Жорж Буш Обамад Stuxnet вирусыг ”өвлүүлжээ”

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Жорж Буш Обамад Stuxnet вирусыг ”өвлүүлжээ”

Бага Жорж Буш 2009 онд ерөнхийлөгчийн
суудлаас явахдаа өөрийн хэрэгжүүлж эхэлсэн хоёр нууц хөтөлбөрийг
орхихгүй байхыг Барак Обамагаас гуйжээ. Тэр нь Пакистанд нисгэгчгүй
онгоцнуудыг ашиглах,  дайсагнасан орнуудын дэд бүтцэд довтлох кибер
зэвсэг бүтээх хөтөлбөрүүд байв. Хоёр дахь хөтөлбөр нь шинэ ерөнхийлөгчид
ихээхэн таалагдаж, үүнийг  идэвхжүүлэх үүргийг өгчээ. Ингээд Ираны
цөмийн хөтөлбөрийг удаашруулсан Stuxnet вирусыг гаргажээ. Энэ тухай
өөрийн номондоо Америкийн нэртэй сэтгүүлч ба Пулитцерийн шагналтан Дэвид
Сэнгер бичсэн байна.

Дэвид
Сэнгерийн номын хэсгээс “New York Times” сонин сүүлийн дугааруудынхаа
нэгд нийтэлжээ. Энэ сонины хамгийн нэртэй сэтгүүлчдийн нэг нь 52 настай
Сэнгер бөгөөд түүний өгүүллүүд  хоёр ч удаа  Пулитцерийн шагнал хүртэж
байв. Сэнгерийн шинэ ном нь “Эсрэг зогсох ба нуух: Обамагийн нууц дайн
буюу Америкийн хүчийг гэнэтээр ашигласан нь” (Confront and Conceal:
Obama’s Secret Wars and Surprising Use of American Power) ном нь энэ
мягмар гаригт худалдаан гарч байгаа юм.

АНУ-ын экс-ерөнхийлөгч
бага Жорж  Буш кибер зэвсэг бүтээх нууц хөтөлбөрийг боловсруулан
дараагийн ерөнхийлөгчдөө өвлөн үлдээсэн гэж зохиогч өгүүлж байна. Дээрх
ажиллагааг “Олимпийн тоглолт” нэртэйгээр 2006 онд Тагнуулын төв газарт
боловсруулжээ. Энэ үед хөтөлбөрийг АНУ-ын Зэвсэгт хүчний стратегийн
командлалын тэргүүн генерал Жеймс Картрайт ерөнхийлөгчид танилцуулж
байжээ. Сэнгер бичихдээ (Цагаан ордон ба тусгай албадын нэрээ нууцалсан
мэдээлэл сайтай эх сурвалжуудаас иш татан), тэр үед дэд ерөнхийлөгч Дик
Чени мэтийн дайнч нар Ираны цөмийн байгууламжуудад цэргийн цохилт өг гэж
бага Жорж Бушийг ятгаж байсан аж. Картрайт ба Тагнуулын төв газрын
мэргэжилтнүүд Ираны Натанзе дэх цөмийн үйлдвэрийн эргүүлгийн
төхөөрөмжүүдийг жагсаалаас гаргах компьютерийн хүчтэй вирус бүтээх арай
арай зөөлөн хувилбарыг санал болгосон байна. Зохиогчийн өгүүлснээр Буш
эхлээд үүнд итгэл муутай байсан ч хөрөнгө гаргаж өгсөн гэнэ.

Үндсэн
ажлыг АНУ-ын Үндэсний аюулгүйн агентлагийн программчид, Израилийн
тусгай албадын шинжээчдийн оролцоотойгоор  бүтээсэн. Эхлээд
израильчуудыг хөтөлбөрт оруулах төлөвлөгөө байгаагүй байсан гэнэ. Гэтэл
Израиль Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөхөөр зүтгэж байсан учраас
Жорж Буш Ойрхи Дорнодыг тэр чигт нь хамаарсан  үр дагавар гаргахаас
болгоомжлон тэднийг хөтөлбөртөө оруулжээ. “Израильчуудыг хүч
хэрэглүүлэхийг болиулахын тулд тэдэнд вирусийн хувилбар үр дүнтэй болно
гэдгийг харуулах хэрэгтэй байлаа. Тэгээд тэдэнд бүх нууцаа нээх хэрэг
гарсан” хэмээн номонд өгүүлсэн байна.

Вирусийг бүтээхэд хэдэн
сар зарцуулжээ. Бас төдий чинээ хугацаанд чадварыг нь  баяжуулах
эргүүлэг дээр туршсан байна. Пакистаны цөмийн бөмбөгийн эцэг гэгдэх
Абдул-Кадир Ханаас 1990-ээд оны эхээр эхээр авсан зураг баримтаар уран
баяжуулах эргүүлгүүдийг Натанзегийн цөмийн үйлдвэрт ашигладаг.
Америкчуудын аз болоход Теннеси мужийн агуулахад хэдэн тийм эргүүлэг
хадгалагдаж байжээ. Тэднийг Мауммар Каддафи цөмийн хөтөлбөрөөс сайн
дураар татгалзахдаа 2003 онд АНУ-д дамжуулан өгсөн байжээ.

