Монголчууд 870 саяар наадамлана

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Монголчууд 870 саяар наадамлана

Үндэсний их баяр наадам эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдээд буй. Энэ жил монголчууд Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тэмдэглэнэ. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх зохион байгуулах хороо өчигдөр өргөтгөсөн хурал хийж, наадмын бэлтгэл ажлуудын талаар ярилцлаа.

Наадмаар “Улаанбаатарын үдэш” цэнгүүн болно

Наадамчин олны илүүтэй сонирх­дог баяр наадмын  нээлт, хаалт, хүндэт­гэлийн концерт, “Улаанбаатарын үдэш” цэнгүүний найруулагч нарыг өнөө­дөр болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаас томиллоо. Соёлын төв өргөөнд болдог Хүндэтгэлийн концертын найруу­лагчаар Үндэсний дуу, бүжгийн эрд­мийн чуулгын найруулагч Д.Ганболд, нээлт, хаалтын ажиллагааг урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Ган­хуяг, “Улаанбаатарын үдэш” цэнгүү­нийг “Totalmusic”-ийн С.Од-Эрдэнэ найруулахаар боллоо. Төв цэнгэлдэх хү­рээлэнгийн  худалдаа үйлчилгээнд 100 гаруй аж ахуйн нэгж 500 гаруй цэг ажиллуулах бөгөөд эдгээрийн 60-аад хувьд нь зөвхөн хуушуурын худалдаа  явуулахаар төлөвлөжээ. Наадмын үйлчилгээнд зөвхөн хүнс, хоолны худалдаа гаргах, гутал, хувцас, тоглоом зэрэг бараа худалдаалахгүй. Үйлчилгээ эрхлэгч нар зөвшөөрөл олгосон цэгт, цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч байрлуулах бөгөөд малгай, дүрэмт хувцастай байх юм байна. Наадмаас өмнө нийслэлийн бүх уулзварт тэмдэг тэмдэглэгээ хийнэ, “Нарантуул” худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг энэ сарын 20 гэхэд дуусгаж, нийслэл хотод шинээр 3600 гэрэлтүүлэг хийх гэнэ. Төв цэнгэлдэх орчимд автомашины зогсоолыг 2000 орчмоор нь нэмэх аж.

Үндэсний их баяр наадмын төсөв сан­хүүжилтийн талаар энэ хур­лаар хэлэлцсэн ч Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Энэчлэн салбар хороодын наадмын бэлтгэл ажлын талаарх мэдээллүүдийг сонссоны дараагаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд дараах үүрэг даалгаврыг өглөө. Энэ жилийн наадмын бэлтгэл ажил УИХ, НИТХ-ын сонгуультай давхцаж байгаа ч баяр наадмын бэлтгэл ажил цалгардах учиргүй. Үлдсэн хугацаанд бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж ирэх сарын 2-нд бүрэн дуусгасан байхыг Шадар сайд үүрэг болголоо. Мөн наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20-нд бэлэн болгохыг салбар хорооны дарга нарт анхаарууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болон гадна талбайд, Хүй долоон худаг дахь морь барианы газарт дэлгэц ажиллуулж, иргэдэд таатай харах боломж олгохыг Шадар сайд М.Энхболд  үүрэгдлээ.

Зам засварыг наамдын өмнө дуусгана

Үндэсний их баяр наадмын Тохи­жилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны мэдээлснээр Улаанбаа­тар хотноо ид өрнөж буй зам засвар, тохижилтын ажлуудыг наадмын өмнө дуусгахаар төлөвлөжээ. Нийт 47 зам, уулзварт 12720 метр квадрат хэвтээ тэмдэглэл, 1000 ширхэг тэмдэг хийж, 38 замд 25000 метр квадрат урсгал засвар,  зургаан гүүрэнд урсгал засвар, орон сууцны хороолол доторхи 20 км автозамын шинэчлэл, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажлаас 22-ын товчооноос Дархан-Уул аймаг руу салдаг уулзвар хүртэлх 7 км замын хучилтыг хийж дуусгана. Мөн Нарантуул худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг энэ сарын 20 гэхэд дуусгахаар ажиллаж байна. 140 км явган замыг шинэчилж, бичил цэцэрлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай 34-г байгуулж, 28 байршилд цэцгийн мандал 8000 метр квадрат, шинээр 80600 метр квадрат талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг хийж дуусгана гэдгээ салбар хорооныхон мэдээллээ. Ард түмнээ баясан цэнгүү­лэхийн зэрэгцээ улс орноо гадаад ер­төн­цөд сурталчилдаг, Засгийн газ­рын өмнө үүрэг хүлээсэн өндөр хариуц­лагатай энэ ажлын бэлтгэл сонгуультай холбоотойгоор цалгардах ёсгүйг тэрбээр онцлон анхааруулсан юм.

Энэ жил Улсын их баяр наадмыг нийтдээ 870 сая төгрөгт багтаан тэмдэглэхээр төлөвлөсөн бөгөөд 28,3 хувь нь наадмын бэлтгэл ажлыг хангах зардалд, 32,5 хувь нь бай шагналд, 27,2 хувь нь зайлшгүй хийж гүйцэтгэх ажилд зарцуулагдахаар тооцсон ч эцсийн шийдвэрийг Засгийн газар шийдвэрлэх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж