МУ-ын СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс эрхлэн Дархан-Уул аймаг дахь сонгуулийн хороонд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулах техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамлуудыг бэлтгэх сургалт болжээ. Сонгогчдын саналыг тоолох ICP машиныг 2012 оны УИХ-ын сонгуульд манай улс анх удаа нэвтрүүлж байгаатай холбогдуулж улсын хэмжээнд 1900 хүнийг сургалтад хамруулснаар гэрчилгээ авсан мэдээллийн даамал хэсгийн хороо бүхэнд ажиллахаар болсон. Тойргийн хороо бүрт таван хүнээс бүрдсэн мэдээллийн баг ажиллах бөгөөд тус аймагт нийт 48 даамал ажиллахаар уг сургалтад хамрагдсан байна. Дархан-уул аймаг дахь УИХ-ын сонгуулийн 19 тойрог нь 36 хэсгийн хороотой, хэсгийн хороо бүрт мэдээллийн технологийн даамал ажиллах бол нөөцөд 12 даамал ажиллана. ICP машиныг хэсгийн хороо тус бүрт байрлуулж санал тоолох үед зөвхөн дотор орчинд ажиллаж нэг хуудсыг 5-8 секундэд тоолох хүчин чадалтай гэнэ.