Норвегийн “сувиллын” шорон. Гэм ба Ял мөн үү?

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Норвегийн “сувиллын” шорон. Гэм ба Ял мөн үү?

Лондон хотод алжаал тайлах газар гэхээсээ илүү шоронг санагдуулсан зочид буудал байдаг тухай та сонссон байх. Энд буудаллагчид яг л шоронд байгаа мэт сэтгэгдэл төрдөг юм. Харин норвегийн Bastoy шоронд бүх юм яг эсрэгээрээ. Энд хоригдлууд яг гэртээ байгаа юм шиг биш юм аа гэхэд эгээ л тансаг сувиллын газар байгаа мэт сар өдрийг өнгөрөөнө.

Норвегийн шоронгуудыг дэлхийн хамгийн хүмүүнлэгт тооцдог нь тохиолдлын биш ээ. Bastoy бол үүнийх нь тод жишээ. Шорон нийслэл Ослогоос цаг хиртэй явж очих үзэсгэлэнт арал дээр байрлах бөгөөд татлага онгоцоор ч  морилж болох юм. Гэмт хэрэгтнүүдэд амьдрах тун тухтай орчин бүрдүүлснээс хэд хэдэн наран шарлагын газар, гайхамшигтай загасчлах булан тохой, теннисний талбай, бүр алжаал тайлах саун зэргийг дурдаж болно.

Арал дээр 115 орчим хоригдол байгаагийн нэлээд нь хар тамхиний наймаа, хүчин, аллага зэрэг хүнд гэмт хэргээр шийтгүүлсэн “амрагчид” байх жишээтэй. Гэхдээ тэд хавчиг камерт биш тохилог модон байшингуудад амьдарч “гэртээ” дуртай цагтаа ирж явж байхын тулд өөрийн гэсэн түлхүүртэй байдаг байна. Шоронг тойрсон иж бүрэн зэвсэгтэй харуул хамгаалалт, өндөр хашаа хороо байхгүй. Хүсвэл дуртай цагтаа эх газар луу сэлээд хүрэхэд зовох юм байхгүй. Гэхдээ эндээс хэн ч зугатахгүй байх нэгэн том шалтгаан бий. Хэрэв эндээс зугатаад баригдах юм бол онцгой чанга дэглэмтэй өөр нэгэн газар ялаа шинээр эдлэнэ…

Шоронд хоригдлуудыг айлгах биш дахин хүмүүжүүлэхийг эрхэмлэдэг гэнэ. Эндээс гараад дахин гэмт хэрэг хийгсдийн хувь тун бага байгаа нь энэхүү систем ажиллаад байна гэсэн үг. Мэдээж хоригдлууд 24 цаг наранд биеэ ээгээд хэвтээд байдаг хэрэг биш л дээ. Тэд өдөр болгон 8.30 – 15.30 хүртэл заавал ажил хийнэ. Гэхдээ хөдөө аж ахуй, цэцэрлэг, мал адуулах гээд ажлаа өөрөө чөлөөтэй сонгоно. Цалин нь 10 доллар орчим бөгөөд үүгээр шоронд байх дэлгүүрээс хоол хүнс авч болно. Гэхдээ ийм шаардлага бараг гардаггүй. Bastoy-д хоол нь амттай бөгөөд загас, махнаас бүрдсэн нэлээн баялаг цэстэй.

Эх сурвалж: www.odditycentral.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж