Энэ оны эхээр нийтэд танилцуулсан “Windows 8”-ыг “Microsoft” компанийн өнгөрсөн 25 жилийн түүхэнд байгаагүй өөр “Цонх” болсон хэмээн мэргэжилтнүүд хэдийнэ дүн шинжилгээ хийгээд эхэлчихэж. Саяхныг хүртэл зөвхөн нэг л төрлийн төхөөрөмжид л хэрэглэж байсан үйлдлийн системийг ухаалаг утас, таблет болон суурин зөөврийн гээд бүхий л компьютерт ашиглах боломжтой болгосон нь шинэ үйлдлийн системийн нэг томоохон өөрчлөлт. Нэг ёсондоо “Microsoft” шинэ бүтээгдэхүүнээрээ утас, таблетанд зориулсан үйлдлийн системийн хувилбаруудыг халж байгаа юм. Түүнчлэн дэлгэцэн дээр нь дараад л үйлдлээ хийчихэж болдог болсон тул тун удахгүй компьютерийн хулгана хэрэглээнээс гарч мэдэх нь. Товчхон хэлбэл “Windows 8” бол бүхэлдээ хувьсал. Харин ирэх аравдугаар сард худалдаанд гарах шинэ технологийн талаарх мэдээлэл таныг гайхашруулж байвал хэрэглэгчдийн дунд түгээмэл гарах асуултуудын хариултыг хүргэе.
Олон жилийн турш тал дээр хурц тод өнгийн хэсгүүдээс бүрдсэн цонх л “Windows” үйлдлийн системийн нүүрний хэсгийг чимдэг байв. Харин одооноос уншаагүй цахим захидлын тань тоог болон танд зурвас илгээгчдийн талаарх мэдээлэл гээд л гоёл чимэглэл төдий байсан нүүрний хэсэг энэ жилээс эхлэн чухал шаардлагатай мэдээллийн самбар болон хувирч буйгаараа онцлог. Тэр ч байтугай та ямар ч илүү үйлдэл хийхгүйгээр цаг агаарын тухай мэдээллийг нүүрний хэсгээс харах боломжтой. Яг л ухаалаг утасны дэлгэц шиг. Нүүрний хэсгийн эл өөрчлөлт ихэнх таблетуудад ашиглах боломжгүй байсан нэг дор хоёр аппликейшн зэрэг ашиглах боломжийг хэрэглэгчдэд олгож буй давуу талтай.
HTML5 болон Javascript ашиглан шинэ үйлдлийн системийн аппликэйшнүүдийг зохиосон тул таблет компьютерт хэрэгтэй байсан зүйлсийг нөхөж байгаа хэмээн үйлдвэрлэгчид нь гайхуулж буй. Цагаар агаарын мэдээлэл хүргэдэг аппликейшн гэхэд л ойрын тав хоногийн цаг агаарын талаарх мэдээллийг хүргэж, хүссэн мэдээллээ уншихдаа холбогдох зургийг үзэх боломжтой зэрэг олон өөрчлөлтийг хийжээ.
Мэдээж шинэ үйлдлийн систем дээр дээрх өргөн хэрэглээний программууд хэвийн ажиллана. Түүнчлэн эдгээр программыг ашиглахын тулд HTML5/Javascript-ээр бичсэн аппликейшнүүд шиг заавал мэдрэгчтэй дэлгэцтэй байх шаардлагагүй. Программ бүрийн онцлогт тохируулан “Windows 8”-ыг ямар ч хэлбэрээр ашиглаж болохуйцаар зохион бүтээжээ.
Хэрэглэгчдийн хувьд төгс гэж хэлж болох бүтээгдэхүүнийх нь тухайд шүүмжлэгчид ч ам сайтай буй. Харин Майкл Мэйс “Microsoft”-ын шинэ бүтээгдэхүүний талаар огт өөр өнцгөөс харж, шүүмж бичсэн нь техник технологи болон энэ салбарын талаарх мэдээлэлд чих тавьдаг компьютерийн донтнуудын анхаарлыг багагүй татаж буй. Хэдийгээр тэрбээр өрсөлдөгчийнхөө шинэ бүтээгдэхүүний талаар муулаагүй ч энэ нь “Microsoft”-ын хиймэл баг зүүсэн, алсын хараатай бодлогын нэг хэсэг байх магадлалтайг сануулжээ.
Түүний шүүмжээс онцлох хэсгийг нь сонирхуулбал: “Нүүрний хэсгийн өөрчлөлт, хэрэглэгчдийн санал шүүмжлэлийг бүтээгдэхүүндээ тусгаж, хувьсал хийсэн ч энэ нь “Microsoft”-ыг өвдөг сөхрүүлэх вий гэж би эмээх юм. Хурц тод өнгийн шийдэлтэй графикууд нь содон, чамин харагдсан ч харах тусам гэнэтийн өөрчлөлт хийгээд дампуурсан “The Shining” зочид буудлын заслыг санадуулам муу ёрлосон зүйл шиг бодогдох болсон. Мэдээж тэд гурван томоохон шалтгаанаар шинэ бүтээгдэхүүнээ амжилт олно гэдэгт итгэлтэй байгаа.
“Windows”-ын хэрэглэгчид одоо ч “Windows 7”-г хэрэглэсээр л буй. tenaciously. (Харин “Windows 8” бол шинэ “Vista” л гэсэн үг)
“Windows” хувьцааны ханшийн уналт. (“Microsoft” урьд өмнө нь ийм хүндхэн байдалд орж байсан хэдий ч “Office” программын тусламжтай дахин хөл дээрээ зогссон түүхтэй байгууллага)
Тэд тун удахгүй “8”-аас арай дээр хувилбар болох “Windows 9”-ийг худалдаанд гаргана. Тэгээд хэсэг хугацааны дараа хувь илүү “Windows 10” хувилбарыг борлуулж гайхалтай амжилт гаргана. Энэ бол тэдний бизнесийн нарийн арга ухаан. Яг л ийм явдал 1980-аад онд болж байсан. 1985 оны “1.0”, хоёр жилийн дараа гаргасан “2.0” нь ч төдийлэн амжилт олоогүй бол 1990 онд бүтээсэн “3.0” нь салбартаа тэсрэлт хийж байсан удаатай”. Майкл Мэйс ийн дүгнэж. Түүний сэжиг үндэслэлтэй ч байж болох. Учир нь шүүмжлэгч Чарльз Петзольд нэгэнтээ “Олон хүний сэтгэл гонсойсон эмзэг үед л цоо шинэ бүтээгдэхүүн төрүүлэх нь тэсрэлтийг дэлбэрэлт болгон өөгшүүлэх хуультай” хэмээн “PC magazine”-нд бичиж байжээ.
Эх сурвалж: "Үндэстний тойм" сэтгүүл