Хаан хуурын эгшгээр хан хорвоог бүүвэйлж буй “Камертон 2” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар шатны шалгаруулалт тун сонирхолтой болоод өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Өнгөрөгч тавдугаар сарын 17-оос эхлэн үзэгч танд хүрсээр байгаа энэхүү шоуны хоёрдугаар шатны шалгаруулалтанд үзэгчдийг баясгасан, шүүгчдийг уйлуулсан, инээлгэсэн хөгжөөнтэй үеүүд бишгүй тохиолдож байгаа билээ. Тэгвэл тус шоу нэтрүүлгийн өчигдөрийн дугаарт мөн л оролцогчид хасагдах нь хасагдаж, тэнцэх нь тэнцэж, болдог юм болдгоороо болоод л өнгөрсөн. Харин тэдний дотор нэгэн содон оролцогч байсан нь 725 дугаартай Чамин-Эрдэнэ. Тэрээр шоуны нэгдүгээр шатанд шүүгчдийн итгэлийг хүлээн тэнцэж, хоёрдугаар шатанд “Титэм” хамтлагийн “Мөрөөдөл” дууг дуулахаар сугласан. Харин тодорхой шалтгааны улмаас бэлтгэлээ базааж амжаагүй иржээ. Гэвч тэр шүүгчдийн өмнө уруу царайлж, дуугаа хурааж зогссонгүй. “Хөх тэнгэртээ залбирч, хөрс шороондоо мөргөдөг эрхэм шүүгчид сайн байна уу” хэмээн уран үгийг урсган мэндчилсний эцэст өөрийн бэлтгэлээ базааж чадаагүй шалтгааныг дурьдаж, шүүгчдээс хүлцэл өчин дуулахгүй байхыг хүссэн ч шүүгчид түүнд үзээд алдах боломжыг олгосон. Зөвхөн үгээ цээжлээд аяаа олж бэлдэж чадаагүй гэж үнэн учраа хэлсэн Чамин-Эрдэнэд Болд “Аяа олж бэлдээгүй үгээ л цээжилсэн гээд шүлэг унших нь бас хаашаа юм” хэмээсэн ч Эба нэгэнт зорьж ирсэн учраас дуулах санал тавьсаны дагуу тэрбээр “ганц үзчих үү, оргүйгээс ортой нь дээр” хэмээн огт бэлдээгүй дуугаа тайзнаа төгөлдөр хууртай дуулсан. Шүүгчдийн багагүй хөгжөөсөн түүнд Болд “урлагийн л хүн бол ямар ч шалтгаан гарсан дуулалтыг үзүүлэх яадвар байдаг” хэмээн түүний дутагдлыг хэлэн “үгүй” гэсэн хариугаар энэ шатнаас хасагдсан ч тэрбээр “хэрвээ клипэнд тоглох хүн хэрэгтэй бол хэлээрэй” хэмээн шоунд оролцсон боломжоо ашиглан сэргэлэн зан гаргаад амжсан шүү. Мэдээж бэлтгэлгүй хүн яаж ч сайн дуулах билээ. Хэдийгээр оролцогч Чамин-Эрдэнэ хоёрдугаар шатанд тэнцэж чадаагүй ч бусад залуустаа үлгэр жишээ болохуйц нүүрэмгий, шударга, зоригтой байж чадсан нь энэхүү дугаарын нэг онцлууштай зүйл байлаа.
Чамин-Эрдэнэ “Камертон 2” шоуны хоёрдугаар шатанд хэрхэн оролцсоныг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША