Орос, Европын холбооны түншлэлд виз саад болж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Орос, Европын холбооны түншлэлд виз саад болж байна

Хоёр талын хооронд визийн саад байгаа учраас Орос, Европын холбооны түншлэл бүрэн дүүрэн байж чадахгүй хэмээн Оросын ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотноо нээгдсэн Орос-Европын холбооны саммит дээр мэдэгдсэн байна.

Хоёр талын 29-р саммитийн албан ёсны хэсэг тус хотын Стрельнид нээгджээ. Саммитийг нээхдээ Путин сэтгүүлчдийг хамгаалав. Түүнийг саяхан Парист айлчлах үеэр сэтгүүлчдэд нэг хоногийн виз өгснөөс тэднийг хэвлэлийн бага хуралдаа орой гарч ирэх үеэр сэтгүүлчдийн визийн хугацаа дуусахаа шахсан байж. “Тэд босоод явах ёстой байв уу?” хэмээн Путин асуув. Үүний зэрэгцээ, Евроазийн интеграцлал, Европын холбоотой харилцаагаа хөгжүүлж байгаа хоёрт зөрөлдөөнийг Орос олж харахгүй байна гэж Путин онцлов. Харин энэ хоёр интеграцийн үйл ажиллагааг зэрэгцэн явуулах талаар ажиллана гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч саммитийн өмнөх албан бус оройн зоогийн үр дүнгийн талаар  сануулав. Түүний хэлснээр талууд евро бүс ба Оросын эдийн засгийн байдлаар санал солилцжээ. Оросын худалдааны эргэлтийн 50 хувь нь Европын холбоонд ноогдож байгаа учир бид Европын холбоог хүчтэй байлгах сонирхолтой гэж тэрээр хэлсэн байна. Мөн визийн асуудал, Орос Дэлхийн худалдааны байгууллагад элссэнтэй холбогдуулан хамтын ажиллагааны ирээдүй, эдийн засгийн хямралтай тэмцэх асуудлыг эхний өдөр ярилцсан байна. Хоёр дахь өдөр нь тэдний хэлэлцсэн гол асуудал нь Сирийн байдлын талаар байлаа.

Европчууд  юуны талаар чимээгүй өнгөрөв

Саммитийн эзэн Путин, түүний  европ зочид хүнд сэдвүүдээ тойрч байв. Жишээлбэл, Брюссель, Москва хоёр Сирийн байдлаар өөр өөр санаа бодолтой ч хүчирхийллийг даамжруулахгүй байх нийтлэг байр суурийг илэрхийлээд өнгөрөв. Европт байрлуулж байгаа оросуудын уурыг хүргэсэн Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн талаар ганц ч үг хэлсэнгүй. Үндэслэлгүй гэж Европт хэлэгддэг Европын махны импортод тавьсан Оросын хоригийн талаар бас яригдсангүй.

Барууны стандартад нийцээгүй гэгдэж байсан Оросын сонгуулиудын талаар Санкт-Петербургт дурсагдсангүй өнгөрөв. Саммитийн өмнө Оросын хүний эрхийн байгууллагууд уулзаж байгаа хүмүүст хандан Оросын байдалд дүгнэлт өгөхийг хүссэн юм. Тэд жагсаал, цуглаанд оролцсоны төлөөх торгуулийг ихэсгэсэн хуулийг шүүмжилж, Pussy Riot панк хамтлагийн бүсгүйчүүдийг баривчилсныг буруутгаж, гомосексуализмын сурталчилгааг Оросын олон бүсэд хориглосныг эсэргүүцсэн байв. Саммит дээр эдгээр сэдвүүдээс ганц нь ч яригдсангүй.

Путин Ходорковскийг дурсан санав

Оросын дотоодын байдлын талаар Херман Ван Ромпейн хэлсэн үг арай хурц нь болсон аж. Европын зөвлөлийн тэргүүн хуралдаан эхлэхийн өмнө хоёр ч удаа хүний эрхийг сахих, ардчилал дахь иргэний нийгмийн чухал үүрэгтэйг хэлсэн юм. “Шинэчлэлийн төлөөх түншлэл” санаачлага нь зөвхөн эдийн засагт ч биш хүний эрхийн салбарыг хамаарах ёстой гэж тэрээр хэлсэн нь Путинд таалагдаагүй бололтой хөмсгөө зангидан уруулаа жимийсэн харагдлаа. Гэхдээ дадал болсон мэдэгдлээ хийсэнгүй. Түүгээр ч барахгүй тэрээр өөрөө Ходорковскийн талаар дуугарав. Барууны хэвлэлийн нэг төлөөлөгч сэтгүүлчдэд буудалд нь тараасан ухуулах хуудасны талаар асуухад Путин инээж байгаад хариулт өглөө. Тэр хуудсанд улс төрийн хоригдлуудын талаар бичсэн байжээ. Европын шүүх Ходорковскийн хэргээс улс төрийг олж хараагүй гэж Путин хэлээд “бусад улс төрийн хоригдлуудын талаар” тодорхой жагсаалтыг шаарджээ. Улс төрийн намуудыг бүртгэх шинэ журамтай болсныг мөн тэрээр сануулжээ.

Саммитад оролцогсод Орос ба Европын холбооны харилцаа аль болох сайн талдаа явж буйг тэмдэглэснээр дээд хэмжээний уулзалт өндөрлөв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж