Ч.Амарболд нарыг шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд нарыг шүүх хурал болно

Хошууч генерал Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болно. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэрэгт  Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч Ж.Батхүүг хошууч генерал Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлэхээр томилсон ч тэрбээр татгалзаж, Гавьяат хуульч С.Нарангэрэлийг сонгох хүсэлтэй буйгаа уламжилсан юм. Харин академич С.Нарангэрэл УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж буй тул татгалзсан хариу өгөөд байгаа билээ.

Гэтэл СЕХ өчигдөр хуралдаад, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн хуульч С.Нарангэрэлийг “Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно”, түүнээс гадна нэр дэвшигч С.Нарангэрэл, Н.Санжаадорж нар “Төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэсэн холбогдох хуулийн заалтын шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаад байна.

Долоо дахь удаагаа өнөөдөр товлогдоод буй шүүх хурал тов ёсоор 10.00 цагт эхлэх учиртай.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж