Гадаад худалдааг хөнгөвчлөх санамж бичигт гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааг хөнгөвчлөх санамж бичигт гарын үсэг зурна

Монгол Улс АНУ-тай хамтран маргааш 11.00 цагт Гадаад худалдаа, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх зорилготой харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэх гэж байна. Тодруулбал, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны Бизнесийг дэмжих санаачилга төсөл хамтарч ийнхүү харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулах ажээ. Уг арга хэмжээний үеэр Гаалийн Ерөнхий Газрын дарга Д.Цэвээнжав, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, АНУ-ын “USAID BPI” төслийн удирдагч Эфраин Лауреано болон мэргэжилтнүүд оролцох гэнэ.

Санамж бичгийн байгуулснаар Монгол Улсын гадаад худалдааг сайжруулах замаар оргил ачааллын үед “Экспорт, импортын бараанд гаалийн бүрдүүлэлт хийх цаг хугацааг тооцох судалгаа”-г хийх бэлтгэл ажилд АНУ-ын төслөөс ГЕГ-т техникийн туслалцаа үзүүлэх, ийм судалгааг цаашид хийхэд зөвлөмж өгч байх, гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа,  хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар хамтран ажиллах юм байна. Түүнчлэн Дэлхийн банкны “Doing Business” 2014 оны тайланд Монгол Улсын гадаад худалдааны ерөнхий үзүүлэлтийн байрыг ахиулахын тулд тус байгууллагад мэдээлэх тухай санамж бичигт тусгажээ.

Монгол Улсын 114 оронтой гадаад худалдаа хийж байна. Харин нийт бараа эргэлтийн дийлэнхийг ОХУ болон БНХАУ-тай хийж байгаа билээ. Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний худалдаа хүчээ авч буй энэ цаг үед гуравдагч оронтой түншлэх, гадаад худалдааг өргөжүүлэх шаардлага гарч байгаа хэмээн эдийн засагчид онцолж байна. Тиймээс уг санамж бичиг энэ салбарт бага ч болов ахиц авчрах ач холбогдолтой гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж