“Т цаг” нэвтрүүлгээр үзэгчдийн танил болсон тогооч Г.Тэнгис дугаарын зочноор уригдлаа.
-Би
таныг маш амархан олны танил болсон хүмүүсийн нэг гэж хардаг. Тогооч
нарыг олон нийт ийм сайн таньдаг тохиолдол цөөхөн байх аа?
-Телевизийн нэвтрүүлэг хүмүүст
хүрсэн болохоор тэр байх л даа. Олны танил нь ч юу юм бэ, гэхдээ хүмүүс
таньдаг болчихсон байсан. “Т цаг” нэвтрүүлэг бусад хоолны
нэвтрүүлгүүдээс шинэлэг байж чадсанд би өөрөө бас их урам авсан шүү.
-Тэгээд яагаад хэсэг хугацаанд нэвтрүүлгээ хийгээгүй юм бэ?
-Ер нь бол нэвтрүүлгээ хийгээд л
явж байсан. Яахав, хүмүүст C1 телевизээр анх хүрсэн болохоор тэр
сувгаасаа хүлээгээд байдаг байж магадгүй. Соёмбо, NTV телевизээр
гаргасан. Одоо харин нэвтрүүлгээ бүр гоё, сонирхолтой болгоод SBN
телевизээр цоо шинээр цацах гэж байгаа.
-C1 телевизээр нэвтрүүлэг чинь яагаад гарахаа больчихсон юм бэ?
-Яахав дээ, гэрээ, хамтарч ажиллах хугацаа дуусаад л…
-SBN-ээр гарах нэвтрүүлэг өмнөхөөсөө сонирхолтой байж чадах уу. Зохиол нь өөрчлөгдөх ч юм уу?
-Сонирхолтой байх болов уу гэж
найдаж байгаа ш дээ. Өмнө нь зүгээр л гэртээ зочид авчраад хоол хийдэг
байсан бол одоо тэрнээс арай өөр байдлаар хийж байгаа. Олон зочин,
үзэгчтэйгээр хоолоо хийнэ. Тайзан дээр гэх юм уу даа. Бараг 30-40 хүн
нэвтрүүлэгт оролцоно. Бэлтгэлээ хангачихсан. Тавдугаар сарын 1-нээс
нэвтрүүлэг гарч эхэлнэ дээ.
-Уг нь найзуудынхаа гэрт очиж хоол хийнэ гэж байсан биз дээ. Тэр чинь илүү сонирхолтой байсан юм биш үү?
-Очино оо, очино. Янз бүрийн айлд
очих төлөвлөгөө байгаа. Бас жаахан хүмүүнлэгийн гэмээр ажлын санаа
байна аа. Сайхан сэтгэлийн ч гэх юм уу, мэдэхгүй. Хөгшин настай
хүмүүсийн асрамжийн газар, өнчин ядуу хүүхдүүдийн асрах төвийн гал
тогоонд зочлох төлөвлөгөөтэй байгаа. Тэр хүмүүс заавал нэг хэвийн
ядарсан хоол идэж байх ёсгүй биз дээ. Хямд төсөр аргаар яаж шим
тэжээлтэй, амттай, сонирхолтой хоол хийж болох вэ гэдэг дээр санаа
өгч, тусламаар санагдаад байгаа. Тогооч нарт нь сургалт явуулж болж
байна. Гоё меню зохиож өгч болно. Бас хүүхдүүдийг сургалтад хамруулж,
тэр дунд нь ирээдүйтэй тогооч болох хүүхэд байвал Италид гурван сарын
сургалтад үнэгүй сурах хүртэл боломж өгнө. Хүмүүст тусламаар байна ш
дээ, тийм биз дээ. Чаддаг юмаараа. Хүн хүнийхээ дэмээр амжилтад хүрдэг
болохоор би ч бас бусдын төлөө ажилламаар байна.
-Итали гэснээс ингэхэд чи тэнд хэр удсан юм бэ?
-Зургаан сар л болсон ш дээ.
-Зургаахан сар уу?
-Тийм. Хүмүүс харин намайг тэнд
олон жил байсан, нөгөө долоон жилийн сургуулийг нь төгсөөд ирсэн гэж
лаг лаг юм боддог юм шиг байна лээ. Би чинь хоол хийж сурах гэж
зургаан сар махийж байгаад л ирсэн хүн ш дээ, тэнд.
-Италид амьдрах ямар байсан?
-Нэг их гоё сайхан байгаагүй ээ.
Гал тогооноосоо бараг гардаггүй байсан юм чинь. Тэгээд ч гал тогоонд
зогсч, хоол сурах гэж л очсон юм чинь гадуур, дотуур зугаалаад байх
шаардлагагүй биз дээ. Сурах юм аа сурчихвал дараа нь зугаалж болно.
Сая харин гуравдугаар сарын 18-нд Итали явъя гэж бодсон чинь чадаагүй.
Тэнд нэг үзэсгэлэн худалдаа болоод. Тэгсэн, ажил төрөл амжсангүй. Энэ
инфлияци энэ тэр чинь бас нөлөөлж байна.
-Итали багштайгаа яаж танилцсан бэ? /lamberto gurrier/
-Анх багштайгаа танилцаж байх үед
манайд гоё ресторан цөөхөн байсан юм. Одоо энэ “Түшиг” их дэлгүүрийн
урд “Dolce vita” гэж ресторан байсан даа. Тэр манай Ганчимэг эгчийн
ресторан байхгүй юу. Тэгээд би тэр үед хоол хийж сурна гээд тэр
ресторанд дадлага хийхээр очлоо. Тэгсэн нөгөө Тэнгис чинь хоёр сарын
дараа ахлах тогооч энэ тэр болоод, аймаар магтуулдаг юм байна. Тэгж
яваад л Lamberto gurrier гэж багштайгаа танилцсан. Би тэгж айхтар
тогооч болно энэ тэр гэж багаасаа бодож байгаагүй ч ер нь жаахан байхын
сонирхолтой байсан юм шиг байна лээ. Багадаа баахан хайруулын таваг
шатаасан нөхөр ш дээ. Мэргэжил энэ тэр гэх юм бол, уг нь орос, англи
хэл судална гээд хэл судлаач мэргэжлээр МУИС-д сурдаг байсан юм. 1998
оны үед бол би яг үнэндээ тогооч болно гэж зүүдэлж ч байгаагүй. Юун
тогооч. Лаг компанийн захирал болно гэж боддог байлаа ш дээ. Тэгсэн нэг
мэдсэн, тогооч болоод ардаа арван жилийг өнгөрөөсөн байна. Компанийн
захирал болно гэж боддог байсан чинь холбооны захирал болов шив дээ
/инээв/.
-Итали тогооч нарын холбоо юу?
-Тийм. Холбоо маань албан ёсоор байгуулагдаад, одоо үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байгаа, сониноос.
-Өмнө нь байсан биз дээ?
-Байсан л даа. Гэхдээ холбооны
зөвшөөрөл авч, тогтвортой, идэвхитэй үйл ажиллагаа явуулахад доод тал
нь итали хоолны 50 орчим тогоочтой байх ёстой юм байна л даа. Тэр нь
саяхан л гүйцэж, 50 болж байна. Италийн Торино мужийн тогооч нарын
холбооноос манайд зөвшөөрөл өгсөн. Холбооныхоо шугамаар нэлээд юм хийх
бодолтой байгаа. Түрүүн ярьсан, асрамжийн газрын хүүхдүүд үнэгүй
сургалт явуулна, Итали руу сургалтад явуулна, арван жилийн хүүхдүүдэд
эрүүл, зөв хооллолтын тухай сургалт хийнэ гэдэг бүгд холбооны ажил л
даа. Орлого муутай, сурах бололцоо багатай залууст мэргэжил олгомоор
байна. Төлөвлөсөн зүйл их байгаа.
-Та удирдаж байгаа юу, тэр холбоог?
-Ерөнхийлөгч нь манай багш Lamberto
gurrier. Би орлогч захирал нь /инээв/. Нээрэн, вэб сайт нээгдэх гэж
байгаа. Бас тавдугаар сарын 1-нээс нээгдчих байх.
-Нэвтрүүлгүүдээ тавих уу, сайтдаа?
-Тэгнэ. Хуучин нэвтрүүлгээ
байрлуулна. Хүмүүс гоё санаа оноо аваг л дээ, тээ. Өөр бас нэг
сонирхолтой юм байгаа. Skytel-ийн Style гэж үйлчилгээг ашиглаад миний
нэвтрүүлгүүдийг 200 төгрөгөөр татаж авах боломжтой болж байгаа.
-Хоолны шоу, уралдаанд орж байсан уу?
-Дээр үед…Тэгэхэд чинь нэг их
хоолны шоу энэ тэр гэж болдоггүй байсан юм аа. Гэхдээ нэг уралдаанд
орсон юм байна. Гурван рестораны тогооч нар байсан санагдаж байна. Нэг
өдөр “Танай ресторанаас ахлах тогоочоо явуулаарай” гэсэн болохоор би
орох боллоо. Тэгэхэд, би чинь жаахан хүүхэд байсан юм чинь аймаар айж
сандарсан хүн очиж байгаа юм чинь. Хөөх, нөгөө рестораны ахлах тогооч
нар гэсэн чинь аймаар аймаар ах нар муухай муухай хараад л. Тэгсэн би
сандарч байгаад хуруугаа зүсээд бөөн юм болсон. Одоо энэ сорви нь
байна. Нэлээн тод сорви байгаа биз дээ. Хуруугаа зүссэн ч гэсэн яахав
ээ, ямар ч байсан хичээж байгаад хоёрдугаар байрт орж байлаа. Одоо
тиймэрхүү хоолны шоу хийвэл гоё тээ. Өөр өөр чиглэлийн, европ, хятад
рестораны тогооч нар зогсч байгаад хамгийн гоё гэсэн хоолоо хийгээд
уралддаг ч юм уу.
-Ингэхэд Улаанбаатарын хамгийн гоё хоолтой ресторан таны бодлоор юу вэ?
-Найзынхаа рестораныг хэлнэ дээ. “Wiranda”.
-Өөрийнхийгөө голж байна гэсэн үг үү?
-Манайх боломжийн. Гэхдээ тэрнээс
гоё хоолтой ресторан байгаа юм чинь тэрийг л хэлнэ биз дээ. “Силк
роуд”-ын хоёр давхарт байдаг “Wiranda” рестораны хоол хамгийн гоё
гэж би боддог.
-Тэрийг би “Силк роуд” л боддог байсан?
-Харин хүмүүс тэгж яриад байдаг.
Нэг давхарт нь “Силк роуд”. Хоёр давхартаа гарахаар “Wiranda” байгаа.
Манай найз ахлах тогооч нь. Тайван гэж аймаар сүртэй, тогооч царайтай
нөхөр бий. Бид хоёр анх зэрэг шахам багшийнхаа шавь болж байсан юм.
-Тогооч царай гэхээр ямар байх уу?
-Инээв. Байна аа, байна. Жишээ нь, би бол нэг сахилгагүй, жаахан хүүхэд шиг хүн байгаа биз дээ.
-Гэхдээ
нээлттэй, өөрийнхөөрөө тэр зан чинь үзэгчдэд илүү таалагддаг байх.
Хоол хийж байгааг чинь харахаас гадна таны яриаг сонсох зугаатай байдаг?
-Тийм үү. Би ер нь жаахан хамаагүй,
чөлөөтэй ярьдаг хүн ш дээ. Телевизээр ч яахав, хүмүүс шууд хүлээж авч
байгаа болохоор таалагдах нэгэнд нь таалагддаг байх. Сониноор яадаг юм
бол. Хүмүүс энэ чинь яасан эмх цэгцгүй ярьдаг нөхөр вэ гэж бодох юм биш
байгаа /инээв/. Гэхдээ хүн байгаагаараа байх л хамгийн сайхан биз дээ.
-Өөрийнхөө рестораныг ажиллуулж байгаа юу?
-Ажиллуулж байгаа. Гэхдээ одоо илүү гоё болгомоор байна.
-Тэр өөрийн чинь хувийн ресторан уу?
-Яг ганцхан минийх биш л дээ.
Хүмүүстэй хамтарч байгуулсан. Жил хагас, бараг хоёр жил болох гэж
байна. Ойрд ресторанаараа ч орж амжихгүй л байна даа. Заримдаа өөрийгөө
хувилчихмаар санагдах юм. Болдог бол.
-Хоолны тухай ном бичиж байгаа гэж сонссон. Хэзээ гаргах вэ?
-Ер нь бараг бэлэн болчихсон.
Гэхдээ үг үсгийн найруулга энэ тэр гээд галзуу хүний өдрийн тэмдэглэл
шиг байна гэж шүүмжлүүлсэн учир хүмүүсээр хянуулж байгаа /инээв/. Би
бол орц, хийх аргаа сайхан биччихсэн байж байна.
-Та монгол хоолонд их шүүмжлэлтэй ханддаг юм шиг санагдсан?
