх үү дээ. 

– Оросын “Анжи” баг их мөнгө амлаж шилдгүүдийг эгнээндээ нэгтгэж байна. Танд энэ багаас санал ирсэн гэсэн?

– Янз бүрийн санал ирдэг шүү дээ. Үүний л нэг. Ер нь тэр багийн талаар их ярьдаг болсон байна шүү. Эзнийг нь хэн гэлээ дээ,их мөнгөтэй хүн байдаг гэсэн. Тэр хүн ямар ч мөнгө амласан би “Реал”-аас явахгүй. Бас мэдээж намайг явуулахгүй шүү дээ. 

 – Дасгалжуулагч Моуриньогийн талаар юу хэлэх вэ. Танай багийн тоглогчид түүнийг дандаа магтдаг. Харин та нэг удаа шүүмжлэхгүй юу . Мэдээж танд хэцүү байх. Гэхдээ?

– Тэр хэтэрхий сайн дасгалжуулагч гэж  шүүмжлэх байна. Үнэнийг хэлэхэд багийнхаа төлөө,тоглогчдынхоо төлөө сэтгэл зүрхээрээ “буцалж” байдаг хүн бол Моуриньо. Тиймдээ ч тэр бусдын анхаарлыг байнга татаж, бас шүүмжлүүлж байдаг. Хэрвээ та ажигласан бол тэр хэзээ ч өөрийгөө магтаж байгаагүй. Дандаа л багийн эрх ашгийн төлөө явдаг. Багаа өмөөрч “Барса”-гийн эсрэг хэдэн хатуу үг чулуудсанаасаа болж яаж шүүмжлүүлж байлаа. Бүгд санаж байгаа.

– Түүнийг хамгийн шилдэг дасгалжуулагч гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

– Тийм гэж итгэлтэй хэлнэ.

– Таниас хөгжөөн дэмжигчид ихийг хүлээж байгаа.Та үүнийг мэдэрч байгаа биз дээ? 

– Тэгэлгүй яахав. Хичээж л байна. Би нэг зүйлийг хүсч явдаг юм.

– Юу юм бэ?

– Дэлхийн шилдэг хөлбөмбөгч болох. Ямар ч гэсэн дэлхийн шилдгээр шалгарна гэдэгтээ итгэлтэй явдаг юм. 

– Аргентиний шигшээ баг олон улсын тавцанд сайн амжилт үзүүлэхгүй байна. Уг нь шилдэг олон тоглогч байна шүү дээ. Ямар шалтгаан байдаг юм бол?

– Их олон шалтгаан байгаа болов уу. Миний бодлоор сайн дасгалжуулагч л дутаад байгаа болов уу. Түүнээс биш дэлхийн шилдгүүд манай багт байна шүү дээ.

– Үүнийг хэлээд байна л даа. Марадона дасгалжуулаад амжилтад хүрсэнгүй. Уг нь түүнээс л бүгд амжилт хүлээж байлаа?

– Марадона багаа дэлхийн аваргад муу бэлдээгүй юм шүү. Түүнийг л буруутай юм шиг одоо ярьж байгаа. Үнэндээ бид бүгдээрээ буруутай. Хичээж тоглох нь бидний үүрэг шүү дээ. Гэтэл бид мэрийж тоглоогүй нь үнэн. Нэг тийм зүйл дутаад байсан юм.

– Юу юм бол?

– Аварга болох чин хүсэл гэх үү дээ. Бүгд  сэтгэл зүйн хувьд сул байсан л даа.

– Мэргэжлийн хөлбөмбөгчид тийм байсан гэхэд итгэж өгөхгүй юм?

– Тийм байхаас аргагүй. Ер нь манай багийн бүх тоглогч эх орныхоо нэр хүндийн төлөө чин сэтгэлээсээ тоглодог болсон цагт л манай баг өндөр амжилт үзүүлэх байх. Одоо бол үнэндээ шигшээ багт тоглох ёс төдий л болоод байна шүү дээ. 

-Удахгүй Европын аваргын тэмцээн эхэлнэ. Аль баг амжилт үзүүлэх бол?

– Би Европын багуудын тоглолтыг анхааралтай ажиглаж байгаа. Тэр дундаа Испанийн багийг хамгийн сайн нь гэж боддог. Тэд тохиолдлоор Европ,дэлхийн аварга болоогүй. Энэ удаа ч сайн тоглоно гэдэгт итгэлтэй байна.

– Тэд түрүүлнэ гэсэн үг үү?

-Яг тийм. Одоогоор Испанийн баг шиг зохион байгуулалт сайтай,хамт олон жил тоглосон тоглогчидтой баг алга. Яахав,Германы баг сайн тоглох байх. Гэхдээ л Испанийн багийн хэмжээнд хүрэх болоогүй. 

-Английн баг ямар амжилт үзүүлэх бол?

– Тэмцээний өмнө дасгалжуулагчаа сольсон баг амжилт үзүүлсэн түүх ховор байдаг. Тэгэхээр тэдний магадлал бага байх болов уу.

"СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж