Эдийн засаг гэлтгүй бүхий л асуудалд эрүүлээр хандах ухаанаа умартчихсан яваа манай улстөрчид. Харин улс төрийн халуунд нэрвээд эдийн засгаа багахан шиг ниргээсэй л гэж найдахаас өөр арга үнэндээ алга. Нэг хэсэг хэн ч ган хийж дуугардаггүй байсан уул уурхайн салбар өсч өөдлөөд ирэнгүүт хүн болгон шахуу уул, уурхай ярьдаг, бүгд гэнэт мундаг судлаач шүүмжлэгчид болсон. Сонгуулийн үеэр ч энд тэнд судлаач, шүүмжлэгчид гэнэт, гэнэт цоорон гарч ирэх биз
Нэг хэсэгтээ эдийн засгийн мэдлэг маруухан байсан монголчууд том том тоо, томьёолол эдийн засгийн онол ярьдаг цөөхөн хэдэн хүний амыг ангайгаад л сонсдог байв даа. Үнэндээ эдийн засгийн сэдвийг хөнддөг нь цөөхөн байсан болохоор. Харин одоо сонгуулийн халуунаар хэдэн ч эдийн засгийн “мэргэжилтэн судлаач” гарч ирээд “бүлтэрч” өгөх бол гэхээс инээд ч хүрэх шиг айдас ч хүрэх шиг.
Өөрсдийгөө эдийн засагч, их мэдлэгтэн гэж боддог зарим нэгэн “Монголын эдийн засагт мөчлөгийн хэлбэлзэл байхгүй, зөвхөн улирлын л хэлбэлзэл бий” хэмээн айлдаж онигоонд орж байсан. Энгийн бидний хувьд эдийн засгийн хамаагүй өргөн мэдлэгтэй гэж итгэл найдвар тавьж байсан Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн ноён С.Дэмбэрэл хүртэл дэлхий даяар Төв банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдал хэмээн томъёолж байхад Монголд энэ нь зохихгүй хэмээн мэдэмхийрж явсан нь бий. Сонгуулийн сурталчилгаагаараа бас юу л гэж мэдэмхийрэх бол доо.
Энэ удаад эрхэм нэр дэвшигчийн ээлжит бай нь төв банк байх нь гарцаагүй. Угаасаа л муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг Монголбанк руу дайрч байдаг. Төв банкны хараат бус байдал руу байнга л халдаж, Засгийн газрын харьяанд оруулах ёстой гэж байнга ярьдаг болохоор С.Дэмбэрэлийн номер нэг дайсан Монголбанк ч юм шиг ойлгогдохоор ч болсон үе бий.
Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг хувийн хэвшлийнхний хамгийн хүчирхэг бөгөөд төвлөрсөн байгуулага нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байх учиртай. Бизнесийн эрх ашиг хөндөгдөх ахул чухам энэ байгууллага нь хоточ нохой мэт боргин хамгаалах ёстой. Бүр нарийвчилбал эдийн засаг мэдэхгүй, хувийн хэвшлийнхнийг болж л өгвөл боомилох, дарамтлах гэдэг улстөрчид, эрх баригчдаас бизнесийн орчноо хамгаалах байх ёстой. Тийм ч учраас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнесийн байгууллагынхан нэгддэг. Гол хүсэл нь төрөөс аль болох ангид, дарамтгүйгээр бизнесээ авч явах зах зээлийн үндсэн зарчмаа хадгалахын тулд. Харин энэхүү хамгаалалтын гол түүчээ болох ёстой танхимын тэргүүн яагаад төрд орох гээд тэмүүлээд байгааг ойлгохын аргагүй. Басхүү том нэртэй бас ч гэж жижиг биш энэ байгууллагыг элдэв шагнал гардуулж, шилдэг мундгийг тодруулдгийг нь л олон нийт мэднэ. Дашрамд дурдахад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гээч байгууллагыг гурван төрд нүүртэй гэдэг шиг С.Дэмбэрэл завсаргүй арав шахам жил толгойлсон, бараг л түүний хувийнх нь байгууллага гэж ч ойлгогдохоор. Өнгөрсөн жил танхимын тэргүүнээ солих маягийн зүйл яригдаж, сүүлдээ шүүхийн хаалга таталцах дээрээ тулаад чимээгүй болж, ноён С.Дэмбэрэл суудал дээрээ үлдсэн санагдана.
Харин инфляцийн аюул харанга дэлдэж байх үед “Монголбанк инфляцийг онилохоо болих хэрэгтэй” танхимын тэргүүн нь мэдэгдэж байв даа.
Инфляцийн болзошгүй аюулыг сааруулахын тулд Монголбанк мөнгөний бодлогын зохицуулалтыг хийхээс өөр аргагүй байгаа. Монголбанк инфляцийг онилох мөнгөний бодлого хэрэгжүүлдэггүй, зөвхөн бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн мянга тайлбарлаад нэмэргүй л өнгөрсөн. Харин тухайн үед С.Дэмбэрэл ийнхүү Монголбанк руу дайрахын оронд төв банктайгаа хамтраад халамжийн бодлогоо, үрэлгэн төсвөөрөө эдийн засгийг боомилж, инфляцийг хөөрөгдөж байгаа Засгийн газар руугаа боргон, төсвийг сахилгыг батжуулах, Төв банкнаас мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжийг хайсан бол хувийн сектор хамгийн ихээр хожих байлаа гэж одоо ч хувийн секторынхон ярьдаг. Харин ч төсөв томрохын хэрээр хувийн сектор шахагддаг зүй тогтлоо мэдэхгүй, Засгийн газрын оньст хүүхэлдэй болон эдийн засгаа савалгаатай байлгахад ихээхэн хувь нэмэр оруулсан хүн гэж халагладаг юм билээ.
Хэдийгээр “Монголбанк инфляцийг онилохоо болих хэрэгтэй, эдийн засгийн өсөлтөө онилох хэрэгтэй” гэж ярьж байсан ч энэ нь дэлхийн хаана ч байхгүй арга хэлбэр гэж эдийн засагчид нь дүгнэдэг юм билээ.
Эцэст нь эдийн засагч гэгддэг эрхэм ноён С.Дэмбэрэлээс өмнө нь ярьж байсан зээлийн хүүг 0 болгох боломжтой хэмээн үлгэр хэзээ бүтэх бол гэж асууя. Магадгүй сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд ч энэхүү үлгэрээ мөн л ярих байх. Харин үлгэр урлаг хоёрт нь итгээд түүнийг УИХ-д сонгочихвол зээлийн хүүг 0 болгож чадах болов уу?
Бас саяхан буюу УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнийхээ дараа ноён С.Дэмбэрэл “Монголын эдийн засгийг өөрөөр харж явсан туршлагаа одоо өөр зүйлд зориулах цаг болсон. Тухайлбал манай намд “Инфляци гэдэг мангасыг дарах ИЗ-НН-ын төлөвлөгөө” гэж байна. Мангас гээд нэрлэсэн нь сонин байгаа биз. Гэтэл энэ зүйл чинь мангас л байхгүй юу. Хүний, ялангуяа нийгмийн орлого багатай хэсгийн халаасыг хоосолдог зүйл. Энэ төлөвлөгөөний тухайд гэвэл бид мөнгөний бодлогыг эрс өөрчилнө гэж байгаа. Гэтэл бусад намын мөрийн хөтөлбөрт тийм зүйл бий юү. Байхгүй л дээ. Мөнгөний бодлогын тогтвортой байдлыг хангаж, инфляцийг нэг оронтой тоонд барина гэхээс хэтрэхгүй” гэж ярьсан байна лээ. Инфляци гэдэг үнэхээр мангас шиг аймшиг болоод байгаа нь үнэн. Харин үүнийг дарах ямар бодлого ноён С.Дэмбэрэлд байгаа юм бол? Бас яагаад өмнө нь Монголбанкийг шүүмжлэх гэж л шүүмжилж байснаас бус инфляцийг барьж болох төлөвлөгөө, гаргалгаа, гарцаа гаргаж хэлж, хамтарч ажиллаж болдоггүй байсан юм бол?