-Шүүмжлэлтэй ч юу байхав. Илүү гоё
болгох хэрэгтэй байна. “Монголын 10 мянган хоолны жор” энэ тэр гээд
дээр үеийн ном байдаг. Уншингуут дээр үеийн манай нийтийн хоолны
технологийн ах, эгч нарын хийсэн сүүлний тосонд шарсан юу юу ч билээ,
ихэвчлэн хүнд хоолнууд байдаг. Гадныхан тэрийг гайхдаг биз дээ. Яахав
дээ, манайх үнэхээр л хүйтэн сэрүүн орон юм чинь тиймэрхүү хоол идэж
болно л доо. Гэхдээ заавал мах их идлээ гээд хүмүүсийг буруутгаад
байх ёсгүй л дээ. Гол нь хүн өөх, тос ихтэй хоол идсэн юм чинь араас нь
юу идэж, уух вэ гэдгээ мэддэг байх нь чухал. Өөх тостой хоол идсэн бол
газрын самар иддэг ч юм уу, тийм ээ.
-Дэлхийн хамгийн сайн тогооч нар хаана байдаг вэ?
-Хамгийн сайн тогооч… Мэдэхгүй ээ,
ямар ч байсан байнга хоол ярьж, хоолны тухай яриагаар амьсгалж байдаг
улс гэвэл миний бодлоор итали, солонгос хоёр байна. Олон зуун жил өлсч
явсан хүмүүс шиг, сайн байна уу гэхийн оронд өдрийнхөө хоолыг идсэн үү
гэдэг хүмүүс биз дээ.
-Италичуудын хүнсний хэрэглээний 70-80 хувь нь хүнсний ногоо байдаг гэж үнэн үү?
-Бас яг тийм биш юм байна лээ.
Манайхантай адилхан. Махаа шарж идээд л. Бид нар чинь ресторанд ороод
шпагетти гээд нэг жаахан юм иддэг. Тэд нар бол том түмпэнтэй нь тавьж
байгаад иднэ. Гоймонгийн төрлийн бүх хоолыг иднэ. Гурилан юм бас их
иднэ. Далайн хоол иднэ. Тэгээд өнөө оливын тосыг маш сайн хэрэглэнэ
шүү дээ.
-Оливын тос гэснээс монголчуудын оливын тосны хэрэглээг нэмэгдүүлэхэд та нөлөөлсөн байх шүү. Байнга л оливын тосыг магтаад?
-Харин тийм ээ. Хүмүүс намайг
оливын тос оруулж ирдэг гэдэг ч юм уу, тиймэрхүү газраар ивээн
тэтгүүлдэг байсан гэж бодсон байх. Яг үнэндээ ямар ч тийм зүйл
байгаагүй. Зүгээр л хүнд хэрэгтэй гэдэг үүднээс нь их ярьдаг байсан. Би
нэг юмыг анзаарлаа л даа. Хүмүүсийн хэрэгцээ нэмэгдсэнтэй
холбоотойгоор манай бизнесийнхэн янз бүрийн оливын тос авчирч байна.
Гэтэл оливын тосны найрлага янз бүр л дээ. Алийг нь халуун хоолонд
хэрэглэх вэ, ямрыг нь хүйтэн хоолонд хийх вэ гээд. Хүмүүс тэгдэг гэсэн,
“Тэнгис зүгээр оливын тосоор хоол шараад, тийм юм байдаггүй л байхгүй
юу гэж”. 100 хувийн оливын тосоор хайруулын тавганд юм шарж болохгүй л
дээ. Харин 70 хувь нь ургамлын тос, 30 хувь нь оливын тосны найрлагатай
бол болно. Гэтэл манайхан ямар тосыг нь мэдэхгүйгээр бараг дангаар нь
уугаад байгаа юм биш үү. Тийм зэрлэг юм гэж юу байхав.
-Хоолоо сойж, жин хасах зөв үү?
-Буруу байх аа. Зүгээр юу идэх вэ
гэдгээ зөв сонгох хэрэгтэй байх. Жишээ нь, жингээ хасч байгаа хүн юу
идэх вэ. Хүн яах гэж хоол иддэг вэ. Бид нарын ойлголтод ийм юм байдаг.
Гурилан бүтээгдэхүүн, чихэр, торт идлээ гэж бодъё. Яагаад тэр хоолыг
идэхээр таргалж байна гэхээр тухайн хүнсэнд уураг их байна гэсэн үг
биз дээ. Уураг их иднэ гэдэг чинь хүний бие нөөц авч байна гэсэн үг.
Өөх бол хүний биеийн нөөц. Би жаахан таргаллаа гэж бодъё. Хоолгүй
жаахан явлаа гэхэд тэр өөх биенд шингэж, нөөц энерги болж өгдөг байна.
Туранхай хүн дороо даарч, өлсдөг, тарган хүн даардаггүй энэ тэр гэдэг
нь туранхай хүнд нөөц бага байгаатай холбоотой. Гэхдээ хүн өөрөө
жингээ хасахыг хүсч байгаа бол тэрийгээ бодолцоод өөх тос
хуримтлуулахгүй хүнс хэрэглэх хэрэгтэй биз дээ. Жишээ нь загас байна,
өөх тос байхгүй. Загас, ногоо, вандуйгаа холиод идчихэж болж байна.
Чихэргүй цай уух хэрэгтэй. Чихэр бол таргалахад хамгийн их нөлөөтэй.
-Тэгвэл жингээ нэмэхийг хүсч байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хоолоо цагаар идэх хэрэгтэй. Тогтмол нэг цагт, өдөрт гурван удаа хооллодог байвал зүгээр. Тэгээд ирэхээр дороо таргална доо.
-Ямар хоол байвал зүгээр гэж?
-Ямар ч байж болно. Таргалмаар байвал тахайны гуя байж болж байна. Тослог, шүүслэг гоё ш дээ. Бас бяслаг иднэ.
-Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Бүсгүйчүүдэд хэрэг болох байх аа. Одоо хоёулаа таны хувийн амьдралын тухай ярилцвал болох уу?
-Хувийн амьдрал уу…
-Тийм
ээ. Жишээ нь таны өвөөгийн тухай ч юм уу. Магадгүй, таныг зарим хүмүүс
Монгол Улсын төрийн дууллыг зохиосон гайхамшигтай хөгжмийн зохиолч
Л.Мөрдорж агсны хүү гэдгийг мэдэхгүй байж болно шүү дээ. Тэр агуу
хүний тухай гоё дурсамж өөрт чинь байгаа байх?
-Өвөөгөө би бүдэг бадаг санадаг л
даа. Тэр агуу хүний бага хүүгийнх нь хүү болж төрөх хувь заяасанд би
бахархаж явалгүй яахав. Миний аавыг М.Галбаатар гэдэг. Ер нь
манайханд урлагийн талын хүмүүс олон байдаг л даа. Би л тогооч гээд
шал өөр юм хийгээд яваа болохоос. Өвөө намайг багад манайхаар өдрийн
хоолны цагаар ч юм уу их ирдэг байсан юм. Тэгээд цай ууж суух зуураа
нот бичиж байна гээд ширээ энэ тэр тогшоод сууж байдаг байсныг нь
санаж байна. Төгөлдөр хуур дарсаар байгаад сүүлд өвөөгийн гар нь
салгалдаг болчихсон байсан.
-Та өөрөө урлагийн мэдрэмжтэй юу. Магадгүй, тэрийгээ хөгжүүлээгүй ч юм билүү.
-Өө, урлагийн мэдрэмж байлгүй
яахав, дуу зохиож байгаа ш дээ…Худлаа, худлаа энэ бол наргиа байсан
шүү. Урлагийн авьяас гэхээр зүйл ер нь л надад байгаагүй юм шиг байна
лээ. Гэхдээ аав намайг хоёр билүү гуравдугаар ангид байхад “Хөгжим
бүжгийн коллеж”-д оруулна гээд авч очсон гэсэн. Тэгсэн надад олигтой
мэддэг дуу байдаггүй. Аав хэлсэн болохоор урд шөнөжингөө л нэг дуу
бэлдлээ. “Сансрын нисэгч ах аа” гээд нэг дуу байдаг даа. Тэрийг
сурахгүй юу. Тэгээд маргааш өглөө нь очоод “Сансрын нисэгч ах аа, Сайн
яваад ирэв үү” гээ л дуулсан чинь хүмүүс бараг нэгэн дуугаар хассан
байх. Хөгжмийн сонсгол дээрээ ч тэнцээгүй юм шиг байна лээ. Сүүлд нь
багш нар Мөөеө багшийн ач гэж сонсоод авъя гэсэн ч би өөрөө болоогүй
юм. Аав бүр бөмбөрийн ангиар хүртэл дагуулж явсан гэсэн /инээв/.
Тэгээд ч яваагүй болохоор урлагт ёстой авьяасгүй юм байх.
-Ямар хамтлаг сонсох дуртай вэ?
-Ер нь онцолдоггүй. Гоё хоол… Биш
ээ, сонсоход гоё дуу байвал бол тэрнийх, энэнийх гэдэггүй. Уянгын,
намуухан дуу зүгээр юм шиг санагддаг.
-Л.Мөрдорж гуайн эдэлж, хэрэглэж байсан зүйлсээс хадгалдаг уу?
-Манай өвөө, эмээ хоёр сүүлд өрх
тусгаарласан болохоор өвөөгийн эдэлж, хэрэглэж байсан зүйлс өөр
хүмүүст илүү үлдсэн байдаг байх. Манайд зарим нэг бүтээлийнх нь нот,
гар бичмэл зэрэг зүйлс байгаа. “Алтан өргөө” киноны гар бичмэл гэх
жишээний.
-Л.Мөрдорж
агсныг VIII Богдын өргөмөл хүү гэдгийг хүмүүс мэднэ. Монголын түүхэн
хүн болох Богд хааны тухай та судалдаг уу. Таны удам судар, түүх гэсэн
үг шүү дээ?
-Богд өвөөгийн тухай би уншдаг.
Өвөөг гурав, дөрвөн настай байхад нь авахуулсан нэг зураг байдаг даа.
Богд, Богдын хатан Дондогдулам хоёрын өвөр дээр нэг хүү суучихсан
байдаг. Тэр нь манай өвөө. Тэр зургийг би хадгалдаг юм. Миний уншиж,
сонсч мэдсэнээр бол Богд хаан нийт 108 өргөмөл хүүхэдтэй байсан юм
билээ. Тэр үед өв залгамжлах төрсөн хүүхэдтэй байж болохгүй байсан учир
Богд хүүхэд өргөж авдаг, сайн лам нар нь тэнд эрдэм номтой хүүхэд
төрөх нь гэж хэлж чиглүүлдэг байсан гэсэн. Тэр олон хүүхдүүдээс өвөөг
онцгой авьяастай, сод хүүхэд байна гэж эрдэмтэй лам нар хэлдэг байж л
дээ. Тэгээд ч тэр юм уу, бусад хүүхдүүд Богдоос тусдаа амьдардаг
байхад, өвөөг дөрвөн нас хүртэл нь өвөртөлж унтаад, яг өөрсдийнхөө
дэргэд өсгөсөн гэдэг юм билээ. Би энэ түүхийг нэг их яриад байдаггүй л
дээ. Гэхдээ мэдээж, удам судраараа, өвөг дээдэс, ёс заншил, түүхээрээ
хүн бахархаж, тэрийг үл мартаж явах ёстой байх.
-Тэгэлгүй яахав. Ингэхэд та өөрөө айлын том хүүхэд билүү?
-Тийм. Дороо хоёр дүүтэй. Миний дараа охин дүү байна. Тэрний дараагийнх эрэгтэй. Тав, таван насны зөрүүтэй төрсөн.
-Эхнэрийнхээ тухай танилцуулж болох уу?
-Эхнэртэй. Хүү маань одоо долдугаар ангид сурдаг.
-Тийм том болчихсон юм уу?
-Би 19 настайдаа аав болсон болохоор аргагүй биз дээ. Манай хүүг Т.Эрдэнэбилэг гэдэг.
-”Ардын эрх” сонин, NEWS.MN сайтын уншигчдад илэн далангүй ярилцлага өгсөнд баярлалаа. Шинэ ажилд нь амжилт хүсье…
-Тавдугаар сарын 1-нээс гарах шинэ
нэвтрүүлгийг сонирхоорой гэж уншигчиддаа хэлье. Шинэ нэвтрүүлэг,
сургалтын төв, вэб сайт гээд бүгдийг нь сайхан авч явна аа.
-Нээрэн, Тэнгисийн “Сургалтын төв”-д сурах сонирхолтой хүмүүс хаана очих ёстой вэ?
-Сургалтын байр бол 40 мянгатад байрлана. Үлдсэн дэлгэрэнгүй мэдээллийг явцын дунд зарлана даа. Эргээд холбогдъё.
Б.Бадамгарав /2009 оны 4 сарын 28/