Архангай аймгийн Хүүхдийн төлөө хэлтсээс хэвлэл мэдээллийнхтэй “Зангиагүй уулзалт” хийжээ. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл болон хэлтсийн зүгээс 2008 оноос хойшхи хугацаанд хийсэн ажлаа дэлгэрэнгүй мэдээлж санал бодлоо солилцжээ. Өрхийг чадавхижуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулж, хүүхдийн асуудалд насанд хүрэгчдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах явдал өнөөгийн амьдралаас урган гарч буй тулгамдсан асуудал болж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар аймгийн хэмжээнд гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт тогтмол өсч байна. 2009 онд гэрлэлт 1025, цуцлалт 26 бүртгэгдсэн бол 2011 онд гэрлэлт 374, цуцлалт 49 болжээ. Жирэмслэлт төрөлттэй холбоотой эхийн эндэгдэл буурахгүй байна. Ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо жил бүр өссөн үзүүлэлт гарсан. 2011 онд энэ үзүүлэлт 63 сурагчаар нэмэгдсэн бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 5,1 хувийг эзэлж байна. Түүнчлэн 2011-2012 онд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо өмнөх оноос 2,6 хувиар буюу 147 хүүхдээр буурсан.Сүүлийн дөрвөн жилд ерөнхий боловсролын сургуульд хамрагдсан хүүхдийн тоо 8,8 хувь буюу 1794 хүүхдээр буурчээ. Албан ёсны бүртгэл судалгаагаар гарсан эдгээр түгшүүртэй тоо баримт Монголын нийгмийн анхаарлыг алт, зэс зэрэг баялгаас илүүд тооцогдох хүүхэд рүү бодитойгоор хандуулах цаг болсныг ил гаргаж асуудал дэвшүүлж тавьснаараа “Зангиагүй уулзалт”-ын ач холбогдол оршино.
Л.Булган /Архангай/