
Одоохондоо Европын орнуудын цөөнх болж байгаа ч мусульман иргэдийн нөлөө салбар болгонд нөлөөлөх болсон байна. Мэдээж юун түрүүнд улстөр… Европын орнуудын улстөрийн сонгуулийн дүн мэдээ маш нарийвчлалтай гарах болсны дээр үүн дээр үндэслэн зарим нэг сонирхолтой дүгнэлтүүдийг гаргасны нэг нь мусульман иргэдийн улстөрийн оролцоо өрнөдийн орнууд дахь улстөрийн өөрчлөлтөд нөлөөлж байна гэсэн дүгнэлт байсан аж. Тухайлбал Франсуа Олландийн ялалтын түүхийг авч үзэхэд л ийм байдал харагдаж байгаа юм. Арван мянган мусульман шашинтнуудын дунд явуулсан судалгаагаар бол Францад амьдарч байгаа тэдний 93 хувь нь шинэ ерөнхийлөгч Франсуа Олландийн төлөө санал өгсөн байжээ. Харин Николя Саркози мусульманчуудын долоохон хувийн саналыг л “салгаж” чадсан байж. Францын сонгуулийн мэдээллээс үзэхэд тус улсад амьдарч байгаа хоёр сая гаран мусульман шашнинтнууд сонгуульд саналаа өгснөөс үзэхэд тэдний нэг сая долоон зуун мянга нь Франсуа Олландийг буюу шинэ ерөнхийлөгчийг сонгожээ. Франсуа Олланд өрсөлдөгчөөсөө нэг сая гаруй сонгогчийн саналыг илүү авч, ялалт байгуулсан гэж үзвэл яах аргагүй мусульман иргэд шинэ ерөнхийлөгчид маш их дэмжлэг үзүүлсэн болох нь харагдаж байгаа юм.
Ямар шалтгаанаар Францийн шинэ ерөнхийлөгч ингэж илүү санал авах болсон бэ гэвэл Франсуа Олландийн тэргүүлсэн социалистуудын амлалт чухал нөлөө үзүүлжээ. Тэд хэрэв Олланд ялалт байгуулбал одоогоор Францад хууль бусаар амьдарч байгаа 400 мянган мусульман цагаачлагч нарт өршөөл үзүүлнэ гэж амласан байлаа. Мөн үүний зэрэгцээ 2014 оны Францын парламентийн сонгуульд иргэншил аваагүй ч оршин сууж байгаа цагаач иргэдийн оролцох эрхийг нээж өгнө гэсэн амлалт ч бас том түлхэц болсон аж. Ер нь бол Францийн социалистууд цагаач иргэдийг нийгмийн тусламж, орон байр зэргээр хангахын төлөө байгаа тул мусульман шашинтай иргэдийнхээ дунд үлэмж их нэр хүндийг олоод байгаа юм байна. Үүний зэрэгцээ мусульман шашинтан бүр гурваас доошгүй хүүхэдтэй байх хууль байдаг тул хүн амын доторхи тоо хэмжээ нь улам бүр их болсоор байгаа билээ. Энэ байдал нь францчуудын хувьд нэг талаасаа бас ч гэж зарим нэг түгшүүрийг төрүүлж байгаа аж. Мусульманчууд ерөнхийдөө Израйль болон еврей нарт таагүй ханддаг бөгөөд үүний зэрэгцээ христийн шашинтнуудад ч бас сайнгүй ханддаг гэнэ. Үүнийгээ илэрхийлэх нь түгээмэл байдаг тул хүн амын дотор тэдний эзэлж байгаа хувь хэмжээ цаашид өсөх хэрээр дээрхи таагүй хандлагууд нэмэгдэхээс францчууд болон өрнөд европынхон эмээж байгаа ажээ.
Бас нэг болгоомжлол төрүүлж байгаа зүйл бол Францын дотоод улстөрийн амьдралд мусульман иргэд нөлөөлөхүйц болж ирснээр улстөрийн хүчнүүдийн хуваагдлыг дагасан хүн амын бүлгүүдийн салан тусгаарлалт, эсрэгцэл ч бас үүсчээ. Өөрөөр хэлбэл Францын зүүний хүчнийг дагаж мусульман иргэд болон цагаач гаралтай бусад үндэстнүүд нэг талдаа гарч байгаа бол барууны үзэл баримтлалтай намуудын ард” шинэ францчууд”,үндсэрхэг үзэлт иргэд зэрэг уугуул иргэдийн төлөөлөл голлон жагсах болсон гэж өрнөдийн судлаачид ярих болов.
Иймэрхүү нөхцөл байдал ганцхан Францад ч биш бас бусад Европын орнуудын хувьд ч адилхан тулгарч байгаа ажээ. Тухайлбал Дани улсад гэхэд мөн л социалист чиглэлийн зүүний нам болох социал-демократ намыг мусульман оршин суугчид нь дэмжиж байгаа дүр зураг харагдаж байгаа гэнэ. Данийн одоогийн ерөнхий сайд Хелле Торнинг Шмит өнгөрсөн оны парламенгтийн сонгуулийн үеэр өрсөлдөгчөөсөө ердөө л 8500 саналаар түрүүлж ялалт байгуулсан байдаг бол түүний төлөө энэ улсад амьдарч байгаа мусульман иргэдийн бараг 90 хувь нь саналаа өгсөн аж. Дани улсад одоогийн байдлаар 200 мянган мусульман иргэд амьдарч байгаагийн наад зах нь тал нь саналаа өгсөн гэж үзвэл бараг 80 гаран мянган мусульман данийн социалистуудын төлөө сонголтоо хийсэн болж таарч байна. Мөн энэ удаад ч мусульманууд Данийн ерөнхий сайдыг ялалт байгуулахад нь тусалж чаджээ.
Тэгвэл Их Британид мусульман иргэдийн идэвхтэй дэмжлэг дээр түшиглэн Бангладеш улсаас цагаачилж ирсэн Луфтур Рахман хэмээх лалын шүтлэгтэн Английн нийслэл Лондон хотын нэгэн тойргийг захирах болсон байна. Сонирхолтой нь тэрээр Европын исламын форум гэдэг байгууллагатай холбоотой бөгөөд энэ байгууллага нь өөрийн хэрэгжүүлэхээр зорьсон хөтөлбөртөө “ нийгэм дэх бүтэц, институтууд болон урлаг, улстөрийн дүрэм журам,итгэл үнэмшил зэрэг Исламын зам мөрөөс хөндий байдаг бүхнийг өөрчлөхийг зорино” гэсэн байдаг аж. Энэ санааг хэрэгжүүлэхийг зорино гэдэг бол христийн итгэл үнэмшилтэй британичуудыг мөн л таагүй орчинд амьдруулахад хүргэж байгаа хэрэг юм. Харин Францын хөрш зэргэлдээ Бельги улсад гэхэд хүн амын дөрөвний нэг нь мусульман шашинт иргэд байх болжээ. Мөн нийслэл Брюссель хотод гэхэд л 300 мянган мусульман шашинтнууд амьдрах болсон нь тэнд амьдарч байгаа уугуул католикуудаас ч илүү байгаа юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар бол 2030 он гэхэд Бельгийн хүн амын дийлэнх нь буюу 60 хувь нь мусульман шашинтан байхаар дүр зураг харагдаж байгаа аж. Мөн Скандинавт хүртэл мусульманчууд давамгайлах болсноор Норвегид гэхэд хорин жилийн дараа одоо хүн амын 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа мусульманчууд 24 хувийг эзлэх бөгөөд нийтдээ 1.5 сая хүн амьдрахаар байгаа гэнэ. Нийслэл Осло хот гэхэд л хорин жилийн дараа тал оршин суугчид нь мусульманчууд болох ажээ.
Энд бас нэг сонирхолтой баримтыг дурдахгүй өнгөрч болохгүй аж. Европчуудын хувьд элит гэж нэрлэгдэж болох спортын төрөл бол хөлбөмбөг байдаг. Тэгээд ч зуун жилийн уламжлал бүхий энэ спорттой холбоотой юм бүхэн европчуудын хувьд маш их хүндлэгдэж байдаг билээ. Гэтэл саяхан нэгэн жигтэй явдал болж Испанийн эртний түүхт, нэр хүндтэй “Реал Мадрид” багийн лого буюу сүлд тэмдгийг өөрчлөхөд хүргэсэн байна. “Реал Мадрид” клубын захиргаа Арабын баян орнуудын нэг болох Катарын нэгэн хунтайжтай олон тэрбумын хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байна. Гэтэл араб хунтайжийн зүгээс тэрхүү хөрөнгө оруулалтын ажилтай холбоотой аливаа зар сурталчилгаа, мэдээллийн бүтээгдэхүүн зэрэг дээр тавигдах “Реал Мадрид” клубын сүлдийг өөрчлөхийг шаардсан байна. Тус клубын сүлдэн дотор байгаа цэнхэр “кант” буюу хөндлөн цэнхэр туузыг “авч хаяхыг” шаарджээ. Энэ хөндлөн цэнхэр тууз нь Загалмайтны аян дайны үед мусульман шашинтнуудыг дайлаар мордож байсан хөлөг баатруудын ялалтыг бэлгэддэг байсан нь ийнхүү Араб хунтайжийн эгдүүцлийг хүргэсэн байна. Ингээд аргагүй шахалтад орсон испаничууд алдарт клубынхээ сүлдийг өөрчлөхөд хүрчээ. Гэх мэт олон жишээ европчуудыг зарим нэг эргэцүүлэлд хүргэж байгаа бололтой. Жишээ нь уламжилж ирсэн иргэншлээ дагах уу, эсвэл “шилжэн ирэгсдийн” иргэншилд автах уу гэж….
