Энэ сонгуулийн маапаанууд

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Энэ сонгуулийн маапаанууд

Хэн хаана дэвшиж байгаа бол…

Гуравхан долоо хоногийн дараа сонгогчид саналаа өгөх гэж байгаа ч тойрог дээр нь хэдэн мандат дээр хэн хэн нэр дэвшин өрсөлдөх гэж байгааг мэдэх сонгогч бараг алга. Томсгосон 48 тойрог, намуудын жагсаалтаар улсын хэмжээнд 11 нам, хоёр эвслийн 600 гаруй хүн УИХ-ын 76 суудалд өрсөлдөхөөр болж байгаа гэсэн тоо л байна. Уг нь түрүүчийн сонгуулиудын үеэр өдийд нэр дэвшигчид тойрог дээрээ оччихсон сонин хэвлэлээ тараагаад, багц багц цаас тэвэрсэн хүүхдүүд айлын хаалга тогшоод явцгааж байдагсан. Төвөгшөөсөн нэг нь орой үдшийн цагаар бөөн сонин, цаас хашаа давуулаад хаячихсан байх. Ер нь л өдий гэхэд манай тойрогт тэр тэр өрсөлдөх гэж байгаа гэсэн сураг гарчихсан, өвгөдийн хоорондоо мэтгэлцдэг ярианы сэдэв болчихсон байдаг байв.

Гэтэл энэ удаа байдаггүй. Нэр дэв­шигчид ч оройтож тодорлоо. Сонгуу­лийн кампанит ажлын хугацааг ч шахуу төлөвлөж. Нам, намын улстөрчид хэн нь тойрогт, хэн нь листэнд зоогдохоо мэдэхгүй байсаар арваадхан хоногийн өмнө зүг чигтэй болж, шокийн байдлаасаа одоо л илааршин тойргоо зорих аястай болж байна.

Тэр хойгуур сонгогчид эрх биш сонгууль болж автомат машинд саналаа өгнө гэдгээ л гадарлахтай сууж байна. Тэрнээс биш өөрийн тойрогт хэн нэр дэвшихийг нэг л сайн анзаарсан шинж алга. Хөдөө аймгуудад эрх биш ханатай байлаа гэхэд нийслэлд бол ажин түжин. Арай олны мэддэгээр нь “Д.Сумъяабазар аварга нэр дэвшсэн гэнэ. Нөгөө сураг тасарсан Дорж эргэж ирэх юм байх. Жагсаад байдаг Г.Уянга Чингэлтэйд гэл үү” гэсэн маягтай л сууцгааж байна.

Энэ жил УИХ-ын сонгуультай нийслэлийн ИТХ зэрэг болно. Аль дүүргийн ямар тойрогт хэн гэдэг хүн нийслэлийн ИТХ-д нэр дэвших гэж байгааг ёстой чөтгөр бүү мэд. Ийм нэг битүү хатуу сонгууль удахгүй болох нь. Өнөөдрөөс нэр дэвшигчид албан ёсоор “сунгаа”-ндаа гарна. Тэгэхээр л байя, больё гэтэл өөрсдийгөө сурталчлах юм байлгүй дээ нэр дэвшигчид.

Нэр дэвшигчдийн цус ойртов

Хуучин цагт бол нөхөн сонгууль болохоор нөхрөө, ахыгаа залгамжлан нэр дэвшдэг, сонгогчид ч өөд болоочийг хүндэтгээд сонгоод өгдөг ёс байсан. Гэтэл одоо нэг сонгуульд, бүр нэг жагсаалт дотор аав, хүүхдүүд зэрэгцээд нэр дэвшдэг болов. Уг нь одоогийн улстөрчдийн өв залгамжлагчид УИХ-ын 2016 оны сонгуулиас зодоглох болов уу гэж таамаглаж байтал цаг хугацаа наашилжээ. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн жагсаалтын эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, зургадугаарт түүний хүү Э.Батшугар орсон бол мөн жагсаалт дотор гавьяат эдийн засагч Ч.Хурц явж буй. Түүний охин Х.Оюунцэцэг мөн нэр дэвшигчээр тодорчээ. Хамаатан садан, худ ураг, хадам, хүргэнийг шүүгээд байвал бас цөөнгүй олдох янзтай. Төрсөн ах дүүс, эгч дүүс УИХ, нийслэлийн ИТХ-д хэд хэд дэвшээд буйн зах зух гэвэл УИХ-д нэр дэвшигч Г.Батхүүгийн дүү П.Батчимэг нийслэлийн ИТХ-д, Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг нийслэлийн ИТХ-д гэх мэт гараад ирэх янзтай. Бас УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир парламентынхаа сонгуульд зодоглосон бол гэргий С.Магсаржав нь нийслэлийн парламентад тоосоо үзэх гэнэ.

Хууль зөрчсөн дэвшигчид

Нэр дэвшигчдийн бичиг баримт СЕХ дээр очиж шүүлтэд ортол янз янзын маапаан гарч иржээ. Гол зөрчил гаргагч нь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл. Тус эвслээс нэр дэвшигч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, академич С.Нарангэрэл “Хуулийн дагуу төрийн албанаас нэгдүгээр сарын 1-нд чөлөөлөгдөөгүй” гэсэн маргаан дагууллаа. Бас МАН-ын гишүүнээс гараагүй атлаа МАХН-аас нэр дэвшчихэж. Төрийн өмчит их, дээд сургуулийн багш нь төрийн үйлчилгээний ажилтан гэж явдаг тул ийнхүү С.Нарангэрэл багшийн асуудал маргаан дагуулжээ. Харин Монголын толгой хуульчийн нэг тэрбээр “МУИС төрөөс нйит зардлынхаа дөрөвхөн хувийг авч цахилгаан, дулаандаа зарцуулдаг. Багш нарын цалин, бусад зардлыг оюутны сургалтын төлбөрөөс гаргадаг. Биднийг төрийн албан хаагч гэж хэлдэггүй юм байна лээ” гэсэн хариу барьсан. МАН-аас гараагүйгээ “Хаанаас нэр дэвших нь хүний эрх” гэчихсэн бололтой. ШУТИС-ийн багш, дээрх эвслээс нэр дэвшигч С.Авирмэд бас ижил асуудалд орсон ч орон тооны бус цагийн багш байсан хэмээн өнгөрсөн юм уу даа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр­тай холбоотойгоор нийслэ­лийн  прокурор, Сүхбаатар  дүүргийн шүүхээс СЕХ-нд албан бичиг явуулж  зохих тодруулга авч байж шийднэ гэчихлээ. Н.Энхтөр гэдэг нэр дэвшигч орон тооны багш уу, үгүй юу гэдгийг тодруулах шаардлагатай бас гарчээ. Мөн Н.Санжаадорж гэдэг нэр дэвшигч төрийн  болон орон нутгийн оролцоотой хуулийн  этгээдийн  удирдах  албан тушаалтай юу, үгүй юү гэдгийг тодруулах ёстой болсон.

Гэвч өчигдөр СЕХ хуралдаж энэ маргаантай асуудлыг нэг тийш болголоо. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэрийг нь дэвшүүлсэн С.Нарангэрэл “Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно”, түүнээс гадна нэр дэвшигч С.Нарангэрэл, Н.Санжаадорж нар “төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэсэн холбогдох хуулийн заалтын шаардлагыг хангаагүй учир бүртгэхээс тус тус  татгалзав. Дээрх эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг бүртгэх эсэх асуудлыг ЦЕГ, АТГ, ШШГЕГ- аас тус тус  лавлагаа авсны дараа шийдвэрлэхээр хойшлуулав.

Ийнхүү  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшээд байсан хуульч академич С.Нарангэрэл, мөн нэр дэвшигч Н.Санжаадорж нар сонгуульд өрсөлдөх эрхгүй болсноор асуудал цэглэгдлээ.

Бүсгүй дэвшигчгүй намууд

УИХ-ын сонгуулийн шинэ­чилсэн хуулиар сонгуульд өр­сөл­дөх нам,  эвслүүд нэр дэв­шигчдийнхээ 20 хүртэл хувийг эмэгтэйчүүдээр бүрдүү­лэхээр болсон. Гэтэл Уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын социал демократ намуудад бүсгүй нэр дэвшигч бараг байсангүй.  Ингээд хуулийн заалт хангаагүй гэсэн шалтгаанаар нэр дэвшигчдийн нь бүртгэхээс СЕХ татгалзаад байна.

Нөхөн нэр дэвшүүлэх хугацаа дуусахаас өмнө энэ гурван намынхан эмэгтэй нэр дэвшигчийн эрэлд мордох хэрэгтэй болжээ. Ямар ч байсан тус бүр 15-16 эмэгтэйн нэр зоочихвол СЕХ-нд материалаа дахин өгөх боломж нь нээлттэй гэнэ. Урьдын адил баахан харчуудын нэр жагсаагаад очсон нь зарим намын сонгуульд өрсөлдөх замд тээг болчих шахлаа.

Иймэрхүү маапаантайгаар энэ жилийн сонгуулийн гараа эхэлж байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж