“Эм технологи”-ийн үйлдвэр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

“Эм технологи”-ийн үйлдвэр нээлтээ хийлээ

Бид технологийн зуунд амьдарч байна. Мэдээллийн технологийн тусламжтайгаар бид интернэтэд холбогдож, утсаар ярьж, нано технологийн тусламжтайгаар хүний нүдэнд харагдах төдий өндөр хүчин чадалтай микро чипүүд үйлдвэрлэж, эдгээр технологиуд бидний амьдралтай салшгүй холбоотойгоор хөгжсөөр байна.

Тэгвэл та “ЭМ технологи” гэж сонссон уу.

ЭМ гэдэг нь Англиар “Effective microorganism” буюу “Идэвхтэй бичил биетэн” гэсэн үгний товчлол юм. Хүний биеийн хамгийн их бохирдолтой хэсэг нь ам байдаг бөгөөд энэхүү бохирдлыг байнгын идэвхтэй устгаж байдаг хүний биед хэрэгцээтэй, ашигтай нянгууд байдаг. Яг үүнтэй адил байгаль дэлхийд маань хэрэгтэй, ашигтай нянгууд буюу идэвхтэй бичил биетэн байдаг бөгөөд эдгээрийн тусламжтайгаар байгаль дэлхий өөрөө өөрийгөө цэвэрлэх, дахин боловсруулах үйл явц явагддаг. Энэхүү идэвхтэй бичил биетэнг газар тариаланд ашигласнаар хөрсний механик бүтэц сайжирч, биологийн болон химийн бодисоос хөрсийг цэвэрлэн, ялзмагийн агууламжийг сайжруулж, ургацын хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн гэр хорооллын жорлон болон муу усны нүхний ариутгалд ашигласнаар эвгүй үнэр алга болж, ялаа, батгана шавах нь багасаж, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Цаашлаад хортон шавьж устгах, уул уурхайн нөхөн сэргээлт гээд олон зүйлд энэхүү идэвхтэй бичил биетэнг ашиглах боломжтой.   

ЭМ технологийн хувьд Монголд анхны үйлдвэр нь 2000 онд байгуулагдан өдгөө 12 жилийн турш ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн бүтэц, технологио сайжруулснаар олноор нь үйлдвэрлэх, савлах, хадгалах, түгээх үндэсний хэмжээний томоохон үйлдвэр болон өргөжиж, 2012 оны 06 сарын 04-ний өдөр Ирвэс-Интертрэйд ХХК “ЭМ технологи”-ийн шинэ үйлдвэрийн нээлтээ хийлээ.

“ЭМ технологи-Эх дэлхийн найдвар” уриатай энэхүү үйлдвэрийн нээлтэнд Ирвэс-Интертрэйд ХХК-ийн Ерөнхий захирал Л.Төгсжаргал, Нийслэлийн захирагчийн ажлын албаны орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогт, Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Д.Энхбаяр нар оролцлоо.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогт: Тамир ЭМ, Байгаль ЭМ гэсэн био бэлдмэлийн үйлдвэрийг өнөөдөр нээж байна. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн маань ямар ид шидтэй бүтээгдэхүүн бэ гэхээр биологийн ашигтай бактериудыг өөртөө агуулсан бэлдмэлүүд байгаа юм. Ер нь айлын жорлон, муу усны нүх, газар тариаланд хэрэглэж болно. Мөн хотын цэвэрлэх байгууламжид лагийг цэвэрлэхэд зориулагдсан бүтээгдэхүүн юм. Анх энэ био бэлдмэлийг Япон улсад 1950-иад онд гаргаж авсан. Дараа нь ОХУ болон дэлхийн бусад хөгжингүй орнуудад энэхүү био бэлдмэлээр ариутгалын ажлыг хийдэг боллоо. 

Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх: Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд маань Улаанбаатар хот төдийгүй бусад аймаг, дүүргүүдэд байгаа манай гэр хорооллынхны хамгийн их тулгамдсан асуудал болсон ахуйн бохирдлын асуудлыг бүрэн шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Энэ бэлдмэлийн үр дүнг өнгөрсөн жил Улаанбаатар хотын 180,000 гаруй айл өрхүүдэд хийж, хэрэглэж, амжилттай туршиж үзсэн.

Ирвэс-Интертрэйд ХХК-ийн Ерөнхий захирал Л.Төгсжаргал: Монголынхоо алга дарам газрыг ариусгах, энэ газар дээр ургасан ургамал цэвэр байснаар мал эрүүл байж, ургамал, мал эрүүл байвал хүмүүс бид эрүүл байна. Эрүүл байгаа Монгол хүн эрч хүчтэй ажиллах боломжтой.

Одоогоор хоногт 30 тонн үйлдвэрлэх, савлах, хадгалах хүчин чадал бүхий үйлдвэр ашиглалтанд ороод байгаа бөгөөд хөрсний бүтцийг сайжруулах, бохирдлоос сэргийлэх, уул уурхайн нөхөн сэргээлтэнд ашиглагдах “Байгаль ЭМ”, ахуйн бохирдол, ариутгалд ашиглах “Тамир ЭМ”, хортон шавьж устгалд ашиглах “ЭМ-5” гэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн худалдаалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж