Гишүүн Л.Гүндалай тайлбартаа “УИХ-ын Ёс зүйн дэд хороонд АТГ-аас тавдугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн албан бичигт дурдсан нэр бүхий компаниуд нь ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, орлого, ашиг олдоггүй, нэг ч удаа хувьцаа гаргаагүй, ногдол ашиг хуваарилаагүй, санхүү, татварын байгууллагад “Х” тайлан гаргаж өгсөөр ирсэн тул ерөнхийдөө “мартагдсан” компаниуд юм. УИХ-ын 2007 оны 09 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “ХОМ-ийн маягтыг бөглөх зааварчилгаа”-нд ийм компанийг мэдүүлэгт хэрхэх талаар тодорхой тусгаагүй болно.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 663 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дахь амины орон сууцны газар нь Төрийн өмч юм.
АТГ миний 2010, 2011 оны ХОМ-ийг цаг тухай бүрт нь хүлээж авсан атлаа зөрүүтэй мэдүүлсэн гэж УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөхөн 2012 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол ирүүлсэнд нэг талаар гайхаж байгаа боловч энэхүү тайлбарыг өгч байна” гэжээ.