”Төрийн бодлого бизнесийн сонирхлоор явагдаад байна”

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

”Төрийн бодлого бизнесийн сонирхлоор явагдаад байна”

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргалтай ярилцлаа.

-Засгийн газар 2008 оны сон­­гуулиар өгсөн амлалтаа гүй­цээхийн тулд их хэмжээгээр бэлэн мөнгө тарааж эхэллээ. Хөгшид болоод хөгжлийн бэрх­­шээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийнхөө 330 мянгыг тараангуут л бараа, бүтээг­дэхүүний үнэ өсчихсөн. Тиймээс ч зарим хүмүүс Засгийн газар эдийн засгийг “алах” бодлого барим­талж байна гэдэг шүүмжлэл гаргаад буй.

-Өмнөх сонгуулийнхаа амлалтаа гүйцээсэн нэр зүүхийн тулд Засгийн газар их л хичээж байна л даа. Харамсалтай нь цалин нэмнэ, сая сая төгрөг бэлнээр тараана гэсэн  реклам их хэмжээгээр цацсанаас болоод нийгэмд инфляцийн хүлээлт асар өндөр болчихсон. Нийгэмд хүлээлт маш их байна гэдэг үнийн өндөр өсөлт гарч ирнэ гэсэн үг.  Долдугаар сарын 1-нээс өмнө өмнөх сонгуулиар амалсан бэлэн мөнгөнийхөө амлалтыг биелүүлэх гэж Засгийн газар улайрч байна л даа. Бэлэн мөнгө их хэмжээгээр тарааж байгаа нь эдийн засгийн аврах бодлого гэж бодогдохгүй л байна.  Сая, саяар нь бэлэн мөнгө цацаад эхлэнгүүт ченжүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө. Хэдийгээр Засгийн газар ард иргэдийнхээ амьдралыг дэмжих нэрээр бэлэн мөнгө тарааж байгаа ч эргээд энэ нь үнийн дарамт болдог аюултай.  Бэлэн мөнгөний нийлүүлэлт ихсэхийн хэрээр эрэлт нэмэгдэж, тэгээд инфляци үүсдэг. Инфляци нь эргээд үнэ өсгөдөг гээд монголчууд энэ байдлаараа нэг хэсэгтээ л үнийн “шок”-ноос гарч чадахгүй нь бололтой.

-Сонгуулийн дараа Монголын эдийн засагт хямрал нүүрлэх вий гэдэг эмзэглэл олон нийтэд байна. Эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн дараах эдийн засаг тийм байна гээд шуудхан хэлэх боломжгүй. Ямарч байсан сонгуулийн дараа инфляци өсөх нь тодорхой болчихлоо. Нийгэмд хүлээлт маш их байна.  Засгийн газар бид мөнгө тараана шүү гээд байнга хашгираад байхаар ченжүүдэд нэг юм бодогдоно доо. Их мөнгө тараах гэж байгаа юм байна, энүүгээр нь далимдуулаад бараа бүтээгдэхүүнийнхээ үнийг өсгөе гэж. Нэгэнтээ өсгөчихсөн үнэ барагтай л бол буудаггүй. Ер нь инфляцийн өсөлт хүмүүсийн хүлээтээс үүсдэг юм шүү дээ. Тэгээд л юмны үнэ өсөөд ирэнгүүт иргэд за, төгрөгийн ханш суларч магадгүй юм байна, мөнгөө хав дарж байснаас нэг юм худалдаад авчихья гээд худалдан авалт ихэсчихдэг, инфляци өсчихдөг. Инфляцийн өсөлтийг  нь хязгаарлах гээд Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулаад л байна. Гэлээ гээд үр дүнд хүрэхгүй л байна шүү дээ. Хичнээн удаа Монголбанк  мөнгө бодлогоо чангаруулав. Тэгээд инфляцийг тогтоосон юм алга л байна.

-Уул уурхайн салбар хүлээл­тийн байдалд орчихлоо. Зарим хөрөнгө оруулагчид улстөрд аль нам, хүчин гарч ирэх нь вэ гэдгийг харзнаж байна?

-Үнэхээр тийм байгаа. Уул уурхайн салбарынхан өнөөдөр сонгуулиар ямар улстөрийн хүчин, нам эсвэл гарч ирэх нь вэ гэдгийг хүлээж байна. Мөнгөө юу юугүй хөрөнгө оруулалт маягаар хийчихгүй байна. Хөрөнгө оруулалт хүлээлтийн байдалтай байна. Аргагүй ч биз дээ. Манайх шиг төрийн бодлого нь тогтворгүй, хөрөнгө оруулагчдад түгшүүрийн дохио байнга хангинуулаад байдаг болохоор мэдээж хэн эрсдэл хүлээх билээ.  Үнэндээ Монголд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэдэг ойлголт уул уурхайн салбарынханд төрсөн байна лээ. Тэдний ч зөв биз. Байсхийгээд л нэг хуулиа шинэчилж, өөрчилөөд байхаар. Хууль эрх зүйн орчин тогтвортой байна гэдэг хөрөнгө оруулагчдад хамгийн том боломж, үйл ажиллагаа явуулах таатай хувилбар байдаг юм.  Монголын төрийн бодлого хэсэг хүмүүсийн бизнесийн сонирхлоор явагдаад байна шүү дээ.

-Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарч дэлхийг дуу алдахад хүргэ­сэн. Гэсэн хэдий ч ажилгүйдэл, ядуу­­рал  буурахгүй байна шүү дээ?

-Засгийн газар гаднаас орж ирсэн мөнгийг дэмий цацах хэрэггүй байсан.  Энэ мөнгийг дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд шингээ­сэн Монголын эдийн засагт эргээд ач холбогдлоо өгч чадах байлаа.  Хэтэр­хий их халамж хүмүүсийн хийж бүтээх эрмэлзлэлийг үгүй хийдэг. Статис­тикийн судалгааг харахад ажилгүйдэл өнгөрсөн оныхоос өссөн байна лээ. Эдийн засгийн өсөлт гээд л манай эрх баригчдын гайхуулаад байгаа зүйл нь шулуухан хэлэхэд, нүүрсний худалдаатай л холбоотой шүү дээ. Монголын нүүрсийг ухаж аваад урагшаа гаргасан Хятадын компаниудын халаасалсан мөнгөний өсөлт гэх үү дээ. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн 20 хувийн гуравны нэг нь нүүрсний экспортоос бүрдсэн. Уул уурхайн салбар хэмээн хэн хүнгүй хошуураад дэмийрлийн байдалд орчихсон л доо. Уул уурхайг биш мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулаад, үйлдвэрлэл явуулахад нүүрс, зэс зарснаас хамаагүй их ашиг олох боломж байна. Үүнийг манай Засгийн газар олж харч чадахгүй байна. Монголчуудад энэ эдийн засгийн өндөр өсөлтөөс юу ч наалдаагүй. Харин ч өндөр өсөлтөөс болсон үнийн дарамтыг л монголчууд мэдэрч байна. Тэгэхээр үүнд баярлаад алгаа ташаад байх зүйл байхгүй.

-Энгийн иргэд өнөөдөр эдийн засгийн өндөр өсөлт чинь хаана байна л гээд бухимдаад байгаа. Гэтэл манай дарга нар эдийн засгийн өндөр өсөлт гээд тооноор чинь мөнгө шидэхгүй гэх маягийн юм ярьж байна лээ?

-Наалдаагүй. Би түрүүнд хэлсэн шүү дээ, наалдах нь битгий хэл үнийн дарамтад орсон гэж. Эдийн засгийн өндөр өсөлтийг наалдуулна гэвэл монгол хүмүүс өөрсдөө үйлдвэрлэл  эрхлэх ёстой юм. Монголчууд үйлдвэрлэл эрхлэж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэх ёстой.

-Монголд ядуурал буурсан гэж Үндэсний статистикийн хорооныхон мэдэгдсэн. Энэ үнэн болов уу?

-Мэдэхгүй. Би ямар судалгаа хийсэн биш. Ядуурал буурсан гэж статис­тикийнхан хэлнэ лээ. Би бол тэгж бодохгүй л байна.

-Тэгээд монголчуудыг яаж баян болгох вэ?

-Ажилтай орлоготой монгол хүнийг бий болгоё гээд л зарим нам уриалаад байна лээ. Би үүнийг хувьдаа дэмжиж байгаа.  Өнөөдөр монголчууд ажилтай, тогтмол орлоготой байж амьдрал нь дээшилнэ. Түүнээс ажил хийлгэхгүйгээр халамжийн мөнгө тараагаад монголчуудын амьдрал сайжрахгүй.  Тэгэхээр ажилтай, тогт­мол орлоготой монгол хүний тоог нэмэгдүүлэх хамгийн чухал бодлого байгаа юм. Сонгогчдод боломж байна. Дүгнэлт хийх боломж ч бас байна. Хэн юу хийв, хэн юу амлаад хэрэгжүүлэв гээд л.

-Махны үнэ зохиомлоор өсөөд байна. Үүнээс болж инфляци өсөөд, инфляциас болж бодлогын хүү нэмэгдлээ?

-Төв банк бодлогын хүүгээ нэмэнгүүт арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөчихдөг. Өндөр хүүтэй зээл авсан үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнэд үүнийгээ шингээчихдэг, үнэ дахиад л өсдөг. Ийм зохицуулалтаар явж байгаа тохиолдолд инфляци буурахгүй. Үнэндээ Монголбанк, Засгийн газраас баримталж буй бодлого нь инфляцийг сугадаж аваад дээшээ хөөрөгчихөж байгаа үйлдэл. Инфляцийг  юу гэж нэрлэдгийг мэдэх үү. Засгийн газар нь иргэдийнхээ халаасыг суйлах үзэгдэл гэж нэрлэдэг юм шүү дээ. Ер нь Монгол Улсад үнэ ханш, тарифад хяналт тавьдаг институт байгуулах цаг нь болсон бололтой. Махны үнийг зохицуулахын тулд энэ олон дундын ченжүүдийг халах ёстой. Мал, махны талаарх нэгдсэн  бодлоготой байх ёстой. Махныхаа бодлогыг ченжүүдээр бариулчихаар үнэ өсөхгүй яах вэ?

-Жил бүрийн хавар нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Гэтэл үнэндээ  үр дүнгээ өгдөггүй?

-Харин дундын олон ченж гэг­чүүдийг л байхгүй болгочих хэрэгтэй. 

-Махны үнийн өсөлтөд мал­чид нөлөөлж байгаа юм биш үү. Төрөөс хүүхдийнх нь сургалтын төлбөр, тэгээд сар бүр 21 мянган төгрөг тараагаад байгаа болохоор малаа зарах сонирхолгүй болчих­сон юм биш үү?

-Тийм асуудал байхгүй. Малчдаас болоогүй, ченжүүд л махны үнийг зохиомлоор өсгөөд байгаа юм.

-Нийгэмд хүлээлт үүсгэснээс болоод үнэ өсөөд байна гэлээ. Үнийн өсөлтийг тэгээд яаж буулгах вэ?

-Үнийн өсөлтийг буулгахад нэлээд ажиллагаа орох байх. Ер нь Монголын эдийн засаг “чөтгөрийн тойрог”-т ороход ойрхон болсон байна. Тиймээс эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Өнөөдрийн баримталж байгаа бодлогоо тэр чигээр нь өөрчлөмөөр байна. Халамжаа зогсоомоор байна. Хяналт тавьдаг баймаар байна. Юм хийх хүсэлтэй, ажиллах сонирхолтой, улс орноо хөгжүүлэх сэтгэлтэй хүмүүст зээл олгомоор байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж