С.Нарангэрэл Ч.Амарболдыг өмгөөлөхөөс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

С.Нарангэрэл Ч.Амарболдыг өмгөөлөхөөс татгалзжээ

Хошууч генерал Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн экс удирдлагуудын шүүх хурал маргааш болно. Удаа дараа хойшилж буй уг шүүх хурлын шүүгдэгч хошууч генерал Ч.Амарболдод Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч Ж.Батхүүг томилсон ч тэрбээр МӨХ-ноос томилсон өмгөөлөгчөөс татгалзаж, Гавьяат хуульч С.Нарангэрэлийг сонгох хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Харин энэ талаар академич С.Нарангэрэл INET.mn сайтад өгсөн ярилцлагадаа,

-“Өнгөрсөн даваа гаригт Ч.Амарболд “Цагдан хорих 461 дүгээр ангид ирж өөртэй нь уулзаач” гэсэн хүсэлтийг надад ирүүлсэн байсан. Энэ дагуу өнөө өглөө очиж уулзлаа. Түүний биеийн байдал маш таагүй байна лээ. Арга ч үгүй биз, хүнд мэс засалд орсон учраас богино хугацаанд тэнхрэх боломжгүй байх. Тэрээр надад дахин өмгөөлөгчөөр ажиллахыг хүслээ. Харамсалтай нь, би татгалзсан хариу өглөө.  Өөрөөр хэлбэл, МАХН-МҮАН-ын хамтарсан эвслээс УИХ-д нэр дэвшиж байгаа учраас түүний хүсэлтийг хангах боломжгүй гэдгээ тайлбарлахад нөхцөл байдлыг ойлгож хүлээн авсан” хэмээжээ.

Гэтэл өнөөдөр СЕХ хуралдаад, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн хуульч С.Нарангэрэлийг “Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно”, түүнээс гадна нэр дэвшигч С.Нарангэрэл, Н.Санжаадорж нар “Төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэсэн холбогдох хуулийн заалтын шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаад байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж