-Каннын кино наадамд оролцоод ирлээ. Ямар шугамаар оролцов?
-Францын Каннын кино наадам гэдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том кино фестиваль юм. Өдгөө 65 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ кино наадамд Монголын түүхэнд анх удаа албан ёсоор оролцож, кино урлагийн төлөөлөл болоод ирлээ. Монголын үндэсний кино урлагийн академи оны өмнөөс материалаа өгсөн. Олон янзын бичиг баримт өгсөн. Түүний дараа биднийг урьсан. Ямар киногоо явуулах вэ гэсэн. Тэгэхээр нь бид киноныхоо танилцуулгыг өгч, “Богд хаан” киногоо гаргаад ирлээ.
-Яг ямар чиглэлээр оролцоод ирсэн юм бэ. Зүгээр үзүүлсэн юм уу, номинацад өрсөлдсөн юм уу?
-Кино наадамд өрсөлдөх, өрсөлдөх бус гэсэн хоёр ангилалтай юм. Өрсөлдөх кинонууд нь 35 мм-ын хальсаар хийсэн, уран сайхан, баримтат, богино хэмжээний кино оролцоно. Харин миний оролцсон төрөл нь видео киноны төрөл юм. Яг наадамд албан ёсоор өрсөлдөх биш юм. Энэ удаагийн наадамд 156 орон оролцсон. Наадамд оролдох мандат авснаараа тэнд оролцож байгаа бүх киног үзэх бүрэн эрхтэй болдог юм билээ. 20 гаруй кино театрт зэрэг зэрэг кино гарна. Би дэлхийн киноны өнөөгийн төвшин ямар байгааг сонирхож, Америк, Англи, Орос, Япон, Польш, Куб, Уганда гээд олон орны киног үзсэн. Мөн Оросын “Туманы” гэдэг киноны нээлтэд оролцож, дэлхийн олон ододтой хамт улаан хивсээр алхаж үзлээ.
-“Богд хаан” киногоо тэнд гаргасан гэсэн. Үзэгчид ямар байдлаар хүлээж авч байна?
-Тэнд зочид буудалд хоёр кино театр байсан. Түүний нэгд нь киногоо гаргасан. Кино эхлэхийн өмнө найруулагч нь бүтээлээ танилцуулдаг юм билээ. Би танилцуулахдаа хэлсэн. Монголд 1935 онд кино үйлдвэр тулгын чулуугаа тавьсан. Богд гэдэг ийм учиртай хүн. Цаг үе өөрчлөгдсөнөөс хойш бид анх удаа түүхэн үнэнээр гаргаж байгаа юм гэдгийг хэлсэн. Олон телевизүүд худалдаж авъя гэсэн. Олон фестивалиуд оролцооч гэсэн урилга өгсөн. Монгол гэдэг нэрийг тэнд гаргалаа, киногоо үзүүллээ. Ер нь бид найруулга, зураг, жүжиглэлтийн ур чадвараараа хэнээс ч гологдохгүй юм байна гэдэгт би баттай итгэсэн. Ганцхан бидэнд гадаад харилцаа, техник технологиор үнэхээр хожигдож байгаа юм байна. Тэд жийп унаад давхиад байхад бид араас нь Москвичтай л яваад байна гэсэн үг шүү дээ. Тиймээс бид дараа дараагийн кино наадмуудад бид 35 мм-ын хальсаар кино хийгээд оролцоход болохгүй юм алга. Бүх үүд хаалга нь нээлттэй байна.
-Тэр том кино наадам юм чинь үзэгчид нь бүгд мэргэжлийн хүмүүс байгаа байх. Тэд Монголын кино урлагт ямар үнэлэлт өгч байна?
-Заримынх нь нүд орой дээрээ гарч байна билээ. Монгол гэж ийм улс байдаг, ингэж кино хийдэг юм уу гэж асууж байсан. Тэр дундаа Буддын шашин, Азийн соёл Европын орнуудад маш их үгүйлэгдэж байна шүү дээ. Тэр утгаараа Америк, Европын кино уран бүтээлчид надтай биечлэн уулзаж элдэв юм асууж байсан. Танайд зураг авахад ямар үнэтэй байдаг юм гэх зэргээр олон юм асууж байсан. Би эндээс Барон Унгерны талаар кино хийх гэж прожект хийж авч явсан. Тэр саналаа хүмүүст тараасан.
-Францаас нэг кино сонго гэсэн шүү дээ. Яагаад заавал “Богд хаан” киногоо явуулсан юм бэ?
-Бид монгол уламжлал, ухаан, ёс заншлаараа хаана ч гайхагдаж болно. “Богд хаан” тэр бүхнийг өгүүлсэн болохоор би сонгож авч явсан юм. Өнөөдөр бидэнд гадаад харилцаа хэрэгтэй байна. Морин хуур, хөөмий энэ тэр гэж байхаар киногоо дэлхий дахинд таниулах, үзүүлэх хэрэгтэй байна. Монголынхоо соёлыг, түүхийг гадаадад сурталчлахын тулд кино урлагаараа дамжуулах нь зөв юм гэдгийг ойлгосон.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин