Ш.Алтанхуягийг батлан даалтад гаргаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Ш.Алтанхуягийг батлан даалтад гаргаагүй гэв

Өдрийн цагаар өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтож, гурван согтуу хүүхэн машиндаа суулган дарвиж яваад 10-хан настай хүүгийн амийг хөнөөсөн этгээд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй билээ.

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр сэжигтэн Ш.Алтанхуягийн биеийн байдал  муудсанаас болж түүнийг батлан даалтад гаргасан тухай мэдээлж байна. Түүнийг батлан даалтад гаргасан эсэхийг  ЗЦГ-ын  олон нийттэй харилцах тасгийн ажилтнаас тодруулахад “Ш.Алтанхуягийг өнгөрсөн сарын 29-ны өдөр шинжилгээ өгүүлэхээр түр хугацаагаар Цагдан хорих 461 дүгээр ангиас гаргасан. Шинжилгээ өгсөний дараа буюу тэр өдөр нь түүнийг хорих ангид буцаан авчирсан. Түүнийг батлан даалтад гаргаагүй, мөрдөн байцаалтын шатанд явж байгаа” гэсэн юм.

Хэргийг сануулахад, Ш.Алтанхуяг нь нийслэлийн Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүг дайрч, амь насыг нь хөнөөсөн юм. УНИ 09-66 улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн автомашин хөлөглөж явсан тэр хүүхдийг дайраад, 15 метр орчим зайд чирсэн нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт бичигдэж үлдсэн байдаг. Ш.Алтанхуяг нь “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Осол гаргах үедээ 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь тогтоогдсон.

Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол Эрүүгийн хуулийн  215.3-т зааснаар хэргийн улмаас бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуультай юм байна. Харин машинд хамт сууж явсан гурван эмэгтэйн тухайд хариуцлага тооцох боломжгүй бололтой. Осол гарах үед машинаас нэгэн согтуу эмэгтэй гарч ирэн, газар хэвтэж байсан хүүхдийн биеийг өшиглөсөн байдаг. Гэвч ийм үйлдэл гаргасных нь төлөө түүнд ямар нэг хариуцлага тооцох эрх зүйн акт байдаггүй аж.

Сэжигтэн Ш.Алтанхуяг нь “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд тэрээр өмнө нь 13 жилийн хорих ял эдэлж байжээ.

.                                         Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж