-“Өнгөрсөн даваа гаригт Ч.Амарболд “Цагдан хорих 461 дүгээр ангид ирж өөртэй нь уулзаач” гэсэн хүсэлтийг надад ирүүлсэн байсан. Энэ дагуу өнөө өглөө очиж уулзлаа. Түүний биеийн байдал маш таагүй байна лээ. Арга ч үгүй биз, хүнд мэс засалд орсон учраас богино хугацаанд тэнхрэх боломжгүй байх. Тэрээр надад дахин өмгөөлөгчөөр ажиллахыг хүслээ. Харамсалтай нь, би татгалзсан хариу өглөө. Өөрөөр хэлбэл, МАХН-МҮАН-ын хамтарсан эвслээс УИХ-д нэр дэвшиж байгаа учраас түүний хүсэлтийг хангах боломжгүй гэдгээ тайлбарлахад нөхцөл байдлыг ойлгож хүлээн авсан” хэмээжээ.
Гэтэл өнөөдөр СЕХ хуралдаад, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн хуульч С.Нарангэрэлийг “Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно”, түүнээс гадна нэр дэвшигч С.Нарангэрэл, Н.Санжаадорж нар “Төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэсэн холбогдох хуулийн заалтын шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаад байна.