Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар энэ онд “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлээд байгаа. Тэгвэл Засгийн газрын зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Хоршоо-жижиг дунд үйлдвэр -2012” үзэсгэлэн худалдаа гурав дахь жилдээ зохиогдож буй үзэсгэлэн худалдаа зургадугаар сарын 4 буй өчигдөр хаалтын ажиллагаагаа хийжээ. Үзэсгэлэн худалдаа нь хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилготой бөгөөд Улаанбаатар хот, 21 аймгийн иргэд, аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байгаа ажээ. “Хөдөөг хоршоолох аяны” үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ХХААХҮЯ, ЖДҮГ болон Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо түүний гишүүн мэргэжлийн хоршоод хамтран 21 аймгийн 330 сумдад баг гарган ажиллаж байна. Орон нутагт ажиллаж буй багууд сумын иргэдэд “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль”, “Монгол мал” хөтөлбөр, “Хөдөөг хоршоолох аян”, “Жишиг хоршоо” хөтөлбөр болон бусад хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээ, мэдээлэл хийхээс гадна сумдад үйл ажиллагаа явуулж буй хоршоодын үнэлгээ, судалгааг хийж, жишиг хоршоодыг бий болгохоор ажиллах юм. Энэхүү ажлыг зохион байгуулснаар хоршоодын нэгдсэн мэдээллийн санг бий болгож, хоршоодод үнэлгээ хийж, жишиг хоршооны шалгуур хангаж буй хоршоодыг тодорхойлох, хоршоо байхгүй сумдад жишиг хоршоодыг байгууулахад арга зүйн зөвлөлгөө өгөх ажээ.