Вирусийг
Натанзе дэх үйлдвэрийн дотоод системд 2008 онд оруулж чадсан ч эхний
тасалдал нь их ноцтой болж чадаагүй. Гэхдээ л иранчууд “сандралд орсон”
гэх мэдээллийг Вашингтон авч байлаа. Вирусийн хамгийн гайхамшигтай чанар
нь бүтээгчдийнх нь хэлснээр компьютерийн удирдлагын систем ба
үйлдвэрийн хяналтад эргүүлгүүд хэвийн ажиллаж байна гэж итгүүлж чаддаг.
Гэсэн мөртлөө үнэн хэрэгтээ эргүүлгүүд дараалан жагсаалтаас гарч байсан
гэдэг.

Барак
Обама хуучин ерөнхийлөгчийн зөвлөмжийг хүлээн аван хөтөлбөрийг
үргэлжлүүлэн албанд орсон эхний хэдэн сардаа түүнийг өргөжүүлэх үүрэг
өгчээ. Натанзийн дотолгоон идэвхжиж байсан бөгөөд харин 2010 оны зун
вирус “гадагш цацагдаж” эхлэв. Уг вирус нэг иран инженерийн гар
компьютерт ороод дараа нь интернэтээр тархсаныг компьютерийн нэг
лабораторийн программчид илрүүлэн Stuxnet гэж нэрлэжээ.

Энэхүү
муу мэдээг Обамад Тагнуулын төв газрын дарга байсан Леон Панетта
мэдээлжээ. Ерөнхийлөгчийн сэтгэл дундуур байсан ч довтолгооныг
үргэлжлүүлэх тушаал өгсөн байв. Хэсэг хугацааны дараа Натанзегийн
үйлдвэрийн мянга  гаруй эргүүлэг жагсаалтаас гарчээ. Сэнгерийн эх
сурвалжууд нь “Олимпийн тоглолт” хөтөлбөр Ираны цөмийн хөтөлбөрийн явцыг
1,5-2 жилээр хойш татсан гэж хэлж байгаа гэнэ.

Цагаан ордны
төлөөлөгчид Stuxnet бүтээхэд оролцсон гэдгээ нэг биш удаа үгүйсгэж
байлаа. Ийм маягийн хөтөлбөрүүдийг хөгжүүлэх албан ёсны зөвшөөрөл ба
мөнгийг кибер командлал Конгрессаас 2011 оны арванхоёрдугаар сард авчээ.
Үүний зэрэгцээ Flame гэх тагнуулч вирусийг  Stuxnet-ийн бүтээгчид
хийсэн үү гэдэг талын мэдээлэл Дэвид Сэнгерт байхгүй гэнэ. Тэр вирусийг
Касперскийн лабораторийн шинжээчид “өнөөдрийн хамгийн мундаг кибер
зэвсэг” гэж нэрлэсэн  юм. Шинэ вирус дөнгөж арваад хоногийн өмнө илрээд
байгаа. Гэхдээ уг вирус нь Ираны болон Орхи дорнодын орнуудын
байгууламжуудыг наад зах нь 2010 оноос хойш “халдварлуулж” иржээ.

Flame
нь компьютерт флешкээр эсвэл сүлжээгээр нэвтрэн мэдээллүүдийг
хуулбарлаад командын сервертээ дамжуулдаг байсан гэнэ. “Өт” хавтаснаас
60 секунд тутам мэдээлэл хулгайлан скриншот хийдэг байв. Хэрэв цахим
шуудан эсвэл ICQ нээлтэй байгаа бол скриншотыг 15 секунд тутам хийдэг
байна. Үүний хажуугаар, Wi-Fi ба Bluetooth зэргийг ашиглан орчны гар
утас болон ноутбукуудаас мэдээлэл цуглуулдаг гэнэ.

Зарим
мэргэжилтнүүд үүнийг “кибер зэвсэг” гэж нэрлэхийн эсрэг байгаа. Учир нь
вирус мэдээлэл цуглуулахаас өөр эвдлэх ажиллагаа хийдэггүй гэнэ. Гэхдээ
л эвдэх программуудтай хамтран ажиллах чадвартай аж. “Flame нь өөрөө
бие даан бай болох байгууламжуудаар мэдээлэл цуглуулахаас гадна өөр
зорилгоор тухайлбал,  Stuxnet –ийн шинэчлэгдсэн хувилбаруудтай нийлэн
хэрэглэгдэж болно” гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тэдний
хэлснээр олон улсын хамтын нийгэмлэг нь ийм хөтөлбөрүүдийг бүтээн
ашиглахын өмнө огт хүчин мөхөсдөж байгаа гэнэ. Stuxnet ба Duqu (бас нэг
тагнуулын программ) вирусуудын сайжруулсан цувралын өргөн цар хүрээтэй
довтолгоотой гурав дахь жилдээ тулгарч байгаа Иран кибер дотолгооны
заналхийллээс хамгаалах олон улсын баталгааг шаардлаа гэхэд үүнд хариу
өгөх хэн ч үгүй байх юм. Өнөөгийн нөхцөлд кибер орон зайн аюулгүй
байдлыг зохицуулах олон улсын зохицуулалт байхгүй учраас тийм шаардлага
нь далайг цавчлахтай адил. Тиймээс ч олон улсын хамтын нийгэмлэг кибер
орон зайн аюулгүй байдлын талаар үндэстний дээр тавигдсан дэглэм тогтоох
ажиллагааг эхлүүлэх шаардлага үүсээд байна. Мөн кибер тагнуулын үйл
ажиллагаа ба өндөр чадвартай эвдлэх хөтөлбөрүүдийн тархалтыг хянан
мөрдөх даяарчлалын байгууллага ч хэрэгтэй болж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж