Цэвэр орчныг өөрсдөө бүтээцгээе

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Цэвэр орчныг өөрсдөө бүтээцгээе

Жил бүрийн зургаадугаар сарын 5-ыг "Дэлхийн байгаль орчны өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд ЗГХА-ЭМГ-ьш Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн хамт олон салбарын нийт эмч, мэргэжилтнүүддээ "Цэвэр орчныг өөрсдөө бүтээцгээе" хэмээн уриалж байна.

Тэд "Бид хийхгүй. бол хэн хийх вэ? Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ? Хогоо хогийн саванд хийж хэвшье, өөрсөддөө болон ард иргэддээ үлгэр жишээ байцгаая" хэмээх уриалгыг дэвшүүлээд байгаа юм.

Ер нь, хүний эрүүл мэнд, амьдралын чанар нь хүрээлэн байгаа орчны физик, хими, биологи, нийгэм болон сэтгэлзүйн хүчин зүйлээр тодорхойлогддог бөгөөд ДЭМБ "Орчны эрүүл мэнд гэж өнөөгийн болон хойч үеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох орчны хүчин зүйлийг тодорхойлох, үнэлэх, хянах, тандах болон урьдчилан сэргийлэх онол практикийн цогц үйл ажиллагаа юм" хэмээн тодорхойлсон байдаг.

Дэлхийн улс оронд сүүлийн жилүүдэд хүрээлэн байгаа орчны хими, физик, биологийн бохирдолт ихсэж энэ нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Буурай хөгжилтэй улс орнуудад аюулгүй ундны усанд аюулгүй ундны усны хангамжийн дутагдал, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй нөхцөл, гэр сууцны галлагаанаас шалтгаалсан агаарын бохирдол зэрэг орчны эрсдэлт хүчин зүйлүүд хүн амын эрүүл мэндэд ихээр нөлөөлж байхад эдийн засгийн өндөр хурдтай хөгжиж байгаа улс орнуудад хотжилт болон үйлдвэржилтээс шалтгаалсан агаар, ус, хөрсний бохирдол, үйлдвэрлэлийн осол ихээр нэмэгдэж байна.

Орчны бохирдол нь хүн амын өвчлөлийг 20-30 хувиар нэмэгдүүлж байна. Тухайлбал, агаарын бохирдолт нь хорт хавдар, амьсгалын замын эмгэг, зүрх судасны өвчин, эмгэг үүсэхэд зонхилох хүчин зүйл болж байна. Мөн хүүхдийн дархлалын төвшинг бууруулан бие бялдрын өсөлт хөгжилтийн зохистой харьцааг алдагдуулах, хүүхэд дутуу болон төрөлхийн гажигтай төрөхөд нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ. Хүрээлэн байгаа орчны бохирдолт нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй шууд болон шууд бусаар улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд асар их хохирол учруулж байна.

Сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн талаар авч явуулж байгаа бодлогын хүрээ өргөжиж, хүний хөгжлийг тодорхойлогч үндсэн гурван үзүүлэлтийн нэг болох эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж, үүний улмаас иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг нийгэм бүхэлдээ авч явуулж байна. Эрүүл мэндийн талаарх дэлхий нийтэд баримталж буй бодлого, стратеги үйл ажиллагаа нь улс үндэстний төвшинд нийгмийн эрүүл мэндийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл мөн гэж тодорхойлсон.

Иймээс аливаа улс орны хөгжлийг тодорхойлох нэг гол үзүүлэлт бол эрүүл хүн байна. Энэ утгаар нь аваад үзвэл ард түмний эрүүл мэндийн асуудал бол зөвхөн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн системийн байгууллагын хийх ажил, дангаараа гүйцэтгэх үүрэг биш юм. Хувь хүн, гэр бүл бүр өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө, байгууллага бүр ажилтан бүрийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллах, хариуцлага хүлээх үүрэгтэй.

Харин эрүүл мэндийн байгууллагууд иргэд байгууллага хамт олонд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол, жигд, хүртээмжтэй, чанартай хүргэж, эрүүл аж төрөх арга ухаанд суралцахад нь хүмүүст мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ёстой юм. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол, жигд, хүртээмжтэй, чанартай хүргэх гол арга зам нь эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэх явдал юм. Төр засгаас эрүүл мэндийн талаар хууль, тогтоол, тушаал, стратеги, хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүд гарган хэрэгжүүлж, иргэдэд эрүүл амьдрах эрх зүйн орчинг бүрдүүлэн хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж байна.

Харин хувь хүн эдгээр боддогын баримт бичгийг судлан түүнд тулгуурлан өөрөө эрүүл аж төрөх зан үйлд суралцаж, түүнийгээ насан туршдаа эзэмшин хэвшүүлж эрүүл мэндээ бэхжүүлэн ажиллаж, сурч амьдарч байгаа газраа эрүүл орчин бүрдүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй юм. Ингэж л хүмүүс эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөнийг өөрсдөө бий болгодог. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх хамгийн үр дүнтэй, хамгийн хямд өртөгтэй, хамгийн энгийн хүн бүр хийж чадах арга бол эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа гэж үздэг. Энэ нь ч амьдрал дээр батлагдаж байна. Ингээд эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар зарим зүйлийг дурьдая.

Орчны эрүүл мэнд

ДЭМБ-ын тодорхойлсноор "Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй оюун санаа, нийгэм, сэтгэл зүйн хувьд сайн сайхан байхыг хэлнэ" гэсэн байдаг. Ийм учраас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах ДЭМБ-ын зорилгод хүрэхийн тулд өвчлөлийг бууруулахаас гадна нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг бууруулах хэрэгтэй. Эрүүл мэндэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд эдгээр нь сайн муу хоёр талтай байдаг. Орчны эрүүл ахуйн асуудалд дараах зүйлс хамрагдана.

  • нар
  • ус
  • агаар
  • хөрс
  • ажлын байр
  • гэр орон

Хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс дотор орчны хүчин зүйлс 15-20 хувь эзэлдэг. Хүний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг бол эрүүл энх урт удаан наслах мөрөөдөл байсаар ирсэн байх ч болно. Бидний эрүүл мэндэд нөлөөлдөг олон хүчин зүйлсийн нэг бол бидний амьдран байгаа орчин түүний нөлөөлөл юм. Хүрээлэн байгаа орчны тухай ярихдаа хүмүүс бид өөрснөө орчиндоо нөлөөлж энэ нөлөөллийнхөө хариуг хүртэж байдгаа заримдаа ч гэсэн санахад илүүдэхгүй.

Цэвэр орчин өвчин тархахаас сэргийлэхээс гадна бидний сэтгэл санааг өөдрөг сайхан, урам зоригтой байхад нөлөөлдөг. Цэвэр цэмцгэр орчинд амьдрахад бичил биетнээр үүсгэгддэг халдварт өвчний өвчлөл буурдаг.

Агаар:
Бидний амьдрал амьсгалахаас эхэлж, амьсгалахаа болиход төгсдөг. Агаар нь бие мах бодийг хүчилтөрөгчөөр хангах, бодисын солилцоо, дулааны зохицуулалт болон бие махбодийн бусад үйл ажиллагаанд оролцдог.

Агаарын найрлаганд азот, гели, аргон, неон, радон, устөрөгч, азотын исэл озон зэрэг химийн янз бүрийн элементүүд байдаг. Хүн хоол хүнсгүйгээр хэд хэд хоног амьдарч, усгүйгээр хэд хэдэн цаг амьдарч чаддаг бол агааргүйгээр хэдхэн минут л амьдардаг. Ингээд бодохоор бидний эрүүл мэнд, амьд байх нөхцөлд агаар ямар хэрэгтэй болох нь ойлгогдоно. Бид цэвэр агаараар амьсгалах тусам эрүүл саруул амьдрах болно. Ингэхийн тулд та өрөө тасалгаандаа гал гаргах, лаа асаах хэрэгтэй. Орон байр өрөөний салхивчаа цаг улирлын байдалд тохируулан тогтмол онгойлгож агаар оруулах хэрэгтэй. Хүйтний улиралд өрөөний салхивчийг цаг тутамд 5 минут онгойлгох хэрэгтэй. Ингэж агааржуулахдаа бага насны хүүхдүүдийг шалан дээр суулгахгүй, газраар явуулахгүй байхыг хичээгээрэй.

Нар:
Нарны цацраг хүний бие, эрүүл мэндэд маш их нөлөөлдөг. Эрдэмтэд хэрэв нар сөнөвөл манай дэлхий найман минутын дараа мөстөнө гэж тооцоолсон байдаг. Нарны гэрэл дутагдсанаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөн, цус багадах, биеийн эсэргүүцэл сулрах, бие хямрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нарны гэрэл байнга дутагдсанаас яс хэврэгших, хугарсан яс удаан бороолж эдгэх, үе мөчний холбоос сулрах, шүдний паалан хэврэгших зэрэг шинж гардаг. Нарны гэрлийн дутагдлаас сэргийлэхийн тулд цонхны шилийг тогтмол угааж байх хэрэгтэй.

Өдрийн цагт цонхны хөшгийг онгорхой байлгаж, өрөө тасалгаанд гэрэл оруулах хэрэгтэй. Цонхны тоо олон, талбай том байх нь олон гэрэлтүүлэгтэй байхаас илүү сайн нөлөөг эрүүл мэндэд үзүүлнэ. Наранд аажмаар биеэ дасган шарвал арьсны өнгөн хөрс нягтарч, зузааран биеийн эсэргүүцэл сайжирдаг. Арьсны элдэв тууралт, идээт үрэвсэлт өвчин арилдаг. Нарны гэрлийн нөлөөгөөр олон эмгэг төрөгчид устдаг.

Гэхдээ нарны идэвхжил нэмэгдэх нь ясны чөмөг, цусны найрлага, төв мэдрэлийн систем, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Нарны цацрагийн хүчтэй тогтмол шарах нөлөөгөөр арьсны хорт хавдар үүсэх аюултай. Нарны туяанаас хамгаалахын тулд цайвар өнгийн хувцас, малгай хэрэглэж байх хэрэгтэй.

Ус:
Ус нь хүний амьдралд агаарын нэгэн адил ашигтай, хэрэгтэй. Бидний амьдралын анхдагч орчин бол ус. Газар дэлхий дээр цэвэр усны нөөц маш хязгаарлагдмал төдийгүй олон хүчин зүйлээс хамаарч багасч байгаа. Хүн амын хэрэглээнд усны чанар их чухал. Хүрэлцээ муутай, бохирдсон, тохиромж муутай, хадгалалтын хувьд чанарын болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хүний эрүүл мэндэд аюултай. Бид усны эх булгаа цэвэр байлгахын тулд ядаж хогоо ч гэсэн хаяхгүй байвал дээрсэн. Хүний биеийн жингийн ихэнх хэсэг нь ус байдаг.

Хэрэв бид усаар дутагдвал хоол унд шингэхгүй, цус өтгөрөн судсаар гүйх процесс өөрчлөгдөн, эд эс хүчилтөрөгч, тэжээлээр дутагдана. Иймээс өдөрт дунджаар 1,5-2 л орчим шингэн ууж байх хэрэгтэй. Шингэн ууснаар биед орсон хорт бодисыг гадагшлуулна, бөөр давсагны замын чулуу үүсэхээс сэргийлнэ, арьс хуурайшиж үрчийхгүй, өтгөн хатахгүй, турж эцэх нь бага байх болно.


Э.Туул
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж