Нарантуулын уулзварыг 4-н замын уулзвар болгоно

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Нарантуулын уулзварыг 4-н замын уулзвар болгоно

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг зохион байгуулах хороо өнөөдөр өргөтгөсөн хурал хийж, наадмын бэлтгэл ажлуудын талаар ярилцлаа.

Үндэсний их баяр наадмын Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны мэдээлснээр Улаанбаатар хотноо ид өрнөж буй зам засвар, тохижилтын ажлуудыг наадмын өмнө дуусгахаар төлөвлөжээ. Нийт 47 зам, уулзварт 12720 м2 хэвтээ тэмдэглэл, 1000 ширхэг тэмдэг хийж, 38 замд 25000 м2 урсгал засвар, 6 гүүрэнд урсгал засвар, орон сууцны хороолол доторхи 20 км автозамын шинэчлэл, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажлаас 22-ын товчооноос Дархан-Уул аймаг руу салдаг уулзвар хүртэлх 7 км замын хучилтыг хийж дуусгана. Мөн Нарантуул худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг энэ сарын 20 гэхэд дуусгахаар ажиллаж байна. 140 км явган замыг шинэчилж, бичил цэцэрлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай 34-г байгуулж, 28 байршилд цэцгийн мандал 8000 м2, шинээр 80600 м2 талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг хийж дуусгана гэдгээ салбар хорооныхон мэдээллээ.

Худалдаа, үйлчилгээний хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд гаргах 500 үйлчилгээний цэгийн 60 хувь нь хуушуурын худалдаа байх юм. Тэнд зөвхөн хоол, хүнсний худалдаа гаргах бөгөөд гутал хувцас, тоглоом, бэлэг дурсгал, соёл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн худалдаалахгүй. Худалдаа гаргагч аж ахуйн нэгжүүд дүүргээсээ олгосон хуваарьт газраа, өнгө үзэмжтэй асар, сүүдрэвч байрлуулж, малгай, дүрэмт хувцсаар жигдэрсэн байх шаардлага тавина.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд 5000 орчим автомашины зогсоол бэлтгэхээр ажиллаж буйгаа тус салбар хорооныхон хэллээ. Хэрэв ингэж чадвал цэнгэлдэх тойрсон автомашины зогсоол өмнөх жилийнхээс 2000 орчмоор нэмэгдэх юм.

Урлаг, соёлын салбар хорооныхны мэдээллээр энэ жилийн баяр наадмын   нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Ганхуяг ажиллахаар болжээ. Баяр наадмын нээлт нь Монгол Улсын бүх үндэстэн, ястны төлөөллийг оролцуулсан, наадамчин олон, нийт ард иргэддээ ёслол үзүүлэх гол агуулгатай. Дуу хөгжим бүжгээс ангид ёслол хүндэтгэл талруугаа анхаарсан найруулгатай гэдгийг Ерөнхий найруулагч онцолж байлаа.

Өнөө жилийн Улсын их баяр наадмаас өмнө УИХ-ын болон НИТХ-ын сонгууль болно. Баяр наадмын бэлтгэл ид хангагдах үетэй сонгуулийн ажил давхцаж, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон хэдий ч ажил хариусан хүмүүс дор бүрнээ хүлээсэн үүргээ сайн биелүүлэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд хуралдааны төгсгөлд даалгалаа. Ард түмнээ баясан цэнгүүлэхийн зэрэгцээ улс орноо гадаад ертөнцөд сурталчилдаг, Засгийн газрын өмнө үүрэг хүлээсэн өндөр хариуцлагатай энэ ажлын бэлтгэл сонгуультай холбоотойгоор цалгардах ёсгүйг тэрбээр онцлон анхааруулсан юм.

Өнөө жилийн Улсын их баяр наадмыг нийтдээ 870 сая төгрөгт багтаан тэмдэглэхээр төлөвлөсөн агаад 28,3 хувь нь наадмын бэлтгэл ажлыг хангах зардалд, 32,5 хувь нь бай шагналд, 27,2 хувь нь зайлшгүй хийж гүйцэтгэх ажилд зарцуулагдахаар тооцжээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж