Энэ сар бороо ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Энэ сар бороо ихтэй байна

Зуны эхэн cap дундаасаа давж байгаа ч цаг агаар тийм ч таатай бус байгаа. Харин энэ сард цаг агаар ямар байх талаар Ус цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх бол?

-Маргааш зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байх төлөвтэй.

-Тэгвэл энэ сард цаг агаар ямар байх бол. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бүс нутгийн онцлогоор нь тайлбарлая. Тодруулбал, энэ сард баруун зүгийн нутгаар агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 хэм, өмнөд хагаст 15-20 хам дулаан байна. Харин Баян-Өлгий, Завханы ихэнх нутаг, Ховдын өмнөд, Увс, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 хэмээр дулаан байна.

Харин энэ сард орох хур борооны хэмжээ нь Увсын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховдын ховд, Говь-Алтайн баруун хойд болон зүүн өмнөд, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хагаст түр зуурын бороо орно.

-Одоо газар тариалангийн ажил ид эхэлж байна. Тариалангийн гол нугаг болох төвийн нутгаар энэ сард хэр хур тунадас орох бол?

-Төвийн нутгаар агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө хоёр хэм дулаанаас гурван хэм хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр уулархаг нутгаар жаахан сэрүүхэн байна. Гуравдугаар арав хоногийн эхээр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм хүрч халах төлөвтэй байна.

Харин орох хур тунадасны хувьд Хөвсгөл, Сэлэнгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн зүүн өмнөд Төв аймгийн зүүн хэсэг, Архангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас унах төлөв гараад байна. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

-Тэгвэл зүүн зүгийн нутаг болон говийн нутгаар цаг агаар ямар байх бол?

-Зүүн зүгийн нутаг буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн баруун хэсгээр бороо орно, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орно.

Харин Говийн нутгаар энэ сард агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 хэм дулаан байх бөгөөд бүх нутгаар олон жилийн дунджаас 1.5 хэмээр дулаан байна. Энэ сард орох хур борооны хэмжээ нь Дундговийн зүүн хэсэг, Говьсүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн хойд хэсгээр тур зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүсэх бөгөөд зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Э.Пагма

Эх сурвалж: http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж