багачуудыг баярлуулсан, буяны арга хэмжээ зохион байгуулсан гэрэл
гэгээтэй үйл явдал цөөнгүй болсон. Тэдний нэг “Эх үрсийн инээмсэглэл”
хүмүүнлэгийн арга хэмжээг тавдугаар сарын 30-нд “Сэтгэлийн шим дэм” ТББ,
Монголын хөтөч, аялал жуулчлалын тогооч нарын холбоо, Монголын шагналыг
зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулж, 90 ээж, 90 хүүхдийг
баярлуулсан талаар мэдээлж байсан. Гэхдээ тэд зөвхөн хүүхдийн баяраар л
ийм арга хэмжээ зохион байгуулаагүй, 2009 оноос хойш маш олон ажил
хийжээ. Хэдийгээр баярын сүр дуулиан намжаад байгаа ч гэсэн сайхан
сэтгэлийн үүднээс бусдад буян болж явдаг “Сэтгэлийн шим дэм” ТББ,
Монголын хөтөч, аялал жуулчлалын тогооч нарын холбооны тэргүүн
Д.Мөнхцэцэг бүсгүйтэй ярилцья гэсэн юм. Сэтгэлээрээ буяны үйлс
цацруулж явдаг сайхан сэтгэлтнүүд түүнийгээ тэр болгон сүр дуулиан
болгон ярьж хөөрөөд байдаггүй. Тийм ч учраас тэдний нэг болсон
Д.Мөнхцэцэгийн яриаг хүргэж байна.
-Хүүхдийн баяраар 90 ээж, 90 хүүхдийг баярлуулах сайхан арга хэмжээ
зохион байгуулахад чинь бахархаж байсан. Гэхдээ таныг 2009 оноос л янз
бүрийн сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа гэдгийг сонсоод энэ
талаар ярилцмаар санагдлаа?
-Хамтран ажилладаг байгууллага, холбоодуудынхаа хүрээнд бид 2009 онд
300 өнчин хүүхдэд тусалсан Хүүхдүүдэд хоол өгч 11 тогооч бэлтгэсэн. Би
өөрөө нэгдүгээр зэргийн тогооч хүн, холбооныхоо гишүүдтэй хамтраад
чадахаараа хүмүүнлэгийн ажил хийж явлаа. 2010 онд Төмөр замын 2000
ажилчинд тусалсан. Мөн “Хаан бууз”-тай нийслэлчүүдийг цэвэр цэмцгэр
байлгах гэж хүйтэн нойтонд ч гадаа ажиллаж байдаг ТҮК-ийн ажилтнуудад
халуун хоол цайг нь нэг ч болов удаа ойртуулж өгч, туслахыг хичээсэн юм.
Бас 2011 онд зургаан дүүргээс тус бүр 200 өндөр настныг сонгон, тусламж
үзүүлсэн. Түүний дараа эхнэр, нөхөр нь нас барсан 2000 хүнд сэтгэлийн
дэм өгч, ивээн тэтгэгч компаниудын бэлгээ гардуулсан. Эхнэр нөхрөө,
амьдралын ханиа алдах ямар хэцүү байдаг билээ. Тэр сэтгэлийн зовлонг нь
бага ч гэсэн нимгэлэх юм сан гэдэг зорилго тээн, тэдэнд хамаагүй туслаач
гэсэн уриалга гаргасанюм. Хүүхдэд бэлэг өгч байгаа нь л гэхэд, өөрт нь
тусалж байгаа тухайн хүний нэрийг нь мэдэхгүй ч гэсэн сайхан сэтгэл,
нүд л ухаан санаанд нь хоногшиж үлдэнэ шүү дээ. Нийгэмд болохгүй
бүтэхгүй зүйл зөндөө л байна гэдэг. Харин хүүхдүүдийнхээ инээдийг сонсч,
талархсан сэтгэлийн дэмээр амьдрал гэдэг чинь ямар баялаг юм бэ гэдгийг
мэдрэх үнэхээр сайхан санагддаг.
-Их олон байгууллагуудтай хамтарч ажилладаг байх аа?
-Монгол аялал жуулчлалын хөтөч, тогооч нарын холбоонд гэхэд бүх тогооч
нар хамрагддаг. Аливаа газарт хүмүүнлэгийн ажил хийх хэрэгтэй болоход
тогооч нараа дуудаад хоол хийлгэдэг юм. Хүн ганц ажилд тушигдах юм биш,
хийж бүтээж, амжуулж чадвал хийгээд л байх хэрэгтэй гэж би боддог. Би
бас “Сэтгэе бодъё, хамтарцгаая” клубын тэргүүнээр ажиллаж байна. Энэ
клубийн гишүүд мэргэжил харгалзахгүйгээр хоорондоо мэддэг зүйлээрээ
тусладаг юм. Манай хэн нэгэн гишүүнд барилга барих аливаа мэдлэг
мэдээлэл хэрэгтэй болвол клубынхээ барилгын тухай сайн мэддэг мөн нэг
гишүүнтэйгээ холбоод өгчихдөг. Ингээд чадах чадахаараа туслаад явж болж л
байна. Сэтгэлийн шим дэм төрийн бус байгууллага ганцаараа ийм
хүмүүнлэгийн ажил хийж хүчрэхгүй, сайн санаат олон хүмүүсийн тусламж,
дэмжлэгтэйгээр санал, санаачлага, хүмүүнлэгийн ажил маань эзэндээ хүрч
байгаа юм. Би өөрөө аялал жуулчлалын тогоочоор 15 жил ажилласан.
Гадаадуудтай нутаг орноороо хамт явж байхад монгол хүний уужуу, сайхан
сэтгэлийг ихэд гайхдаг. Идээ будаагаа дэлгэн барьсан ямар сайхан
хүмүүс вэ гэдэг. Түүнтэй адил, хүний сайхан сэтгэлээр бие биедээ
чадахаараа туслая гэж хэлмээр байна.
-Гадаад ертөнц ярьж эхэлснээс, хилийн чанадад суугаа монголчууд эх нутгаасаа хол сэтгэлийн дэм дутагддаг юм шиг санагддаг?
-Эх орондоо амьдраагүй ч эх орноо гэх зүрхэн лугшилттай хүмүүсийнхээ
ахуй амьдралтай танилцах, тэдэнд чадлаараа туслах зорилгоор “Монгол
бахархал” нэвтрүүлгийг хилийн чанадад хийж явна. “Монгол бахархал”
нэвтрүүлгээ Гадаад харилцааны яамны 100 жилийн ойд зориулж, 2010 оны 10
дугаар сараас эхэлсэн, 2013 оныг дуустал хийх юм. Одоогоор таван оронд
нэвтрүүлгээ хийгээд байна. Энэ маань нэгэн төрлийн бас л хүмүүнлэгийн
ажил учраас сэтгэл их өег байдаг юм. Нэвтрүүлгээрээ хилийн чанадад
амьдарч байгаа хүмүүс, энд үлдсэн тэдний ар гэрийнхэнд тулгараадаг
асуудал, аж амьдралыг нь харуулж, боломж гарвал захиасыг нь хүргэх, нэг
нэгэнтэй нь уулзуулчих юм сан гэсэн сэтгэлээр нэвтрүүлгээ хийдэг.
-Таван орноор явж, нэвтрүүлэг хийсэн аяны богц дүүрэн биз?
-Монгол хүний тэсвэр тэвчээр ухааныг тэндээс олж харлаа. Жишээ нь,
БНСУ-д “Нүд үнэн, чих худал” гэдэг нэвтрүүлэг хийж, “Btv” “Ntv”
телевизээр гаргасан. Гадаад харилцааны яамны архивт энэ аян замын
тэмдэглэл, нэвтрүүлэг маань хадгалаастай байдаг юм. Тэнд хараар амьдарч
байгаа иргэд ямар айдастай байдгийг яг л тэр хүний нүдээр, тэр хүний
мэдрэхүйгээр мэдэрч, харуулахыг зорьж хийсэн. Хилийн чанадад амьдралаа
дээшлүүлэхийн тулд нэг нь яваад, нөгөө нь нутагтаа үлдлээ гэр бүл
салалтад ч нөлөөлдөг гэдэг. Салалт гэдэг зүйл бол итгэлцэл болохоос
хийсвэр таамаг биш гэдгийг харуулахыг мөн хичээсэн. Амьдрал дунд нь
ороод явахад,тэнд хүний газарт ажиллаж байгаа хүмүүс гэр бүлийн хүнээ
хуураад, гэр бүлээсээ салчихдаг юм биш. Тэдэнд гэр бүлээ хуураад явах
цаг зав ч байдаггүй. Үүрээр гараад шөнө орж ирээд ядраад унтдаг,
амьдралын төлөө л явж байдаг. Гэвч гэр бүлүүд аандаа холдож хөндийрөх
зүйл байдаг юм байна. Тийм болохоор яв гэж үлдсэн нэг нь, явсан нөгөө нь
хоёр биедээ заавал итгэх учиртай юм байна гэдгийг харуулахыг зорьсон.
Гадаадад салхи нь хүртэл хүнийх юм шиг санагддаг юм билээ. Энд бас нэг
зүйлийг онцолж хэлмээр байна. Хилийн чанадад эх орноосоо хол байгаа
хүмүүсийн аав нь бол Элчин сайдын яам шүү дээ. Визийн зөрчилтэй,
харласан бол элчин сайдын яамнаасаа ч зайгаа авдаг, нийтлэг айдастай
байдаг юм байна. Монголын элчин сайдын яам тань иргэнээ бариад өгчихгүй
шүү дээ, яаж ийж байгаад л туслахыг хичээнэ. Нэвтрүүлгээрээ гадаадын улс
оронд байгаа Монгол Улсын элчин сайдын яамтай ингэж холбож өгөхийг
эрмэлздэг юм. Элчин сайдын яам гэдэг бол иргэнээ хамгаалах газар шүү
дээ.
-Үнэхээр Элчин сайдын яамдууд хүмүүст ингэж тусалж чадаж байна уу.
Магадгүй та илүү өөдрөгөөр хараад, нэвтрүүлэг бэлтгэж байгаагийн хувьд ч
танд өөрөөр хандсан байж болох юм?
-Яг ийм эргэлзээ байсан учраас би Элчин сайдын яаман дээр нэвтрүүлэг
хийх гэсэн гэж бус зүгээр хөндлөнгийн нэг хүний дүрээр очиж танилцсан.
Тийм ч учраас элчингийнхний бодит байдлыг, чин сэтгэлийг мэдэрсэндээ би
ингэж хэлж байгаа юм. Монгол иргэд элчин сайдын яаман дээрээ ирээд бичиг
баримтгүй бол учир байдлаа хэлээд, Ерөнхийлөгчдөө захидал бичээд ямар
нэгэн байдлаар асуудлаа шийдэх боломжууд байдаг юм билээ. Харин цаашид,
энэ намар Канад, АНУ, Шенгенийн орноор явж тэндэхийн монголчуудын
амьдралтай танилцаж, зовлон, жаргалыг хуваалцах бодолтой байна.
-Та эмэгтэйчүүдэд зориулсан лекц уншдаг гэсэн. Дээр цухас дурдсан салалтыг багасгах талаарх таны бодол?
-Гэр бүл салалтыг улсын бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол болохгүй юм
байна гэдгийг ойлгосон. Болдог бол ажжил амьдралаа дээшлүүлэхээр явж
байгаа хүмүүсийг гэр бүлээр нь хамтаар нь явуулмаар. Эх орноос нь нэг
үгээр хэлэхэд томилолт өгөөд тэдэн жилийн дараа амьдралаа сайхан болгоод
ирээрэй гээд явуулдаг байж болно шүү дээ. Тэгвэл салалт багасах байх
гэж боддог. Би эмэгтэйчүүддээ зориулсан “Нууц биш нууц яриа” гэдэг лекц
хийдэг. 2010 онд салсан 21 гэр бүлийг буцаан нийлүүлсэн. Одоо энэ хүмүүс
маань үргэлж надад баярладаг, сайхан сэтгэлээр ханддаг учраас миний
ажил үйлс, амьдрал аз жаргалтай сайхан байна гэж боддог. Мөн нэг асуудал
бол хадам, хүргэн, бэрүүдийн харилцаа байдаг. Алт, авдар хамт байх
ёстойгоор бол сайхан хүүг нь, сайхан охиныг нь авч суусан бол эцэг эхийг
нь өөрийн эцэг эх шигээ хайрлах хэрэгтэй. Бэр нь нэг удаа хадам
ээжийндээ очихдоо хүүг нь магт л даа. Тэгвэл ээжийнх нь сэтгэл амарна
шүү дээ. Ингэвэл бэрийнхээ сайн сайхныг нь олж харна, хэзээ нэгэн цагт
бэрийн талд орж хүүгээ эхнэр рүү нь явуулна. Залуу гэр бүлүүд үүнийг
сайн анхаардаг байх хэрэгтэй. Хүнийг хайрлаж байж л хүнд хайрлагдана шүү
дээ. Сайхан сэтгэлийн илч, гал хаана ч дүрэлзэн асна.