Нийслэл Засаг даргын ивээл дор Монголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн үргэлжилж байна. Охидын дунд болж буйгаараа онцлог уг тэмцээнд 25 багийн 250 гаруй тамирчин оролцож байгаа юм. Уг тэмцээн хөлбөмбөгөөр хичээллэгч охидын тоог олшруулж, байнгын сургалттай хөлбөмбөгийн баг, клубыг бий болгох зорилготой аж. Дөрвөн насны ангилалд болж буй тэмцээний хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. U-13 насны ангилалд найман баг өрсөлдсөнөөс 58 дугаар сургууль, мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Титэм хужирт” багууд нэг ч хожигдол амсалгүй ½ шигшээд үлдэв. Мөн “Хаан хүнс титэм” дараагийн шатанд шалгарчээ. U-15 насны ангилалд зургаан баг өрсөлдөж “Хаан Хүнс Титэм”, “Шинэ яармаг”, “Эрчим”, “UB United” гэсэн багууд шөвгийн дөрөвт үлдэв. U-17 насанд “UB United”, 58 дугаар сургууль, “Эрчим”, “Хаан Хүнс Титэм”-ийн хамт шөвгөрлөө. 18-аас дээш насны ангилалд таван баг тоглож байна. Цомын аваргууд өнөөдөр тодорно.
"СПОРТЫН ШУУДАН" сонин