Данийн хоккейчид ДАШТ-ий дараагийн шатанд

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Данийн хоккейчид ДАШТ-ий дараагийн шатанд

Германы гурван хотноо үргэлжилж буй 74 дэх удаагийн шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван өдрийн дараах байдлаар Дани, Канад, Швейцарийн багууд дэлхийн аваргын дараагийн шатанд өрсөлдөх эрхээ аваад байна. Дэлхийн шилдэг 16 баг мөсөн талбайд аваргын цомын төлөө өрсөлдөж буй тус тэмцээнд Данийн хоккейчид дуулианы эзэд болж амжлаа. Тэмцээний “D” группт Финлянд, АНУ болон зохион байгуулагч Германы дэлхийд алдартай, хүчирхэг багуудтай сугалаа таарсан тэд дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Финляндын багтай хийж, 4:1-ээр бут ниргэсэн бөгөөд өчигдөр NHL-ийн оддоор багаа бүрдүүлсэн АНУ-ын багийг нэмэлт цагт 2:1 харьцаатай хожсоноор таван оноогоор хэсэгтээ тэргүүлж байна. Данийн хоккейчид маргааш орой Германы багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх ба тоглолтын үр дүнгээс үл хамааран дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.
Өнгөрсөн шөнийн тоглолтын тухайд тоглолтын үндсэн цаг 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цагийн хоёр дахь минутад Стефан Лассен ялалтын шайбыг оруулжээ. Тоглолтын хоёрдугаар үе эхлээд ес дэх минутад Ларс Эллер гоолдож, Данийн багт тэргүүлэл авчирсан боловч гурван минутын дараа “Финикс”-ийн Кейт Яндль хариуг нь барьсан байна. Данийн хаалгач Патрик Галбрейт 30 цохилтыг хааж, багтаа чухал үүрэг гүйцэтгэжээ.
Мөн өчигдөр “В” хэсэгт багтсан Швейцарийн хоккейчид Италийн багийг 3:0-ээр хожиж, хоёрдугаар шатанд шалгарсан бол “D” хэсэгт Финлянд 1:0-ээр зохион байгуулагч Германы багийг хожжээ. Түүнчлэн Канадчууд 6:1 харьцаатай Латвийн багийг бут ниргэж, “В” хэсгээс дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан байна.
Өнөөдөр монголын цагаар 22.15 цагаас “С” хэсгийн Чех болон Норвег, “А” хэсгийн ОХУ болон Казахстаны тоглолт болох ба шөнө 02.15 цагаас мөн “С” хэсгийн Швед, Франц болон “А” хэсгийн Беларусь, Словакийн багийн тоглолт болно.
Сануулахад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд 13-нд /монголын цагаар 14-нд/ өндөрлөх бөгөөд 2010 оны дэлхийн аварга энэ сарын 23-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж